Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Гар утаснаасаа холдож, мод тарьдаг аппликэшн

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Ухаалаг гар утасаа хэдэн минут тутамд нээж хардаг зуршил хүмүүсийн дунд түгээмэл болоод байгаа. Тэгвэл үүнийг арилгахад зориулагдсан гар утасны аппликэшн тун амжилттай тархаж байна.

Хятадын Шаокан Пи компанийн бүтээсэн Forest нэртэй аппликэшнийг ашиглан хүмүүс тохируулсан хугацаанд утсаа оролдохгүй тэвчиж чадсанаар виртуал ой моддыг утсан дээрээ ургуулж болдог юм.

Тохируулсан хугацаанд утаснаасаа татгалзаж чадах бүрт мод нь сайн ургаж, дүрмээ зөрчих бүрт эргээд мууддаг. Ингэж ургуулсаар өөрийн ойтой болно.

 

Бас ингэх бүрт хүмүүс виртуал мөнгө цуглуулах боломжтой. Ингэж цуглуулсан виртуал мөнгө нь тодорхой хэмжээнд хүрмэгц жинхэнэ мод болж Африкт суулгагддаг байна. Forest аппликэшнийг бүтээгчид АНУ-ын Мэрилэнд мужийн Trees for the Future ашгийн бус байгууллагатай хамтран ажилладаг.

Тус байгууллага Сенегал, Камерун, Кени, Танзани, Уганда гэсэн Африкийн таван оронд цөлжилтийн эсрэг мод суулгадаг гэр бүлүүдийг сургаж, санхүүжүүлдэг юм. Өөрөөр хэлбэл хүмүүсийн утсан дээрээ мод тарьж, цуглуулсан виртуал мөнгөний хэмжээгээр ивээн тэтгэгчдээс санхүүжилт олж Африкт бодит моддыг суулгадаг ажээ.

Trees for the Future байгууллага 2018 онд нийт 3,200 Африк гэр бүлийг мод тарих үйл ажиллагаанд сургаж, ажлыг нь санхүүжүүлэх гэнэ.

Forest аппликэшн анх 2014 онд Хятадад гарсан байна. Үүнээс хоёр жилийн дараа АНУ зэрэг бусад улсуудын зах зээлд нэвтэрчээ. Хүмүүсийн гар утастай холбоотой буруу зуршлыг арилгангаа байгаль орчныг хамгаалах бодит үйлсэд тус дэм болж байгаа нь сонирхолтой шийдэл болж, дэлхийн олон оронд өргөн тархаад байгаа юм.

Forest аппликэшн Apple AppStore-ийн 85 орны дэлгүүрт Productivity Apps ангилалын топ 5-д багтаад байгааг Sensor Tower судалгааны байгууллага мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Quartz