Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Андрев Старк: Гал түймрийг сайн дурынхан унтраадаг

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

“Оюу-Толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Терресын урилгаар Австралийн Галын газрын дэд дарга Андрев Старк Онцгой байдлын ерөнхий газарт долоо хоногийн хугацаатай ажилласан юм.

Энэ хугацаанд тэрбээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги болон нийслэлийн Гал түймэр унтраах, аврах ангиудын үйл ажиллагаатай танилцаж, Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт гарсан ойн түймрийн голомтод очиж ажиллалаа. 

Энэ үеэр түүнтэй ярилцсанаа толилуулья.

Манай байгууллагад 30,000 гаруй сайн дурынхан ажилладаг

 

-Та долоо хоногийн хугацаанд манай Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, түймрийн голомтод очиж ажиллалаа. Өөрийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?

-Миний хувьд Өмнөд Авсралийн Гал түймэртэй тэмцэх газарт ажилладаг.

Манай байгууллагад 30,000 гаруй сайн дурынхан ажилладаг. Эдгээр сайн дурынхныг удирдлагаар хангадаг 188 алба хаагч байдаг юм.

Манай алба хаагчид та бүхэнтэй адилхан ой, хээрийн болон объектын гал түймэр унтраах болон бүх төрлийн аврах үйл ажиллагааг явуулдаг.

Гэхдээ гал түймрийг сайн дурынхан унтраадаг. Бид тэднийг удирдлагаар хангаж ажилладаг юм.

Манай хоёр байгууллагад ижил төсөөтэй талууд их олон байна. Ялгаатай нь гэвэл манай алба хаагчид илүү сайн багаж төхөөрөмжөөр хангагдсан байдаг.

Тухайлбал, 3-4 тоннын усны багтаамжтай, бартаат зам туулах чадвартай автомашинууд байдаг. Бульдозер гэх мэт хүнд техник хэрэгслүүдийн мөн ашигладаг. Түүнчлэн ойн түймэр агаараас туслалцаа үзүүлэх бүрэн боломжтой. Нэг ёсондоо онгоц, нисдэг тэргээр ус цацаж гал түймрийг унтраахад дэмжлэг үзүүлдэг.

Энэ нь хэдийгээр түймрийг бүрэн унтраахгүй ч бидний ажилд маш их дэмжлэг болдог юм.

Бас нэг анзаарагдсан зүйл гэвэл танай байгууллагын арын алба маш сайн ажилладаг юм байна.

Австралийн гал сөнөөгчид түймрийн голомтод ажиллаж байх үедээ хавчуургатай талх ч гэдэг юм уу, тиймэрхүү бэлэн бүтээгдэхүүн болон гурилан бүтээгдэхүүн иддэг бол Монголын алба хаагчид халуун хоол идэж байгаа нь сайшаалтай санагдсан шүү.

-Мэдээж техник, тоног төхөөрөмжийн хувьд бол иймэрхүү ялгаа нэлээд бий. Харин гал түймрийг унтраах арга ажиллагааны хувьд ялгаатай зүйл хэр ажиглагдав?

-Арга ажиллагааны хувьд бол адилхан юм. Бидний хувьд галын тархацаасаа хамаараад олон янзын арга тактик ашигладаг.

Хэрвээ гарсан гал маань бага хэмжээний бол алба хаагчид өөрсдөө унтраадаг.

Харин өргөн тархацтай бол сөрөг гал тавих аргыг хэрэглэдэг. Энэ бол маш аюултай арга.

Учир нь бид өөрсдөө гал тавьж байна шүү дээ.

Гал бүр хяналтаас гараад, маш том цар хүрээг хамарч, хүн оршин суугаа суурин газарт ойртсон байвал бид галыг унтраах гэж зүтгэлгүй тухайн суурин газраа тойруулан хамгаалахыг л чухалчилж ажилладаг.

Мөн гал түймрийн голомтод ажиллахдаа алба хаагчид маань таван өдөр ажиллаад, хоёр хоног амрах ёстой.

Галын тархац их бол гурван өдөр ажиллаад нэг хоног амраах журмаар сэлгэж ажиллуулдаг.

