Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппиний ерөнхийлөгч Оросоос илгээсэн Калашниковыг өөрөө шалгаж хүлээн авчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

ОХУ-аас нийлүүлж байгаа олон мянган автомат буу, ачааны машин зэргийг Филиппиний ерөнхийлөгч өөрийн биеэр хүлээж авах ажиллагаа өнөөдөр болжээ.

Манила хотод зангуугаа буулгасан ОХУ-ын байлдааны хөлөг онгоцонд зочилсон Родриго Дутертэ автомат буунуудын дээжээс үзэж сонирхсон байна. Оросын “Адмирал Пантелеев” нэртэй шумбагч эсэргүүцэгч байлдааны хөлөг 5,000 Калашников автомат буу, сумнууд, 20 ачааны машиныг Филиппиний зэвсэгт хүчний хэрэгцээнд зориулж хүргэсэн ажээ.

 

ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу зэвсэг техник хүлээлгэн өгөх ажиллагаанд оролцож, Филиппинийг “Ази Номхон Далай, Зүүн Өмнөд Азийн бүс нутаг дахь Оросын чухал түнш” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Сүүлийн 70 орчим жилийн турш Филиппин нь АНУ-ын энэ бүс нутаг дахь цэргийн гол холбоотон байсан юм. Гэвч Дутертэ ерөнхийлөгч болсноор энэ уламжлалт харилцаа суларч, Манила ОХУ, Хятад зэрэг өөр түншүүдтэй ойртох болсон.

Филиппиний арми зэр зэвсгээр дутмаг байдаг. Өнгөрсөн Даваа гарагт тэд улсынхаа өмнөд арлын Марави хотыг таван сарын турш тулалдсаны эцэст Исламистуудаас чөлөөлсөн юм. Хэдийгээр энэ тулааны үеэр Австрали, АНУ улсууд Манилад тусламж дэмжлэг санал болгож байсан ч Дутертэ өөрийн хүчээр асуудлыг зохицуулж, Америкаас хамааралгүй болж байгаагаа харуулжээ.

Сергей Шойгу айлчлалынхаа үеэр батлан хамгаалах салбарт хамтран ажиллах, зэвсгийн судалгаа хамтран хийх, мэргэжилтэн солилцох гэрээнүүдийг Филиппинтэй байгуулсан байна.

Бас Оросоос сүүлийн үеийн гранат харвагч зэвсэг худалдаж авах гэрээг талууд байгуулжээ.

Өмнө нь Хятад улсаас мөн олон мянган зэвсгийг Филиппинд нийлүүлж, шинэ түншлэл үүсгэж байгаагаа харуулсан юм.

 

Эх сурвалж: AFP