Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Германчууд 1,000 орчим гавлын ясны гарал үүслийг судалж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Колоничлолын үед голдуу Африкийн Руанда улсаас Европт авчирсан 1,000 гаруй гавлын ясны гарал үүслийг тогтоох хоёр жилийн хугацаатай судалгааг Германы засгийн газар эхлүүлжээ.

Судалж дууссаны дараа тэдгээрийг зүүн Африк дахь эх нутагт нь буцааж өгөх гэнэ. Гавлын яснуудыг 1907-1908 онд антропологич Фэликс вон Лушаны экспедиц хүний хөгжлийг судлах зорилгоор цуглуулсан гэж үздэг.

Гэвч Герман улс хоёр удаагийн дэлхийн дайнд оролцож, эдгээр гавлыг агуулахад шилжүүлснээр бараг мартагдсан юм байна.

2011 онд Берлиний эмнэлэг эдгээрийг ил гаргаж, тус хотын ихэнх музей, номын сан, судалгааны хүрээлэнгүүдийг ажиллуулдаг Пруссын Соёлын Өвийн санд шилжүүлжээ.

Гавлын яснууд ихээхэн муудсан байснаас өнгөрсөн хугацаанд цэвэрлэх, эвлүүлэх, газар нутгаар нь ангилах ажлыг гүйцэтгэсэн юм байна. Бичиг баримтууд нь бараг устаж алга болсон тул гавлууд дээр бичсэн тэмдэглэгээг нь ашиглаж ангилан ялгасан гэнэ.

Тэдний ихэнх нь зүүн Африк дахь Германы колони байсан орнуудаас ирсэн байжээ. Тухайлбал Руандагаас 986, Танзаниас 41, Бурундигаас 4, үлдсэн 54 нь зүгээр л “дорнод Африк” гэсэн тэмдэглэгээтэй байсныг судлаачид мэдээлсэн байна.

Гарал үүслийг тодруулж дуусгахын тулд эдгээр улсуудын засгийн газруудтай хамтран ажиллаж байгаа ажээ. Үүнээс өмнө Германчууд Намибийн засгийн газарт тэндээс гаралтай 20 гавлын ясыг буцааж өгсөн юм.

Герман улс 1884-1915 оны хооронд Баруун Өмнөд Африкийг колоничолж байхдаа бослого гаргасан Намибчуудыг цус урсган дарсан бөгөөд нийтдээ 300 гавлыг Берлин рүү илгээсэн байдаг. Удаан хадгалагдаж байсан гавалнуудыг 2008 онд ил гаргаж, дараа нь эх нутагт нь буцаах тухай яригдаж эхэлсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian