Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

JD.com $15 саяын шагналтай уралдаан зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 31
IKON.MN
Зураг зураг

Хятадын онлайн худалдааны аварга компани JD.com бараа түгээлтийг дроноор гүйцэтгэх шийдлийн уралдаан зарлаж, шалгарсан хүнд 100 сая юань буюу $15 саяыг өгөхөө зарласан байна.

Одоогоор тэд дрон ашиглан түгээлт явуулдаг ч орон нутгийн хязгаарлагдмал хүрээнд ажилладаг юм. Уралдаанд түрүүлэх шийдэл нь Хятад орныг бүхэлд нь хамрах, оновчтой, хямд зардалтай байхаар боловсруулагдсан байх ёстой гэнэ.

Олон улсад зарлагдаж байгаа уралдаанд дэлхийн томоохон мэргэжилтнүүдийг татахын тулд их хэмжээний мөнгөн шагнал амлажээ. Одоохондоо JD.com дрон хүргэлтийг том хотод хийж чадахгүй байгаа. Үүнд эрх зүйн зарим зохицуулалт хүлээгдэж байгаа юм.

Автомашин, моторт дугуйгаар бараа түгээснээс дроноор хүргэх нь 70 хувь зардалд хэмнэлттэй байгааг тус компани тооцоолсон байна. Мөн JD.com энэ онд багтаан 100 ажилтантай, шинэ үеийн түгээлтийн системийг судлах, турших баг байгуулахаар төлөвлөсөн гэнэ.

Өнөөдөр Amazon, Alibaba зэрэг онлайн худалдааны компаниуд дроноор бараа хүргэх туршилтыг явуулаад эхэлсэн байгаа юм.

Зөвхөн онлайн худалдааны компаниуд биш, Шэнжэний SF Express шуудангийн үйлчилгээний компани Хятадад анх удаа дроноор шуудан хүргэх лиценз аваад ажиллаж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post