Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

С.Одбаатар: Бодибилдинг Фитнессийн ААШТ-ээс Монголын баг тамирчид 12 медаль хүртлээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

51 дэхь удаагийн Азийн аварга шалгаруулах Бодибилдинг Фитнессийн тэмцээн наймдугаар сарын 20-26-ны өдрүүдэд БНСУ-ын нийслэл Сөүл хотод болсон. Уг тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Аравдугаар сард Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулна

Монголын Бодибилдинг Фитнессийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар "Тус тэмцээнд 26 орны 385 тамирчин 31 ангилалд өрсөлдсөнөөс Монголын баг тамирчид дөрвөн алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж эмэгтэй багийн дүнгээр мөнгөн медалийн эзэд боллоо. 

Тухайлбал Спорт бие бялдарын ангилалд Н.Түвшинбаяр алтан медаль, Модель физик ангилалд Б.Оюундарь, Улаанбааатар фитнесс клубын тамирчин Г.Уянга нар алтан медаль, Атлетик физик ангилалд дэлхийн хошой аварга, Азийн хошой аварга Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж Азийн хошой аварга болсон.

Уг тэмцээнд Монгол Улсаас 23 тамирчин, олон улсын зэрэглэлтэй гурван шүүгч оролцлоо. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Бодибилдингийн ангилалд Азийн аваргаас анх удаа насанд хүрэгчдээс мөнгөн медаль хүртсэн. Энэ шагналыг Монголын хошой мистер Д.Бат-Эрдэнэ авлаа. 

Монголын бодибилдинг фитнессийн холбоо ирэх аравдугаар сарын 3-наас 9-ний өдрүүдэд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар болоод байгаа. 

Тус тэмцээнд Монголоос 60 гаруй тамирчин оролцох төлөвлөгөөтэй байгаа. 

"Монголын мистер" улсын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр 16-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Уг тэмцээнээс медальт байранд шалгарсан тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна. 

Хоёр жилийн Бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар нэрээ өгсөн.

Хятад улстай өрсөлдсөн юм. Хятадын Бодибилдинг, Фитнессээр хичээллэдэг хүмүүсээс манай улсын энэ төрлөөр хичээллэдэг тамирчид илүү олон байсан. Тиймээс бид уг тэмцээнийг нутагтаа зохион байгуулах эрхийг авсан" гэлээ. 

Сөүлд болсон ААШТ-ний шагнал маань намайг Азийн хошой аварга болголоо

 
Гэрэл зургийг mpa.mn

Бодибилдингийн дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг "Эх орноо төлөөлөн бодибилдинг фитнессийн ААШТ-ээс алтан медаль хүртсэндээ баяртай байна.

Сөүлд болсон ААШТ-ний шагнал маань намайг Азийн хошой аварга болголоо.

Ойрын хугацаанд ДАШТ-д амжилттай оролцохыг зорьж байна. Цаашид илүү их хичээх болно" гэлээ.