Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкнаас бодлогын хүүг 12 хувьд ХЭВЭЭР ХАДГАЛАХ шийдвэр гаргалаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа. Тэд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. 

Мөнгөний бодлогын төлвийг хэвээр хадгалах шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах, улмаар макро эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгаа аж.

Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлол 2017 оны есдүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2017 оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 5.0 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 5.4 хувьд хүрлээ.

Оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өсөв. Цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инфляци дунд хугацаанд зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна.

Гадаад эдийн засгийн орчимд эерэг өөрчлөлтүүд гарч, экспортын бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдан уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь эдийн засгийг идэвхжүүлж байна. Зах зээлд оролцогчдын иггэл сэргэж, эдийн засагт ийнхүү наашгай хандлага гарч байгаа ч цаашдын төлөв нь экспортын үнэ, хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна.

Мөнгөний бодлогын төлөвийг хэвээр хадгалах шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах, улмаар макро эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгаа болно" гэв. 

График 1: Бодлогын хүүний өөрчлөлт /2010-2017/

БОДЛОГЫН ХҮҮ ТҮҮНИЙ НӨЛӨӨЛӨЛ:

Аливаа улс орнуудын Төв банк бодлогын хүүг тогтоож барьдаг. Бодлогын хүү хэдэн хувь байхаас арилжааны банкуудын зээлийн хүү хэр өндөр байх нь хамаардаг билээ. Манай улсын хувьд одоогоор арваас дээш хувь буюу харьцангуй өндөрт тооцогдохуйц бодлогын хүүтэй байна.

Харин үүнийг дагаад арилжааны банкуудын зээлийн хүү жилд дунджаар 20 хувь байгаа. Төв банк бодлогын хүүг өндрөөр тогтоосноор арилжааны банкуудаас Төв банканд татах мөнгөний хүүг өндөрсгөж байна гэсэн үг.  Энэ тохиолдолд арилжааны банкууд мөнгөө өндөр хүүтэйгээр харьцангуй найдвартай буюу Төв банканд байршуулна. Ингэснээр арилжааны банкуудаас гарах зээлийн хүү нэмэгдэж, зах зээлд зээл хэлбэрээр нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ багасдаг жамтай. 

Өөрөөр хэлбэл банк бага хүүтэй мөртлөө эрсдэлтэйгээр аж ахуйн нэгж, байгууллагуудад мөнгө зээлдүүлэхийн оронд Төв банканд илүү найдах юм. Тийм учраас Төв банк бодлогын хүүгээ нэмэх нь зах зээл дэх бэлэн мөнгөний нийлүүлэлтийг харьцангуй багасгадаг. Ингэснээр инфляци буурах нөхцлийг бүрдүүлж байдаг. 

Бодлогын хүү хэдий чинээ өндөр байна тус улсын мөнгөний бодлого төдийн чинээ хатуу байна гэсэн үг юм.