Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

67 эмч хүний амь нас, эрүүл мэндийн төлөө энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа амлалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн наймдугаар сард уламжлал болгон тэмдэглэдэг эрүүл мэндийн салбарын ажилтны баярыг тохиолдуулан өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 67 эмч тангараг өргөлөө. Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь  нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тэд  амлалаа.

Шинэ, залуу эмч нарыг тангараг өргөсний дараа тус төвийн шилдэг эмч, ажилтнуудыг шагнаж урамшуулсан бөгөөд эрүүл мэндийн салбарын хүндэт цол тэмдэг болон “Wenger” брэндийн гарын бэлгийг гардуулан өглөө.

 Баянхошууны замд 40 тоннын контейнерт даруулан осолд өртсөн нэг гэр бүлийн таван хүний амийг аварсан эмчийг шагналаа

Мөн энэ үеэр Сонгинохайрхан салбарын гуравдугаар ээлжийн их эмч Б.Түмэнбаярыг “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа. Тэрбээр өнгөрөгч долоодугаар сард Баянхошууны замд 40 тоннын контейнерт даруулан осолд өртсөн нэг гэр бүлийн таван хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн, амь насыг нь аварч чадсан билээ.

 
 
 
 
 
 

Нийслэлийн түргэн тусламжийн төв нь өдгөө 410 ажилтантай бөгөөд тэдгээрээс 167 нь их эмч, 120 нь жолооч юм байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өдөрт 46 машин гаргадаг бөгөөд 167 эмч хоёр ээлжээр ажилладаг ажээ.

Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч долдугаар сарын байдлаар, 184.700 хүнд үйлчилснээс 80 хувьд нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг 20 минутын дотор хүргэсэн амжилт гаргажээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар