Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Офшор бүсээс Монгол Улсад мөнгө орж ирлээ

А.Намуун, iKon.mn
2017 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Нийтэд зарлагдсан офшор бүсээс Монгол Улсын иргэн 4 сая 370 мянган ам.доллараа оруулж ирлээ. Энэ нь офшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд ийнхүү офшороос мөнгө орж ирж эхэлж байна.

Монгол Улсын иргэд офшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа билээ.

Энэ талаар АТГ-ын олон нийттэй харилцах хэлтэс "Хэрэг үүсгэн шалгаж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн тайлбар өглөө.

Хуулийн заалт:

22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

2. Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар