Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эмиратчууд 27 настай залууг Хиймэл Оюуны сайдаар томиллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Технологиор бүс нутагтаа тэргүүлэх зорилт тавьсан Арабын Нэгдсэн Эмират улсын засгийн газар өчигдөр бүтэцдээ өөрчлөлт хийж, түүхэндээ анх удаа Хиймэл Оюуны (Artificial Intelligence) сайдтай боллоо.

Өнгөрсөн онд Аз жаргалын сайдтай болж байсан Эмиратчууд ийнхүү ээлжит уламжлалт бус алхмаа хийж байгаа нь энэ юм. Шинэ салбар хариуцсан сайдын албан тушаалыг өчигдөр Эмиратын дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий сайд Шэйх Мохаммад бин Рашид аль Мактоум зарлажээ.

“Өнөөдөр бид Хиймэл Оюуны салбар хариуцсан сайдаа томиллоо. Дэлхий дахинд хиймэл оюуны хувьсгал болох гэж байгаа тул АНЭУ үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж тэрээр твитер хуудсандаа бичсэн байна.

Хиймэл Оюун хариуцсан сайдын суудалд 27 настай Омар Султан Аль Уламаг томилж байгаа гэнэ. Тэрээр өнөөдрийг хүртэл Эмиратын засгийн газрын Ирээдүй Судлалын албаны дэд захирлын албыг хашиж байжээ.

Өчигдөр бас Эмиратчууд Дэвшилтэт Шинжлэх Ухааны (Advanced Science) сайдын орон тоо бий болгож, 30 настай Сара Аль Амириг томилсон байна.

Тэр өмнө нь АНЭУ-ын Эрдэмтдийн Зөвлөлийг тэргүүлж, Ангарагт Элч илгээх төслийг хариуцаж байв. АНЭУ өнгөрсөн дөрөвдүгээр сард ирэх 100 жилийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүн дотор Ангарагт өөрийн судалгааны станцыг байгуулах ажил багтжээ.

 

Эх сурвалж: Russia Today