Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрчим хүчний хэмнэлттэй загвар байшин" төсөл хэрэгжлээ

ikon.mn
2017 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтын санаачилгаар 2016 оноос хэрэгжиж буй нэгэн хөтөлбөр бол LEAD Mongolia юм.

Манай улсад ардчиллыг бэхжүүлэх залуу манлайлагчдыг бэлтгэх зорилготой уг хөтөлбөрийн үндсэн гурван сэдвийн нэг болох "Байгаль орчин, хотжилт" сэдвийн дор нэгдсэн баг агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн "Эрчим хүчний хэмнэлттэй загвар байшин" төслөө амжилттай хэрэгжүүлээд байна. Төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүд агаарын бохирдлыг бууруулахад ямар арга хэмжээ авч, хувь нэмрээ оруулах боломжтой талаар мэдээлэл өгөхийг зорьжээ. 

Төслийн эхний үе шатанд агаарын бохирдол өндөртэй Баянхошуу орчмын 100 өрхийг хамруулан сэдэвчилсэн сургалтууд зохион байгуулсан бөгөөд агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологи, нарны хавтанг ашиглан эрчим хүч, дулааны асуудлыг шийдэх, барилгын дулаалгын тооцоолол хэрхэн хийх болоод санхүүжилтын асуудлыг шийдэх боломжуудын талаар сургалтад хамрагдагсдад мэдлэг, мэдээлэл олгосон юм. Төслийн хоёр дахь үе шат буюу эрчим хүчний хэмнэлттэй загвар байр бий болгох зорилгын хүрээнд төслийн багийнхан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "Шинэлэг" хүүхдийн өдөр өнжүүлэх төвийн байрыг дулаалсан байна. 

Агаарын бохирдолд хамгийн ихээр өртөж, эрүүл мэндээрээ хохирч буй хүүхэд багачуудад чиглэсэн энэхүү төсөл дээр нийгмийн хариуцлагаараа тэргүүлэгч "Вагнер Ази" ХХК, "Нью Жуулчин Турс" ХХК компаниуд нэгдсэн юм. "Вагнер Ази Групп" компани нийгмийн хариуцлагынхаа энэ жилийн зорилтын хүрээнд агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Сан-тай хамтран Баянзүрх дүүргийн агаарын бохирдол ихтэй орчинд байрлах 3 цэцэрлэгийн бүх ангид агаар шүүгч суурилуулахын зэрэгцээ МАСК төсөлтэй хамтран ажилласан байна. Тус компанийн Нийгмийн хариуцлагын хорооны тэргүүн Б.Хуншагай хэлэхдээ "Агаарын бохирдлын хор уршиг хамгийн түрүүнд хүүхдүүдэд маш муу нөлөөтэй байдаг. Ялангуяа сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн уушги бүрэн хөгжөөгүй байдаг тул агаарын бохирдлоос шалтгаалан насан туршдаа уушгины асуудалтай, цаашлаад зүрх судасны өвчтэй болох магадлал өндөр юм. Тиймээс бид хамгийн түрүүнд хүүхдүүдэд анхаарч, хамгаалах арга хэмжээ авах нь чухал" гэж байлаа.

Монголын хүүхдийн эрхийн төв ТББ-ийн дэргэдэх "Шинэлэг" хүүхдийн халамжийн өдөр өнжүүлэх төв 2002 онд Япон улсын хөрөнгө оруулалттай байгуулагдсан бөгөөд хотын алслагдсан дүүргийн хагас, бүтэн өнчин болон өрх толгойлсон эцэг эх, ядуу өрхийн хүүхдүүдэд өдрөөр үйлчилгээ үзүүлдэг ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Мөн сургууль завсардах эрсдэлтэй болон хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдийг хамруулж, сургуульд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэхийг зорин ажилладаг байна. Өдөрт 25 хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг уг төв ятга, төгөлдөр хуур, дуу, бүжгийн хичээл заан урлагийн боловсролоор дамжуулж хүүхдүүдийг нийгэмшүүлэхэд хувь нэмрээ оруулдаг ажээ.

Анх байгуулагдсан цагаас хойш томоохон засвар үйлчилгээ хийгдээгүй уг "Шинэлэг" төвийн байр өвөлдөө их хүйтэн, ялангуяа сүүлийн гурван жил өдөртөө хасах хэмийн хүйтэн байх тохиолдол ч байсан байна. Нүүрсний өндөр хэрэглээний зэрэгцээ галч ажиллуулах нь зардал өндөртэй байсан тул өрөөнүүдээ хувааж зарим өрөөгөө цахилгаан халаагуураар халааж эхэлсэн ч байшин нь дулаан алдагдал ихтэй байсан тул хангалттай дулаацуулж чаддаггүй байв. Тус төвийн барилгын дулаалгыг сайжруулахаар хийгдэж буй анхны алхам нь энэхүү LEAD Mongolia хөтөлбөрийн төсөл болж байна хэмээн "Шинэлэг" төвийн зохион байгуулагч С.Бүрэнмэнд хэлж байв. "Мөрөөдөл биелэх шиг л болж байна. Цаанаа л нэг дулаахан болоод явчих шиг санагдсан. Хүүхдүүд маань ч гэсэн дулаахан байгаад баярлаж, энэ өвөл бүгдээрээ дулаан өвөлжих нь ээ гэцгээж байна" хэмээн тэрээр  дулаалга хийсэн өдрийн маргааш нь хэлж байлаа. 

Төслийн багийнхныг "Шинэлэг" төвийн байранд анх очиж танилцахад хана болон дээврээсээ дулаан алдагдал маш их байсан бөгөөд нар бага тусдаг хана болон цаасан хайрцгаар дулаалсан дээврийн хэсгийг нэн түрүүнд дулаалах, солих хэрэгцээ шаардлага байна хэмээн тодорхойлжээ. Төслийн хүрээнд ханын хэсэгт дулаалгын EPS хөөсөнцөр, дулаан тусгаарлагч, дээврийн хэсэгт Мон Базальт ХХК-ийн чулуун хөвөн ашигласан байна. Төслийн удирдагч, LEAD-Mongolia 2016 хөтөлбөрийн оролцогч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон Барилга, Хот Байгуулалтын Яамны хамтран хэрэгжүүлж буй “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийн ахлах зөвлөх Л.Баярмаагийн хэлсэнээр энэхүү эрчим хүчний хэмнэлттэй загвар байр бий болгох төсөл нь "Барилгыг халаахад зарцуулж буй цахилгааны хэрэглээг бууруулснаар нүүрс түлэлт болон агаарын бохирдлыг багасгахад дам байдлаар нөлөөлөх, барилгын дулаан алдагдал багассанаар хүүхдийн өвчлөх эрсдэл буурах болон эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлснээр сар бүрийн ашиглалтын зардлыг хэмнэх" зэрэг ач холбогдолтой аж.

Түүний хэлж буйгаар цахилгаанаар барилгаа халаадаг, зууханд нүүрс түлдэггүй л бол агаар бохирдуулдаггүй гэсэн өрөөсгөл ойлголт олон нийтэд байдаг ч цахилгаанаар халаадаг барилгууд бүгд дулааны станцын нүүрс шатааж гаргасан эрчим хүчийг ашигладаг тул агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, үр ашигтай хэрэглэх ойлголтыг олон нийтэд бий болгох зайлшгүй хэрэгцээ байгааг онцолж байсан юм. 

"Нью Жуулчин Турс" ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Нэргүй тус төслийг дэмжин хамтран ажиллах болсон талаараа "Өнгөрсөн жил "Шинэлэг" төвөөс нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй байгаа асуудал халаалтын асуудал байна гэдгээ илэрхийлж байсан. Харин энэ асуудлыг нь шийдэх гайхалтай төслийг Монголын залуу манлайлагчид гүйцэтгэх гэж байгааг мэдээд  дэмжихийг хүссэн юм.

Хүүхдүүдийг баярлуулахад хариу болж ирдэг хүүхдийн тэр инээмсэглэл, баяр хөөр бидэнд үргэлж урам, сэтгэл ханамж өгч байдаг учир бид хүүхдэд чиглэсэн төслийг дэмжсээр ирсэн" гэлээ. Тус компанийн хувьд “Шинэлэг” төвийг үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас нь хойш байнгын харилцаа холбоотой байж, тоног төхөөрөмжөөс эхлээд хэрэгцээтэй зүйлсээр тусалж, дэмжиж ирсэн бөгөөд хүүхдүүдэд чиглэсэн өөр олон арга хэмжээ санаачлан хэрэгжүүлж байжээ.

Далайд дусал нэмэр гэдэг шиг хотын агаарын бохирдлыг бууруулахад өрх гэрүүдийн хувь нэмэр онцгой ач холбогдолтой юм. Байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулах замаар нүүрсний хэрэглээг багасгаж, эрчим хүчийг үр ашигтай хэрэглэснээр амьсгалж буй агаараа цэвэр байлгах боломж бидэнд бий. Төслийн багийн гишүүн, LEAD-Mongolia 2016 хөтөлбөрийн оролцогч, АШУҮИС, НЭМС, Орчны эрүүл мэндийн тэнхимийн багш Л.Дэлгэрзулын хэлж буйгаар агаарын бохирдол нь хүүхдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг бөгөөд өвлийн улиралд хүүхдийн өвчлөлийн үндсэн гол шалтгаануудын нэг болдог байна. Эрүүл амьдралын үндэс болсон цэвэр агаараа бид худалдан авч чадахгүй ч амьдарч буй орчноо цэвэр агаартай байлгахад хувь нэмрээ оруулах боломжтой юм шүү гэдгийг LEAD Mongolia хөтөлбөрийн "Байгаль орчин, хотжилт" багийнхан олон нийтэд хүргэхийг хүслээ.

 

Эх сурвалж: LEAD Mongolia төслийн баг