Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлийн 2018 оны төсөвт 800 тэрбум 356 сая төгрөгийн орлого төвлөрүүлнэ"

ikon.mn
2017 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ээлжит бус хоёрдугаар хуралдаан хоёр дахь өдрөө Хангарьд ордонд үргэлжилж байна. Өнөө өглөө эхэлсэн уг хурлаар  Нийслэлийн  2018 оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг цогцоор нь хэлэлцэж эхэллээ.

Улаанбаатар хотын 2018 оны төсөвт 800 тэрбум 356 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл, хотын шуудын төсөвт 630.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын  78.8 хувийг бүрдүүлэхээр,  дүүргүүдийн төсөвт 169.7 тэрбум төгрөгийн орлого  төвлөрч,  нийслэлийн төсвийн орлогын 21.2 хувийг  тус тус бүрдүүлэхээр байна.  Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын  90.1 хувь буюу 721.5 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх  9.9 хувь буюу 78.9 тэрбум  төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна.

Хотын шуудын урсгал зардлын  31.3 хувь  буюу 107.1 тэрбум төгрөгийг нийгмийн халамжийн сангийн зардалд, 27.7 хувь буюу 94.8 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн хэрэгслээр  үнэ төлбөргүй зорчих зардалд болон машин цагийн зардалд, 11.7 хувийг эзлэх  40.2 тэрбум  төгрөгийг хот тохижуулах зардалд, 1.5 хувь буюу 5.2 тэрбум төгрөгийг  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд, 4.7 хувь буюу 15.9 тэрбум төгрөгийг “Бичил зээл” “ Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх” сан”-гийн зардалд  тусгасан байна. Дээрх  зардлуудыг төсөвт тооцон тусгаснаар  хотын шуудын урсгал зардлын нийт дүн  342.2 тэрбум төгрөг болж байгаа юм.

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд хуваарилж байгаа шилжүүлгийн орлого 16.3 тэрбум төгрөгөөр батлагдсан нь  2017 онтой харьцуулахад  4.4 тэрбум  төгрөгөөр  нэмэгдсэн дүнтэй байна. 

Улсын тусгай шилжүүлгээр санхүүжих Улаанбаатар хотын боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хөгжил, хамгаалал, газрын харилцааны салбарын санхүүжилтийг  2017 оноос  35.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 354.5 тэрбум төгрөг байхаар, төсөвт байгууллагын өөрийн орлогыг 9.7 тэрбум төгрөгөөр, нийт 364.2 тэрбум төгрөгөөр тус тус  баталсан байна.

2018 онд:

  • Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 111 тэрбум  585 сая төгрөгийн,
  • нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 36 тэрбум 862 сая төгрөгийн,
  • орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 11 тэрбум 471.3 сая төгрөгийн, нийт 159 тэрбум 919 сая төгрөгийн  хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. 

Мөн нийслэлийн төсвийн суурь орлогыг  660.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг  323.2 тэрбум төгрөг,  Төсвийн тухай хуулийн  56 дугаар  зүйлийн  2.2 т дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн тэнцлийн ашгийн  60 хувь болох  208.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан  төвлөрүүлнэ хэмээн Улаанбаатар хотын  2018 оны төсвийн төслийг  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд танилцууллаа. 

Хот байгуулалт, нийгмийн салбар, авто зам, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдолыг бууруулах, хот нийтийн аж ахуйн салбарт  нилээд ажил хийхээр төсөвлөж, төлөвлөсөнөө танилцууллаа. Гэр хороололын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлж,   бичил цэцэрлэг байгуулах, жижиг гудамж хийх,  эмнэлгүүдийн гадна зам талбайн тохижилтыг ажлуудыг ч хийнэ гэдгээ хэллээ. 

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах талаар иргэд саналаа өгчээ

Төсөв хийх явцдаа Нийслэлийн засаг даргын тамгын газар  иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, санал хүсэлт авчээ.

2018 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр  санал асуулгын хуудсаар давхардсан тоогоор   мянга гаруй иргэн санал өгсөн.  Орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгийг дараахь ажилд зарцуулахыг  нийслэлийн иргэд хүсчээ.

 Үүнд,

  1. Гэр хороололын дахин төлөвлөлт
  2. Нийтийн эзэмшлийн зам , талбайн тохижилт
  3. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
  4. Авто зам барих, засварлах
  5. Гэр хороололын айл өрхийн цахилгаан хангамж
  6. Нийтийн тээвэр
  7. Орон сууцны дээвэр, цахилгаан шатны засвар
  8. Үерийн хамгаалалтын барилга
  9. Сургууль, цэцэрлэгийн барилга
  10. Тоглоомын талбай
  11. Үерийн хамгаалалтын далан
  12. Ус түгээх байр
  13. Гэрэлтүүлэг, камержуулалтт
  14. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын дахин төлөвлөлт

Эмнэлгийн хүртээмжийн талаар их санал өгсөн байна. Нээлттэй хэлэлцүүлгийн үед иргэдээс хамгийн олон санал авсан төсөл, арга хэмжээг нийслэлийн төсөв, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтөд тусгажээ.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс