Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

3,500 сурагчийнхаа эрхийг хамгаалж, орон сууц барихыг зөвшөөрөхгүй

Б.Энхмарт, Үндэсний шуудан
2017 оны 11 сарын 28
Үндэсний шуудан
Зураг зураг

“Нийслэлийн тэргүүний 33 дугаар сургуулийн газрыг орон сууцын барилгын зориулалтаар зарах гэж байна” гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдийн нэгэн дуулиан байсан. Тиймээс дээрх мэдээллийн мөрөөр 33 дугаар сургуулийг зорилоо. Баянзүрх дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн тэргүүний 33 дугаар сургуулийн хашаанд орвол сургуулийн барилгын баруун хойд талын харалдаа, 40 орчим метр зайтай газарт цэнхэр төмөр хашаа татаж хэсэг газрыг тусгаарлажээ.

Онцлог нь тус газар сургуулийн тэгшилж, хашаалсан газраас тусдаа, өндөрлөгт байрлах аж. Уг газартай залгаад таван давхар оффисын зориулалттай барилга, III хорооны Засаг даргын байр, Өрхийн эмнэлэг, Цагдаагийн хэлтэс бүхий барилгууд баригджээ.

Н.ЦЭНД: СУРГУУЛИЙН БҮСЭД ОРОН СУУЦЫН БАРИЛГА БАРИХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА

33 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан Н.Цэндтэй уулзаж, дээрх газартай холбоотой асуудлаар тодруулга авлаа. 

-Сайн байна уу. Өнгөрсөн долоо хоногт танай сургуулийн газрыг барилгын зориулалтаар зарах гэж байгаа тухай мэдээлэл олон нийтэд цацагдсан. Сургуулийн баруун хойно тусгаарлаад байгаа газар танай сургуулийн газар биш үү?

-Манай сургуулийн газар бол биш. Гэхдээ сургуулийн биеийн тамирын заалны чанх хойд талд, 50 метр хүрэхгүй зайд орон сууц бариулахыг бид зөвшөөрөхгүй. Барилгын тухай хуулиндаа сургууль, цэцэрлэгийн бүсэд 50 метрээс дотогш зайд орон сууцын болоод бүх төрлийн үйлчилгээний барилга, тэр дундаа гурваас дээш давхартай барилга барихыг хориглодог юм билээ. 

Газрын эзэд зургаан давхар орон сууцын зориулалтаар барилга барьж болно гэж байгаа юм билээ. Гэтэл барьж дууссаныхаа дараа баар, цэнгээний газар эсвэл зочид буудал, бусад үйлчилгээний газар болгохыг хэн байг гэх вэ. Тэгэхээр бид сурагчдаа бодож энд гурваас дээш давхар барилга барихыг эсэргүүцнэ. Харин хүүхэд, залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх талбай, зориулалтын барилга барина гэвэл зөвшөөрнө. Сагс, хөл бөмбөгийн талбай байж яагаад болохгүй гэж. 

-Танай сургууль хэчнээн сурагчтай вэ?

-Өнөөдрийн байдлаар 3,478 сурагч суралцаж байна. 

-Газар нь танай мэдлийнх биш болохоор эзэд нь өөрсдийнхөө газарт юу барихаа мэднэ гэвэл бас яаж ч чадахгүй болж мэдэхээр л юм байна.

-Хамгийн чухал нэг зүйл нь энэ газарт ямар нэг үйл ажиллагаа явуулахын тулд, барилга барихын тулд заавал манай сургуулийн хашаагаар, талбайгаар барилгын материал, бусад зүйлээ зөөхөөс өөр аргагүй. Учир нь цаад талаараа битүү юм. Тийм учраас бид барилга барихыг нь зөвшөөрөхгүй. Хамгийн гол нь сурагчдынхаа аюулгүй байдал, эрүүл орчинг бодож байна. 

-Барилга барих үед осол гарч магад гэж үү?

-Нэгдүгээр ноцтой асуудал бол барилга барих үеийн осол, аваар. Дараагийнх нь дунд сургуулийн орчинд үйлчилгээний болоод бусад зориулалтын газар үйл ажиллагаа явуулах нь хүүхэд багачуудыг айлгаж ичээх, буруу зүйлд уруу татах гэх мэт асуудал ихээр гаргах эрсдэлтэй. 

-Барилга бариулахгүй гэх талаараа шийдвэр гаргах түвшнийхэнд ямар нэг хүсэлт гаргасан уу?

-Боловсролын яам, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт энэ асуудлаар манай сургуулийн захиргаанаас хүсэлт, бичиг өгөхөөр ажиллаж байна. Мөн нийслэлийн Боловсролын газраас яг энэ асуудлаар манай захирлыг дуудаад сая явлаа. Ирэхдээ сургуулийн газрын кадастр бусад баримт бичгээ авчраарай гэсэн байсан. Тэгэхээр энэ асуудлыг нягталж, үнэн зөв шийдвэр гаргахаар удирдах байгууллагууд ажиллаж эхэлсэн гэсэн үг. 

-Хэрвээ орон сууцын барилга баригдахаар бол яах вэ?

-Сургуулийн нийт ажилчид болоод сурагчид, эцэг эхтэйгээ хамтран хатуу тэмцэнэ. Сургуулийн барилгатай залгаа шахуу ийм барилга байгууламж барих нь сурагчдад аюултайгаас гадна хууль зөрчиж байгаа асуудал” гэлээ. 

 

Н.Энхтүвшин: Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай, албан ёсны гэрчилгээтэй газар  “Хотын төвд Сансар үйлчилгээний төвийн урд, 33 дугаар сургуулийн яг ард, 500 мкв хашаатай гэрчилгээ дээр 140 мкв нийслэлийн захирамжтай батлагдсан дөрвөн давхар зурагтай, бүх техникийн нөхцөл нь гарсан барилга барихад бэлэн газар худалдана. Төлбөрийн нөхцөлд машин, байр оролцуулж болно. Үнэ 280 сая төгрөг” хэмээх зарыг олон нийтийн сүлжээнд тавьсан Н.Энхтүвшинтэй утсаар холбогдлоо. 

-33 дугаар сургуулийн барилгын баруун хойд талд байх газрыг зарна гэсэн үү. Сургуулийн барилгатай бараг залгаа шахуу юм байна. Энэ газар ямар зориулалтаар хэдэн онд, хэн гэж хүний нэр дээр гарсан газар юм бол?

-2015 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар 140 мкв газартай, зургаан давхар орон сууц барих зориулалттай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээтэй, албан ёсны өмчлөл бүхий газар. Сошиалаар сургуулийн газрыг зарах гэж байна гэх ташаа мэдээлэл яваад байгаа. Тийм зүйл огт биш. Сургуулийн газраас далангаар тусгаарлагдсан өндөрлөг газарт энэ газар маань байрладаг. 

-Байрлалыг нь харахад танай газарт барилга барихад хүндрэлтэй юм шиг байна. Барилгын материал, том оврын машин, техник хэрэгслээ оруулах, зогсоох газар байхгүй. 33 дугаар сургуулийн талбайгаар л дамжихаар харагдаад байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Энэ бол хувийн өмч. Бид зүгээр л хувийн өмчөө зарахаар зар тавьсан. Барилга барих газар нь үүнийгээ зохицуулаад шийдэх байх.  

“ХӨГЖМИЙН ТӨВ” БАРИХ ЗОРИУЛАЛТ ОРОН СУУЦЫНХ БОЛСОН НЬ

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар тус газрын эзэмших зөвшөөрөл нь 2015 оны долоодугаар сарын 6-нд Нийслэлийн Засаг даргын А595 тоот захирамжаар гарсан байна. Ингэхдээ тус зөвшөөрлийг “Хөгжмийн төв” барих зориулалтаар олгосон байдаг юм байна. Гэвч өдгөө уг зориулалт гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай болчхоод байгаа аж.

Иймд уг зориулалтыг хэзээ, хэрхэн өөрчилсөн талаар сургуулийн удирдлагууд тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Үүнээс гадна уг газрын зөвшөөрлийг өдгөөгөөс хоёр жил таван сарын өмнө авсан. Газар өмчлөлийн тухай хуульд шинээр авсан газраа зориулалтаар нь хоёр жилийн хугацаанд ашиглаагүй бол улс мэдэлдээ буцаан авахаар заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, дээрх газрыг эзэмших зөвшөөрөл авснаас 2.5 жилийн хугацаанд ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, байшин барилга бариагүй учраас уг газар нь улсын мэдэлд очих бүрэн боломжтой гэсэн үг. Энэ талаар Нийслэлийн газрын албаны холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Эзэмших гэрчилгээ авснаас хоёр жилийн хугацаанд ашиглаагүй газрыг улсын мэдэлд буцааж шилжүүлдэг журамтай. 33 дугаар сургуулийн дэргэдэх тухайн газрыг судалж, улсын мэдэлд авах тухай холбогдох бичиг, баримтыг бэлтгэж байна” гэсэн юм.

Зураг