Гамшиг ослоос сэргийлэх сургалтуудыг эмэгтэйчүүдэд түлхүү явуулдаг

 

-Тэгэхээр Австралийн хувьд ой, хээрийн түймрийг унтраах ажиллагааг Онцгой байдлын албаны алба хаагчид биш сайн дурынхан л явуулдаг гэж ойлголоо. Эдгээр сайн дурынхныг хэрхэн бэлтгэдэг вэ?

-Тийм шүү. Бидний хувьд сайн дурынхнаа мэргэжлийн удирдлагаар хангаж ажилладаг.

Харин сайн дурынхан гал унтраах үйл ажиллагааг явуулдаг.

Сайн дурынхныг бид алба хаагчдынхаа адил бэлтгэдэг. Сургалтууд явуулна.

Бүх багаж, техник, тоног төхөөрөмжөөр хангана.

Манай иргэдийн хувьд нийгэмдээ туслая, бид унтраахгүй бол өөр хэн унтраах билээ гэсэн хандлага төлөвшсөн байдаг учраас маш олон сайн дурынхан байдаг.

Цаашлаад манай галын газраас явуулж байгаа сургалт, семинаруудад оролцсоноор хувь хүний карьерийн хувьд өсөх боломж бүрддэг.

Мөн бид олон нийтэд хандсан, аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалтуудыг их хийж, мэдээллийг хүргэдэг.

Тэр дундаа эмэгтэйчүүдэд хандсан сургалтуудыг түлхүү явуулдаг.

Яагаад гэвэл эрчүүд нь ихэвчлэн сайн дурынхан байдаг учир аливаа гамшиг осол боллоо гэхэд тэд голомтод ажиллаад гэртээ байхгүй байх магадлал өндөр.

Тиймээс ар гэр, үр хүүхдээ, өөрсдийгөө хэрхэн хамгаалах, гамшиг ослоос урьчилан сэргийлэх чиглэлийн сургалтуудыг эмэгтэйчүүдэд түлхүү явуулдаг юм.

Бас сургуулиудаар явж сургалтуудыг хийдэг. Хүүхдүүд маань сургууль дээрээ энэ чиглэлийн мэдлэгийг гэртээ очоод аав, ээждээ заах хэмжээнд олж авдаг.

-Тэгвэл гал түймрийн дуудлага гарсан үед сайн дурынханд ямар хэлбэрээр мэдээллийг хүргэж, цуглуулдаг юм бэ?

амшиг ослын дуудлага ирэнгүүт бид сайн дурынхан руугаа пэйжрээр мэдээлэл явуулдаг.

Мэдээлэл авсан хүмүүс гэртээ, ажил дээрээ хаана ч байсан хийж байгаа зүйлээ орхиод галын газарт ирж бэлэн байгаа хувцас хэрэглэлээ аваад түймрийн голомт руу явдаг.

-Сайн дурынхныг ямар ч үед хийж байсан ажлаа орхиод гал түймэр, гамшиг ослын голомт руу явахыг танай улсын ямар ч төрийн болоод төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж зөвшөөрдөг гэсэн үг үү. Эсвэл үүнийг хуульчлаад өгчихсөн байдаг уу?

-Мэдээж бүх компаниуд үүнийг зөвшөөрөхгүй. Гэхдээ дийлэнх нь зөвшөөрдөг.

Насны хувьд 18-70 насны бүх хүмүүс гал унтраахаар сайн дураар явж болно.

Миний мэдэхээр 60 жилийн турш сайн дураар гал түймэр унтраах ажиллагаанд оролцсон хүн ч байдаг.

Харин 16-18 насныхны хувьд ийм сайн дурын ажиллагаанд оролцоход эцэг, эхчүүдээсээ зөвшөөрөл авдаг юм.

-Түймрийн голомтод ажилласан сайн дурынхныг хэрхэн урамшуулдаг вэ. Нэмэлт цалин урамшуулал байдаг уу?

-Төрийн байгууллагад ажилладаг алба хаагч түймэр унтраахаар явсан тохиолдолд цалинг нь бүтэн олгодог.

Томоохон хувийн аж ахуйн нэгж байгууллагын хувьд ч гэсэн адилхан цалинг нь олгодог.

Засгийн газраас гол үзүүлдэг дэмжлэг нь сайн дурынхан маань олон хоногоор гал түймэртэй тэмцэж байх үед тэднийг ажлаас нь халахгүй байхыг хуульчилж өгсөн байдаг. Мөн Засгийн газраас галын газартаа санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Уг дэмжлэгийг нь сайн дурынхныг бэлтгэх сургалтанд зарцуулагддаг. Мэдээж сайн ажилласан, олон жил ажилласан хүмүүсээ одон медалиар шагнаж урамшуулна.

Гал сөнөөгчийн жилийн дундаж цалин 70 мянган Австрали доллар

 

-Нууц биш бол танай галын газрын алба хаагчид, мэргэжлийн гал сөнөөгчид хэдэн долларын цалин авдаг вэ. Ер нь нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг юм бол?

-Гал сөнөөгчийн жилийн дундаж цалин 70 мянган Австрали доллар байдаг. Бас жирийн албан хаагчдаас илүү олон хоногоор амардаг юм.

-Энэ нь та бүгдийн хувьд хангалттай цалин уу. Өөр ямар нэгэн нэмэлт урамшуулал байхгүй юү?

-Өөр ямар нэгэн нэмэлт урамшуулал байхгүй ээ. Цалингийн хувьд сэтгэл хангалуун байдаг.

Манайх 25 ажлын байранд хүн шалгаруулж авахаар зарлахад 4,000 хүн орох хүсэлтээ өгдөг.

Эндээс гал сөнөөгчийн ажил хэр үнэ цэнэтэй вэ гэдэг нь харагдаж байгаа байх.

-Манай улсын хувьд гарч байгаа түймрийн 70-80 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг?

-Манай улсад ч гэсэн хүний буруутай үйл ажиллагаанаас болж ихэвчлэн түймэр гардаг.

Нөгөө талаас байгалийн хүчин зүйл буюу аянга цахилгаанаас гал гарна.

Хөдөө орон нутагт бол цахилгааны шон унасны улмаас гал гарах тохиолдол их байдаг.

-Австрали улс ойн сан ихтэй учраас ойн түймрийг унтраах чиглэлээр та бүхэн асар их туршлага хуримтлуулсан байх. Тэгээд ч та манай улсад ирээд ойн түймрийн голомтод очиж, нөхцөл байдалтай танилцсан. Ямар зөвлөгөө өгөх бол?

-Миний ажигласнаар түймрийг унтраах арга ажиллагааны хувьд ялгагдаад байх зүйл бараг алга.

Бид ч та бүхний адил галынхаа тархалтыг эхэлж зогсоогоод дараа нь голомт руу нь орж ажилладаг.

 

Харин ч Монголын Онцгой байдлын алба хаагчид багаар ажиллах чадварын хувьд манайхаас илүү юм билээ.

Яг л нэг хүн шиг ажиллаж чаддаг. Манайд ийм уялдаа холбоо жаахан муу. Энэ туршлагыг би очоод хүмүүстэйгээ хуваалцана гэж бодож байна.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудтай сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэдэг дээр санал нэгдсэн.

Энэ чиглэлээр бид тусламж, дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэрхийлсэн.

Галтай тэмцэж байгаа гол хүч нь хүн байдаг.

Энэ утгаараа хүний хүчийг нэмэгдүүлэх зорилгоор сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэх нь чухал юм.

Мэдээж энэ амар биш. Гэхдээ сайн дурынхныг сайн бэлтгэж, хүч оролцоог ашиглаж чаддаг болох нь олон талын ач холбогдолтой.

Нэг ёсондоо та бүхэн өөрийн байгууллагад алба хаадаг хэдэн зуун алба хаагчдаараа хязгаарлагдахгүй хэдэн мянгаар яригдах алба хаагчидтай болно гэсэн үг.

Үүнийг дагаад иргэдийн ухамсар, мэдлэгийн түвшин ч дээшилнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Эх сурвалж: ОБЕГ