Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын экс ерөнхийлөгч Жимми Картер Америк-Хойд Солонгосын хэлэлцээрт зуучлах санал тавьжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Жимми Картер 2010 онд Хойд Солонгост

Ким Жон Унтай уулзаж, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоон, Солонгосын хойгт энх тайван байдал тогтоохын төлөө ажиллахад бэлэн байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер илэрхийлжээ.

93 настай экс ерөнхийлөгч энэ тухайгаа саяхан Жеоржиагийн Их сургуулийн олон улсын харилцааны профессор Пак Хан Шикт ярьсныг Өмнөд Солонгосын хэвлэлүүд дамжуулсан байна.

“Тэр өөрийн туршлагыг ашиглан Солонгосын хоёрдугаар дайн дэгдэхээс сэргийлэх хүсэлтэй байгаагаа надад ярьсан” гэж Пак профессор өгүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Картер Вашингтон Пост сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ Хойд Солонгосын асуудлыг “өнөөдөр дэлхийд тулгарч байгаа хамгийн том аюул” гээд Вашингтон, Пёньяныг хэлэлцээрийн ширээний ард суух ёстойг сануулсан юм.

Тэрээр өөрийн өмнө уулзаж байсан Хойд Солонгосын бүх албан тушаалтнууд, түүн дотор удирдагч асан Ким Ил Сун хүртэл АНУ-тай шууд хэлэлцээр хийж, Солонгосын дайны гал зогсоох гэрээг энхийн гэрээгээр солих хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг байсныг энд өгүүлжээ.

Харин Пёньяны дэглэмийн цаашид орших баталгаа үгүйлэгдэж байгаагаас тэд цөмийн зэвсгээр хөөцөлдөж байгааг Картер бичсэн байна.

“Дараагийн алхам нь АНУ дээд түвшний элч төлөөлөгчөө Пёньянд илгээж энхийн хэлэлцээр эхлүүлэх, эсвэл Хойд ба Өмнөд Солонгос, АНУ, Хятадын талуудыг оролцуулсан олон улсын яриа хэлэлцээрийг эхлүүлэх юм” гэж тэр нийтлэлдээ бичжээ.

Картерын зөөлөн дипломатын бодлого Хойд Солонгосын асуудлыг шийдэхэд өмнө нь тус болж байсан. Тухайлбал 1994 онд Билл Клинтоны үед тэр Ким Ил Суныг ятгаж, цөмийн зэвсгийн хөтөлбөрийг нь түр зогсоож байжээ.

2010 оны наймдугаар сард Хойд Солонгосын шоронд найман жил хоригдох ял хүртсэн АНУ-ын иргэн Айжалон Гомезийг суллуулж байсан юм.

Картерын 1994 ба 2010 оны Хойд Солонгост хийсэн айлчлалуудыг Пак профессор зохион байгуулж байжээ. Энэ удаад ч тэр Хойд Солонгост Жимми Картерын зочлох хүсэлтийг илгээгээд байгаа гэнэ. “Бид Хойд Солонгосын хариуг хүлээж байна. Хэрвээ тэд урилга илгээвэл бид Трамптай ярилцах болно. Харин Трамп энэ санааг дэмжихгүй бол бид дараагийн алхмаа ярилцана” гэж Пак ярьжээ.

АНУ-ын засгийн газар Хойд Солонгост иргэдээ зорчихыг хориглоод байгаа тул албан бус айлчлал хийсэн ч Картерт Вашингтоны зөвшөөрөл хэрэгтэй юм байна.

Гэвч Картерын Хойд Солонгосын талаар мэдэгдлүүд Цагаан ордонд таалагдахгүй байгаа. Өнгөрсөн сарын сүүлээр төрийн департментийн албаны хүн Картерын гэрт зочилж, олон нийтэд Солонгосын хойгийн хямралын талаар мэдэгдэл хийхгүй байхыг хүссэн байна. Тэд ингэх нь Трампын гадаад бодлогод сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаагаа тайлбарлажээ.

Тиймээс Жимми Картерын АНУ-Хойд Солонгосын хооронд зуучлах зүтгэл талаар болж магадгүй байна.

 

Эх сурвалж: The Guardian