Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Мадридаас Барселонд өгсөн бодох хугацаа өнөөдөр дуусна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Зүүн гараас Испаний ерөнхий сайд Мариано Рахой, Каталоны ерөнхийлөгч Карлес Пуйчдемон нар

Испаний төв засгийн газар тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнүүлж байгаа Каталончуудад өнгөрсөн долоо хоногт шийдвэр гаргах хугацаа өгсөн билээ.

Энэхүү хугацаа нь Улаанбаатарын цагаар өнөөдөр 16:00 цагт дуусч байгаа юм. Тиймээс Каталончууд өнөөдөр тусгаар тогтнох санаанаасаа ухрах, эсвэл цааш тэмцэх хоёрын аль нэгийг шийдэх ёстой.

Өнгөрсөн долоо хоногт Каталоны ерөнхийлөгч Карлес Пуйчдемон парламентийн чуулган дээр тусгаар тогтнолоо зарлах гэж байсан ч Мадридтай хэлэлцээр хийх зорилгоор түр хойшлуулж байгаагаа мэдэгдсэн.

Испаний ерөнхий сайд Мариано Рахой хэрвээ Каталончууд санаанаасаа буцахгүй бол үндсэн хуулийн 155 дугаар зүйлд заасан арга хэмжээг авахаа илэрхийлсэн юм. Испаний ардчилсан засаглалын 40 орчим жилийн түүхэнд энэхүү заалтыг хэрэгжүүлсэн тохиолдол байхгүй. Уг заалт нь хэрвээ Испаний автономит эрхтэй 17 бүс нутгийн аль нэг нь хууль зөрчсөн алхам хийвэл төв засгийн газар автономит эрхийг нь цуцалж, удирдлагыг шууд өөртөө авах эрхийг баталгаажуулжээ.

Мадрид Каталоны тусгаар тогтнолын санал асуулгыг ийм хууль бус алхам гэж үзэж байгаа тул автономит эрхийг нь цуцлахаар төлөвлөөд байна.

Харин Каталоны засаг захиргааны эх сурвалжуудын мэдээлснээр хэрвээ Мадрид ийм алхам хийвэл Барселон шууд тусгаар тогтнолоо зарлана гэж төлөвлөжээ.

Каталоны асуудал Испаний хувьд ихээхэн эрсдэл дагуулж байгаа юм. Испаний дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг бүрдүүлдэг Каталон муж тус улсаас салвал эдийн засгийн хувьд үлэмж хохирол амсана. Хүчээр авч үлдлээ ч мөн адил ирэх онд Каталоны эдийн засгийн сулрал нийт Испанид муугаар нөлөөлөхөөр байна.

 

Эх сурвалж: Reuters