1990 оны 7 дугаар сард Монголд анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулсан билээ. Энэхүү Ардын Их Хурал “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль батлан гаргаж, уг хуулийн дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага болох Улсын Бага Хурлыг байгуулсан юм.
Ингэж 1990 оны 9 дүгээр сарын 13-нд Улсын Бага Хурлын анхдугаар чуулган үйл ажиллагаагаа эхэлснээр манай оронд байнгын ажиллагаатай Парламент хэмээх төрийн байгууллын шинэ тогтолцоо бүрэлдэн тогтсон түүхтэй.
Улмаар 1992 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Их Хурлын анх удаагийн сонгууль болж, Улсын Бага Хурал нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн дагуу сонгогдон байгуулагдсан Монгол Улсын Их Хуралд эрх мэдлээ шилжүүлэн өгснөөр үйл ажиллагаа нь дуусгавар болсон билээ.
Одоогоос 25 жилийн өмнөх яг энэ өдөр буюу 1992 оны 7 дугаар сарын 20, бичин жилийн зуны адаг сарын рашаан барилдлагат өлзийт сайн гал тахиа өдрийн могой цагт Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат Монгол Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг нээж, Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойргоос сонгогдсон 76 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдан шинэ гишүүд тангараг өргөж байжээ.
Монгол Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгуулиар байгуулагдсан 1992-1996 оны Улсын Их Хурал нь монголын парламентын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг.
1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар “төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал байна” гэж заагаад “Монгол Улсын хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн баталгаажуулсаны дагуу манай улс нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжсэн юм.
Монгол Улсын анхны Их Хурал нь бүрэлдэхүүний хувьд 76 гишүүнтэй болж өргөжсөний зэрэгцээ бүтцийн хувьд ч өөрчлөгдсөн.
Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгууль нь сонгуулийн можаритар системээр, 2-4 мандат бүхий томсгосон 26 тойрогт болж МАХН 70, Монголын ардчилсан нам, Монголын үндэсний дэвшлийн нам, Ногооны намын “Ардчилсан холбоо” эвсэл 4, МСДН 1, бие даан нэр дэвшигч 1 суудал тус тус авчээ. Сонгуулийн дүнд МАХН парламентын үнэмлэхүй олонхи болж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болов.
Монгол Улсын Их Хурлын анхны даргаар Н.Багабанди, дэд даргаар Ж.Гомбожав нар парламентын гишүүдийнхээ итгэлийг хүлээн сонгогдон ажиллажээ.
Харин энэ удаагийн сонгуульд Ардчилсан хүчин нийтдээ 5 суудал авснаас С.Зориг, Да.Ганболд, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын лидерүүд сонгогчдын итгэл хүлээн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон байна.
1992-1996 оны Улсын Их Хурал нь өөрийн бүрэн эрхийн хугацаанд нийт 137 хууль шинээр баталж, 142 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан олон улсын 40 гэрээг соёрхон баталж, 46 хуулийг хүчингүй болгожээ.
Тэдгээрээс зарим онцлог хууль, тогтоолыг дурдвал:
Монгол Улсын анхны Их Хурал нь бүтцийн хувьд 10 Байнгын хороотой үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна.
Үүнд:
Энэ удаагийн Улсын Их Хурал өөрийн бүтцээ боловсронгуй болгож, 1995 оноос Байнгын хорооны тоог цөөрүүлэн Нийгмийн бодлогын, Төрийн байгуулалтын, Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын, Хууль зүйн, Хөдөөгийн бодлого, байгаль орчны, Эдийн засгийн бодлогын гэсэн нийт 6 Байнгын хороотой ажиллажээ.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ард түмний төлөөлөл болсон Монгол Улсын Их Хурал бүх нийтийн ардчилсан чөлөөт сонгуулиар долоо дахь удаагаа сонгогдон байгуулагдаж, улс орондоо ардчилсан шинэ нийгмийн харилцааг төлөвшүүлэх хууль, эрх зүйн үндэс суурийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн билээ.
Эх сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс