Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

У.Сарантуяа: Хямд үнэтэй тоглоомууд ихэвчлэн химийн бодистой байдаг

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 11 сарын 16
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас зохион байгуулж буй “Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд хүүхдийн тоглоом импортлогч, худалдаалагч, хэрэглэгчид, аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтад тоглоом импортлогч 15 иргэд, аж ахуйн нэгж, 25 цэцэрлэгийн эрхлэгч нар оролцож хүүхдийн тоглоом импортлох үеийн хяналт шалгалт, тоглоомын эрүүл ахуйн шаардлагын талаар мэдээлэл авлаа.

МХЕГ-аас гуравдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл Замын-Үүд, Алтанбулаг, Буянт-Ухаа, Хавирга боомт, Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн 39 аж ахуйн нэгж, 17 иргэний 10 улсаас импортолсон 18,951 ширхэг хүүхдийн тоглоомд хяналт шалгалт хийсэн байна.

Түүнчлэн хяналт шинжилгээнд Улаанбаатар хот, 14 аймгийн нийт 129 хүүхдийн цэцэрлэгүүдэд хэрэглэгдэж буй тоглоомуудыг хамруулжээ.

Тандалтанд хамрагдсан импортын болон цэцэрлэгүүдэд хэрэглэгдэж байгаа хүүхдийн тоглоомуудаас 92 удаа дээж авч шинжлүүлэхэд физик, хими, хүнд металлын шинжилгээний үзүүлэлтүүд нь стандартын шаардлагыг хангаж байгаа гэж гарсан байна. Гэхдээ зарим хилийн боомтоор хувь хүний хэрэглээ гэх нэрээр БНХАУ-д үйлдвэрлэсэн гарал үүсэл нь тодорхойгүй, баримт бичгийн зөрчилтэй тоглоом импортолж, худалдаалах эрсдэл байсаар байгаа талаар хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд ярьж байлаа.

"Тоглоом худалдаж авахдаа үнэ, үнэр, бичиг баримтыг нь шалгах хэрэгтэй"
 
Гэрэл зургийг mpa.mn

Замын-Үүд боомтын эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч У.Сарантуяа "Тоглоом импортолдог иргэд, бизнес эрхлэгч нар болон эцэг эхчүүд тоглоом худалдаж авахдаа тоглоомны бичиг баримтыг шалгах, үнийг нь судлах, үнэрлэж үзэж байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Учир нь үнэртэй тоглоом хүүхдийн сэтгэхүйд нөлөөлдөг. Хямд үнэтэй тоглоомууд ихэвчлэн химийн бодистой байдаг. Харин бичиг баримтгүй, хаяг шошгогүй, гарал үүсэл нь тодорхойгүй тоглоомыг худалдаж авахгүй байх нь зүйтэй. 

Замын-Үүдийн боомтоор стандартын шаардлагыг хангаагүй тоглоомуудыг оруулж ирсэн байдаг. Саяхан есдүгээр сарын 2-нд "Чихэртэй тоглоом"-ыг Замын-Үүдийн боомтоос хураасан. Энэ тоглоом нь дотроо өнгө өнгийн зориулалтын бус будагч бодистой, ямар ч хаяг шошгогүй байгаа юм. 

Мөн үрлэн сумтай буугаар тоглохдоо хүүхэд сумыг нь залгих, идэх эрсдэлтэй байдаг учраас Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон байдаг. Гэхдээ зарагдаж байгаа тохиолдлууд илэрдэг учраас эцэг эхчүүд хүүхдэдээ үрлэн сумтай буу авч өгөхгүй байхыг анхааруулж байна" гэв.

"БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, бичиг баримтгүй тоглоомууд Монголд орж ирж байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Химийн ухааны доктор, дэд профессор С.Өнөрсайхан "Хүүхдийн тоглоом гэдэг нь хүүхдийн хөдөлмөрийн багаж хэрэгсэл юм. Эцэг эхчүүд зүгээр л тоглуулж байна гэж үздэг боловч тоглоом нь хүүхдийн сэтгэн бодох чадвар, дур сонирхолд нөлөөлж байдаг. 

Бид зах болон супермаркетуудаар худалдаалагдаж буй тоглоомуудад ямар химийн найрлага, бодис агуулагдаж байгаа талаар судалгаа хийсэн. Судалгаагаар тоглоомуудын химийн найрлага MNS8024 стандартад заагдсан шилжилтийн хэмжээнээс өндөр гарч байгаа. 

Энэ нь Монгол Улсад БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, бичиг баримтгүй тоглоомууд орж ирдэг болохыг харуулж байгаа юм.

Эдгээр тоглоомуудад хар тугалга орсон байна. Хар тугалга нь будагч бодисын найрлагад ордог. Энэ бодис хүүхэд тоглоомыг амандаа хийх үед биед шилжиж орж, сэтгэн бодох чадвар, IQ-д нөлөөлдөг. Тийм учраас улс орнууд хүүхдийн тоглоомны хар тугалганы хэмжээн дээр маш хатуу хяналттайгаар явдаг.

Мөн судалгаагаар хүүхдийн тоглоомоос хром илэрсэн. Хром нь тоглоомонд гялалзсан гоё өнгө өгдөг. Энэ нь хавдар үүсгэгч бодисд тооцогддог. 

Гурваас дээш насны хүүхдүүдийн хуванцар тоглоомоос формальдегид бодис илэрсэн. Энэ бодис нь мөн л хавдар үүсгэдэг гэж олон улсын судалгаагаар тогтоогдсон байдаг.

Тиймээс тоглоомны хяналт шалгалтыг чангатгах арга хэмжээг авч байгаа" гэлээ.

Цаашид:

  1. Тоглоомонд агуулагдах химийн бодисын зөвшөөрөгдөх хэмжээний хэмжих нэгжүүд харилцан адилгүй байгаа тул нэгж, нэршлийг нэг болгох, стандарт, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах;
  2. Үндэсний болон орон нутгийн лабораториудын хүүхдийн тоглоомонд хийх лабораторийн чадамжийг /ялангуяа зарим хүнд металл, зөвшөөрөгдөх химийн нэгдлүүдийг илрүүлэх / дээшлүүлэх,
  3. Импортоор орж ирж буй тоглоомыг хилийн боомт, гүний терминалиар нэвтрүүлэх үед тавих хяналтыг сайжруулах зорилгоор олон улсын сүлжээгээр /RAPIX гэх мэт/ сэрэмжлүүлж, хориглосон тоглоомуудыг хилээр нэвтрүүлэхгүй байх зөвлөмж, чиглэлийг иргэд , аж ахуйн нэгжид өгч байх,
  4. Тоглоомын чанар, эрүүл ахуй, шошгын талаар иргэд, хүүхдүүдэд мэдэгдэхүүн өгөх, тоглоомонд агуулагдах хүнд металл, бусад химийн бодисын нөлөөллийн талаар мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол хийж байх;
  5. Хилээр нэвтрүүлж буй хүүхдийн тоглоомын дагалдах баримт бичгийн бүрдэлд тавих хяналтыг чангатгаж, тухайн улсын экспортын гэрчилгээтэй, олон улсын тэмдэг тэмдэглэгээтэй, биет үзлэгээр шаардлага хангасан тоглоомыг нэвтрүүлэх шаардлагатай байна гэж МХЕГ-аас зөвлөлөө.