Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Индонез улс ОХУ-аас байлдааны нисэх онгоцнуудыг кофегоор сольж авахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Индонезийн засгийн газар ОХУ-аас 11 ширхэг Су-35 байлдааны нисэх онгоцыг кофе, дал модны тос зэрэг бүтээгдэхүүнээр бартер солилцоо хийн авахаар болсноо Даваа гарагт зарлажээ.

Бартерын гэрээнд гарын үсэг зурах ёслол наймдугаар сарын 4-нд Москва хотноо Оросын Ростех, Индонезийн PT. Perusahaan Perdagangan төрийн өмчит компаниудын хооронд болсон тухай тус улсын худалдааны яамны төлөөлөгч Маролоп Найнголан мэдээлсэн байна. Гэхдээ гэрээний дүнг нийтэд зарлаагүй байна.

ОХУ-ын эсрэг АНУ, Европын тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ ийм боломж олгож байгааг Индонезийн албаныхан илэрхийлээд дээрх наймааг “алдаж болохгүй боломж” гэж нэрлэжээ.

Хүний эрхийг зөрчдөг гэх шалтгаанаар АНУ тус улсад зэвсэг худалдахыг хориглоод байгаа тул Индонез 2003 оноос хойш Оросоос нийт 16 байлдааны онгоц өмнө нь аваад байсан юм. Зүүн Өмнөд Азийн хамгийн том зах зээлд тооцогддог Индонезийн ОХУ-тай хийдэг худалдаа 2012 оноос хойш унаад байгаа. Тиймээс ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг нь хоёр талын худалдааг сэргээх сайхан боломж болж байгааг тус улсын худалдааны сайд Энггартиасто Лукита онцолжээ.

 

Эх сурвалж: Bloomberg