Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапур улс 2018 оноос эхлэн нийт автомашиныхаа тоог нэмэхгүй байхаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Автомашин эзэмших нь хамгийн үнэтэй хэрэглээ болдог Сингапур улс ирэх оноос эхлэн нийт автомашиныхаа тоог нэмэхгүй байх шийдвэр гаргажээ.

Одоогоор тус улс жилд нэмэгддэг автомашин, мотоциклийн хэмжээг 0.25 хувиар хязгаарладаг. Харин 2018 оны хоёрдугаар сараас 0 хувь болгож өсөлтийг нь зогсоохоор болсноо Сингапурын Газар, Тээврийн асуудал хариуцсан захиргаа өчигдөр зарлажээ.

Жижиг газар нутагтай Сингапур хот улсын нийт талбайн 12 хувийг автомашины зам эзлээд байгаа ба үүнийг цаашид нэмэгдүүлэхгүй байх бодлого барьж байгааг мөн мэдээлсэн байна.

Ирэх таван жилд нийтийн тээврийг илүү боловсронгуй болгохын тулд $21 тэрбумын хөрөнгө оруулалт төлөвлөөд байгаа гэнэ.

Сингапур улсын иргэд автомашин эзэмшихийн тулд 10 жилийн хугацаатай лицензийг засгийн газраасаа авдаг. Ийм лиценз нь ховорт тооцогддог, сар бүр дуудлага худалдаагаар цөөн тоотой зарагддаг юм. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд хамгийн жижиг оврын машин эзэмших лиценз $30,000 гаруй үнэ хүрсэн байна.

Ирэх оноос нэмж лиценз гаргахгүй байх тээврийн хэрэгслүүд нь A, B, D ангиллын буюу суудлын тэрэг, мотоцикль зэрэг байх гэнэ. Харин ачааны машин, автобус зэрэг хэрэгслийн жилийн өсөлтийг 2021 оны гуравдугаар сар хүртэл 0.25 хувьд хэвээр хадгалах гэнэ.

Өмнө гаргасан 10 жилийн лиценз нь дуусахаар эргүүлэн гаргах тул автомашин эзэмшихийг хүсэгчдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж эрх баригчид тооцож байгаа ажээ. Автомашины өсөлтийн хувийг Сингапурын эрх баригчид 2020 онд дахин эргэж харах юм байна.

 

Эх сурвалж: Bloomberg