Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Толгойгоороо залгагдсан ихрүүдийг Америкт амжилттай салгажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Хойд Каролинагийн иргэд болох Хидер болон Райли Дэланэй нар өнгөрсөн онд 11 долоо хоногтой ихэр охид нь толгойгоороо залгаатай болохыг хэвлийд байхад нь мэджээ.

Ингээд ийм төрлийн ихрүүдийг салгах мэс заслаар мэргэшсэн Филаделфийн Хүүхдийн Эмнэлгийн хяналтад шилжиж, 2016 оны долдугаар сарын 24-нд кесарево хагалгаагаар төрсөн юм.

Тус бүр нь нэг килограм жинтэй мэндэлсэн ихрүүдийг салгах ажилд эмч нар даруй бэлдэж эхэлжээ. Аль болох эрт салгавал эдгэрэл нь түргэн явагдах тул яарч байлаа.

Ингээд өнгөрсөн зургаадугаар сарын 6-ны өдөр 30 эмч, сувилагч нар оролцож, 11 цаг үргэлжилсэн салгах мэс заслыг хийжээ. Тус эмнэлэг нь сүүлийн 60 жилийн хугацаанд 22 залгагдсан ихрийг салгаж байсан ч гавлын хэсгээрээ залгагдсан тохиолдолтой таарч байгаагүй гэнэ.

Ихрүүдийн хөврөл жирэмсний эхэн үед хоёр хуваагдах ёстой ч дээрх тохиолдолд хуваагдалгүй явсаар төрсөн юм байна. Биеийн аль нэг хэсгээр залгаастай төрөх тохиолдол 200,000 төрөлтөд нэг таардаг бол толгойгоороо залгаатай байх нь ийм залгаатай ихрүүдийн 2 хувьд л таардаг тул маш ховор үзэгдэл гэнэ.

Гэвч ховор мэс ажилбар тун амжилттай болж Эрин, Абби хэмээх нэртэй ихэр охид түргэн сайжирснаар өнгөрсөн Ням гарагт эмнэлгээс гарч, гэртээ харьжээ.

Охидод нэмэлт мэс заслуудыг ирэх хэдэн жилийн хугацаанд хийх ба ингэхдээ гавлын ясны дутуу хэсгийг нөхөх, үсний ургалтыг дэмжих эмчилгээ хийх гэнэ.

Охидын нэг нь болох Эрин энэ сарын эхээр бүрэн сэргэж, бие даан эргэдэг, суудаг болсон бол Абби нь гурван долоо хоног орчмын дараа хэвийн хэмжээнд хүрч ийнхүү гэрийн зүг жолоо залахаар болжээ.

Эх сурвалж: The Washington Post