Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хэт халуун хоол, цай улаан хоолойн өмөн үүсэхэд нөлөөлдөг

Н.Даян
2017 оны 8 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг

Улаан хоолойн хавдар нь улаан хоолойн хучуур эдийн болон булчирхайлаг эсийн замбараагүй ургалтаас үүсэлтэй хортой хавдар юм. Улаан хоолой нь гуурс хэлбэрийн хөндийт эрхтэн бөгөөд насанд хүрсэн хүний улаан хоолой 25-30 см урттай байдаг.

Улаан хоолойг байрлалаар нь чээжний, хүзүүний, хэвлийн гэж хуваадаг. Улаан хоолойн хорт хавдар IV байр эзэлдэг байна. Өвчлөл ихтэй бүс нутагт Дундад Ази, Казахстан, Якут, Хятад ордог ажээ.

Буруу хооллолт, хэт халуун хоол, цай идэж уух, жижиг ястай загасны мах, хөлдүү мах, борц их хэрэглэх, тамхи татах, архи уух, нэг төрлийн хоол унд идэж уух, жимс ногоо бага хэрэглэснээс Вит А, С рибофлавин дутагдах, хөрс усанд цайр, зэс, молебдин бага агуулагдах нь улаан хоолойн өмөн үүсэхэд нөлөөлдөг хэмээн Хавдар судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.

Хоол тэжээлийн бүтээгдэхүүнд халуун ногоо, согтууруулах ундаа, жижиг ястай загасны мах, хөлдөөсөн болон давсалсан загасны мах, махан бүтээгдэхүүн улаан хоолойн салст бүрхэвчинд олон дахин үйлчилж бичил гэмтэл үүсгэснээс архаг үрэвсэлтэй болдог. Улаан хоолойн сөргөө нь улаан хоолой ба ходоодны хоорондох хавхлагын дутмагшил, цөсний хүчилтэй ходоодны шүүс улаан хоолой руу орсноос улайлт, шарх үүсгэдэг.

Үүний улмаас улаан хоолойн хавтгай хучуур эд булчирхайлаг эд болж хувирдаг. Үүнийг барретийн өвчин гэдэг. Булчирхайлаг өөрчлөлт нь улаан хоолойн салст бүрхүүлийг бүдүүн ба нарийн гэдэсний эсийн бүтэцтэй төстэй өөрчлөлтийг үүсгэж түүний суурин дээр хавдар үүсгэнэ. Эхлээд улаан хоолойн доод хэсэг үрэвсэн улайж дараа нь шархлан салстын бүх давхаргыг хамран нарийсалт үүсгэдэг.

хоол тээглэж ГОРОЙХ нь эхний шинж тэмдэг

Энэ үед хоол тээглэж горойно. Энэ шинж хамгийн эрт илэрдэг. Хоол улаан хоолойгоор ороход тааламжгүй мэдрэмж үүсэх, амнаас эхүүн өмхий үнэр үнэртэх, шүлс их гоожих, хоолоороо буцаж гулгина. Хэрэв хавдар биеийн бусад хэсэгт үсэрхийлбэл өөр олон шинж тэмдэг илэрч болно.

Дээр дурдсан шинж тэмдгүүд өөр өвчнүүдийн үед ч гарч болох тул улаан хоолойн хорт хавдрыг батлахын тулд бусад шинжилгээг хийх шаардлагатай. Тухайлбал, улаан хоолой, ходоод дурандуулах, эд эсийн шинжилгээ хийлгэх, компьютер томограф, цусны болон хавдрын бусад шинжилгээг хийлгэж болно.

Энэ өвчний гол үндсэн эмчилгээ нь мэс засал юм. Гэхдээ энэ эмчилгээг хүн бүрд хийхэд түвэгтэй байдаг тул эмч зөвхөн шаардлагатай эсвэл хавсарсан өвчин багатай өвчтөнд сонгож хийдэг. Мэс засал хийлгэсний дараа хими эмчилгээг хийдэг. Хэрэв мэс засал хийлгэх боломжгүй эсвэл эмч шаардлагатай гэж үзвэл мэс заслын өмнө ч хийж болдог эмчилгээ.

Мөн туяа эмчилгээ үндсэн эмчилгээний нэг. Мэс засал хийлгэх боломжгүй эсвэл эмч шаардлагатай гэж үзвэл мэс заслын өмнө хийж болдог. Хөнгөвчлөх эмчилгээ нь хоолыг цааш ходоод руу оруулдаг болгох зорилготой хийдэг бүлэг эмчилгээний төрөл юм.

ҮҮНЭЭС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ вэ?

Улаан хоолойн хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Та архи, тамхинаас татгалзах, хоолыг хэт халуунаар идэхгүй байх, жимс, ногоо түлхүү хэрэглэх, шарсан, хуурсан, түлсэн хоол бага хэрэглэх хэрэгтэй. Мөн 40-өөс дээш насанд жил бүр тогтмол дурандуулж байх нь чухал.

Улаан хоолойн архаг үрэвслийг төгс эмчлэх, ходоодны архаг үрэвсэл болон шархлааг эмчилж эдгээх, Аминдэм A, С, В-гээр баялаг хоол хэрэглэх, хоол, цайг тайван ууж заншсанаар энэ өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Зураг