Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

ЕХ-ны хар жагсаалтаас гарах тэмцэлд Панам улс Өмнөд Солонгостой хүчээ нийлүүлнэ гэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Мягмар гарагт Европын Холбоо татвараас зугтагчдын “диваажин” болох 17 орны хар жагсаалтыг зарласан билээ.

Уг жагсаалтад орсон Панам улс нэрээ цэвэрлэхийн тулд Өмнөд Солонгостой хүчээ нийлүүлэх сонирхолтой байгаагаа өчигдөр илэрхийлсэн байна.

Панам улс өнгөрсөн онд дэлхий дахинд дуулиан болсон “Panama Papers” офшор нууц бичиг баримтын улмаас нэр хүнд нь нэлээд сэвтсэн юм.

Панамын сангийн сайд Дулчидио Ла Гуардиа өчигдөр төв телевизийн сувгаар ярихдаа засгийн газар нь Европын удирдлагуудтай уулзаж, хар жагсаалтанд оруулсныг эсэргүүцсэн мэдэгдэл хийж байгаа тухай мэдээлжээ.

Тэд бас хар жагсаалтад оруулсныг эсэргүүцэж, адилхан байр суурьтай байгаа Өмнөд Солонгосын талтай хүч хавсрахаар төлөвлөж байгаа гэдгээ хэлсэн байна. Мөн Панамын гадаад хэргийн сайд Изабел Сэйнт Мало Испани болон Португалийн гадаад хэргийн сайд, дэд сайд нартай энэ асуудлаар уулзсан тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

Испани, Португалийн талууд Панамыг жагсаалтаас гарахад туслахаа албан бус байдлаар амласан тухай мэдээлжээ.

Панамын бичиг баримт тарсны дараа тус улс 2016 оны есдүгээр сард татвараас зайлсхийгчидтэй тэмцэх олон алхам бүхий хуулийг баталсан юм байна. Тиймээс Европын Холбооны шийдвэрийг тэд хамгийн ширүүн эсэргүүцэж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP