Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Киргизийн сайд 2,000 жилийн настай муммиг дахин оршуулах шийдвэр гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Киргизистанд ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж байх зуур өөр нэгэн нууц ажиллагаа явагдсан нь өнөөдөр тус улсад маргаан дэгдээгээд байна.

Бишкек дэх Үндэсний Түүхийн Музейд 60 гаруй жил хадгалагдсан 2,000 жилийн настай муммиг Бямба гарагт дахин оршуулжээ.

Тус улсын соёлын сайд уг олдворыг ердийн “хүүр” гэж үзсэн тул хадгалж, цаашид зардал мөнгө үрэх шаардлагагүй гээд буцааж оршуулах даалгавар өгсөн байна.

Киргизийн өмнөд хэсгийн Кара Булак гэдэг газарт, анх 1956 онд илрүүлсэн хөдөө нутагт нь нүх ухаж булахдаа ямар нэг Исламын шашны ёслол үйлдээгүй гэнэ. Учир нь олдвор Исламын шашин үүсэхээс өмнөх үед хамаарах тул ингэх нь дээр гэж үзжээ.

Соёлын сайд Туголбай Казаков муммиг ямар нэг фараон, язгууртных биш, хэн нь мэдэгдэхгүй хүнийх тул Киргиз улс агуулж, хадгалж байх хэрэггүй гэж үзсэн байна.

 
Соёлын сайд Туголбай Казаков

 

Гэтэл тус улсын эрдэмтэд сайдын хийсэн үйлдлийг мэдсэнийхээ дараа хүчтэй шүүмжилж эхэлжээ. Тэд сайдыг соёлын өвийг сүйтгэгч гэж нэрлэн, муммиг буцаан музейд байрлуулахыг шаардсан байна.

Эрдэмтэд Казаковыг шаардлагын дагуу арга хэмжээ авахгүй бол шүүхэд өгч, олон улсын байгууллагуудад хандана гэжээ.

Харин соёлын сайд “өөрийг нь буудсан” ч шийдвэрээсээ буцахгүй гэсэн байна. Тэр Киргизийн эрдэмтдийг өнгөрсөн 60 жилийн хугацаанд олдворыг судлах талаар юу ч хийгээгүйг хариу шүүмжилжээ.

“Музейд эргүүлж тавилаа гэхэд муммигийн талаар бид юу хэлж чадах юм бэ? Ленинийг бол бүх хүн мэднэ. Харин энэ муммигийн талаар музейн үзэгчдэд хэлэх үг алга” гэж тэр ярьсан юм.

Тэрээр бас өөр рүү нь довтолж байгаа явдал муммитай холбоотой биш, өөрийг нь сайдын суудлаас зайлуулах гэсэн явууллага гэж дүгнэсэн байна. “Энэ бол муммигийн асуудал биш. Энэ бол миний албан тушаалын асуудал” гээд “Би залхаж байна. Хэрэгтэй гэвэл тэр муммигаа буцаагаад ухаж гарга” гэж Казаков сүүлд ярьжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty