Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Титмээ хураалгасан Туркийн мисс хоёр өгүүлбэр бичсэнийхээ төлөө нэг жил хоригдож болзошгүй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Энэ жилийн Туркийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний ялагч, 18 настай Итир Эсен твиттер хуудсанд бичсэн хоёр өгүүлбэрийнхээ төлөө титмээ хураалгаж, Дэлхийн Мисс шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөх боломжоо алдсан юм.

Тэгвэл Туркийн прокурорууд түүнд нэг жил хорих ял төлөвлөжээ.

Тэрээр 2016 оны долдугаар сарын 15-ны төрийн эргэлтийн нэг жилийн ойд зориулж, энэ үйл явдлын үеэр амиа алдсан 249 хүний урссан цусыг өөрийн сарын тэмдэгтэй зүйрлэж бичсэн байв.

“Долдугаар сарын 15-ны эх орончдын өдрийг тохиолдуулж, өнөөдөр өглөө миний сарын тэмдэг ирлээ. Эх орончдын урсгасан цусыг би өөрийн цусаар төлөөлүүлж байна” гэж тэр бичиж байжээ.

Түүний хийсэн энэ мэдэгдэл Туркийн олон нийтийг нийгмийн давхарга, шашин шүтлэг, хүйс, угсаа гарлаар нь ялган доромжилсон агуулгатай гэж үзсэн прокурорууд нэг жил хорих ял төлөвлөснийг өчигдөр тус улсын Доган агентлаг мэдээлсэн байна.

Одоо Истанбул хотын шүүх 15 хоногийн дотор уг ялыг дэмжих эсэхээ шийдэх юм. Есдүгээр сард Эсенийг Туркийн мисс болсны дараа уг мэдэгдэл нь ил болж, титмээ дэд байранд орсон Асли Суменд шилжүүлсэн байна. Сумен өнгөрсөн сард Хятадад болсон Дэлхийн Миссийн тэмцээнд Туркийг төлөөлж оролцсон юм.

Эсен твиттер хуудсандаа бичсэн өгүүлбэрийг ямар нэг улс төрийн агуулгагүй, санамсаргүй үйлдэл байснаа тайлбарласан ч тус болоогүй байна.

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганыг 2014 онд ерөнхийлөгчийн суудалд дахин сууснаас хойш тус улсад сошиал сүлжээг хянах цагдах нь хүчтэй болоод байгаа. Өмнө нь Туркийн Миссийн титмийг зүүж байсан Мерве Буюксаракийг 2015 онд Эрдоганыг сошиал сүлжээнд доромжилсон гэж үзэн мөн яллаж байв.

Гэхдээ түүний 14 сар хорих ялыг таван жилийн дотор дахин ийм зөрчил гаргахгүй байх нөхцөлтэйгээр цуцалсан юм.

 

Эх сурвалж: AFP