Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгох асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав.

Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хэлэлцээд санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлсэн юм.

Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг УИХ-ын бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос гаргасан санал, дүгнэлт болон УИХ-ын гишүүд, аж ахуйн нэгж байгууллагуудаас албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг судлан үзэж, зарчмын зөрүүтэй санал боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.

Тус ажлын хэсгээс гаргасан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрт улсын төсвөөс нэмж олгох 72.6 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцаас хасч, 2017 оны төсвийн орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохтой холбоотойгоор урсгал зардлыг 55.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт өөрчлөлт оруулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.

Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар батлагдаагүй боловч төсвийн тодотголын төсөлд шинээр нэмэгдсэн 16.4 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 11 төсөл, арга хэмжээг хөрөнгө оруулалтын жагсаалтаас, аудитын дүгнэлт гараагүй 32.6 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй дөрвөн төсөл, арга хэмжээний жагсаалтаас тус тус хасаж, Үндэсний аудитын газрын дүгнэлтийн дагуу хоёр төсөл, арга хэмжээний 2017 онд санхүүжих дүнг 1.2 сая төгрөгөөр бууруулах саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжжээ.

Ингээд Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн болон дэмжигдээгүй санал тус бүрээр санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.