Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

С.Сувданчимэг. Дэлхийн шилдэг 100 сургуулийн нэгд суралцах зорилго тавьсан

Т.Батсайхан, Зууны мэдээ
2017 оны 7 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг

Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн дэргэдэх ШУТИС-ийн харьяа Технологийн ахлах сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч С.Сувданчимэг Тайландын Вант Улсад болсон химийн олон улсын олимпиадаас хүрэл медаль хүртлээ. Түүнтэй уулзаж, ярилцлаа.

-Юуны өмнө баяр хүргэе. Өөрийн тань анхны олон улсын олимпиад байв уу?

-Тийм ээ. Өмнө нь аймаг болон улс, бүсийн химийн олимпиадад оролцож алт, мөнгөн медаль хүртдэг байлаа. Харин энэ удаа олон улсын уралдаанд оролцох боломж олдсон. Тэр боломжийг би ашиглаж, чадлаа. Хүрэл медалийн эзэн болсондоо маш их баяртай байгаа. Багш нар, гэр бүл, намайг дэмждэг бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна.

-Багш тань мөн баяр наадмын үеэр гавьяат цолоор шагнагдлаа. Та бүхний хувьд баяртай тохиол байх?

-Би долоодугаар сарын 9-нд шалгалтаа өгсөн С.Мэнджаргал багш маань яг тэр өдөр гавьяат цолоо авч таарсан. Шалгалтаа өгөх гэж сандарч байхын хажуугаар их баярлаж байлаа. Миний багш надад маш олон зүйлийг зааж сургасан. Шавь нарынхаа хайрыг татсан хүн байдаг даа.

-Явсан газрынхаа сонин сайхнаас хуваалцахгүй юу. Тайланд орон ямар санагдав?

-Ахлах ангийн сурагчдын дунд жил тутам зохиогддог олимпиадад Манай улс 2006 оноос оролцож эхэлсэн байдаг. Тиймээс багш нар маань харьцангуй туршлага, зохион байгуулалт, сайтай байлаа. Мөн зохион байгуулагч тал биднийг маш сайхан хүлээж авсан. Монголоос дөрвөн хүүхэд эх орноо төлөөлөн оролцсон. Халуун уур амьсгалтай, Эзэн хаанаа их хүндэлдэг ард түмэн юм. Хоолны соёл, зан заншил, ахуй байдал их өвөрмөц санагдсан.

Мөн албан ёсны ярианы болон бичгийн хэл нь Тай хэл. Тай хэлийг сурахад амархан гэж байсан. Учир нь бусад хэлтэй адил өнгөрсөн болон ирээдүй цаг гэж байдаггүй юм билээ. Тиймээс бидний хувьд цоо шинэ ертөнц байлаа. Хүлээн авч хөтөч хийсэн багш маань ч бидэнд сайхан дурсамж үлдээж чадсан.

-Энэ жилийн химийн олимпиадын онцлог юу байв?

-Энэ олимпиад жил бүр өөр өөр улс оронд болдог. Энэ удаа дэлхийн 77 орны хүүхэд оролцсон. Нэг орноос дөрвөн хүүхэд гэхээр нэлээд өргөн хэмжээний олимпиад болсон. Даалгаврын 11 бодлогыг таван цагийн турш бодсон. Хугацаа арай давчуу санагдаж байлаа. Гэхдээ өөрийн хэмжээнд амжилт үзүүлсэндээ сэтгэл хангалуун байна.

-Нөгөө гурван хүүхэд чинь ямар амжилттай оролцсон бэ?

-Тэд маань хичээж сайн оролцлоо. Гэхдээ энэ жилийн олимпиадын босго оноо нэлээд өндөр байлаа. Өнгөрсөн жил 47 оноо авахад хүрэл медаль хүртдэг байсан бол өнөө жилээс 60-аас дээш оноонд хүрэл медаль хүртэж байна.

-Ерөнхийдөө химийн олимпиадад ямар улсын сурагчид илүү амжилт үзүүлж байв?

-Энэ олимпиадад Азийн орнууд өндөр амжилт үзүүлдэг. Энэ жилийн тухайд ОХУ-ын хүүхдүүд сайн оролцлоо. Тэд нэлээд олон медалийг өөрийн болгож чадсан. Түүний араас Тайван, Хятад, Солонгосын сурагчид өндөр оноо авч, олон медаль хүртсэн.

-Хэзээнээс эхлэн химийн хичээлийг сонирхох болсон юм бэ?

-Наймдугаар ангиасаа хичээллэсэн. Эрдэнэтийн дөрөвдүгээр сургуулийн Хишигжаргал багш маань маш сайн суурийг нь тавьсан. Ер нь аливаа хичээлийг сайн сурахад багшийн арга барил их чухал юм билээ. Багш маань маш сонирхолтой байдлаар хичээлээ ордог байлаа. Тэрийг нь сонсож хичээллэх тусам химийн хичээл надад улам нь сонирхолтой, улам л цаашаа алхаад баймаар мэдрэмж төрдөг байлаа. Багштай тухайн жилээ Улсын химийн олимпиадад оролцоод мөнгөн медаль авч байсан.

-Зорилгоо тодорхойлчихсон уу. Ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байна вэ?

-Ирэх намар би арванхоёрдугаар ангиа төгсөнө. Химийн хичээлээрээ дагнаж, их сургуульд орох төлөвлөгөөтэй байна. Химийн инженер болно. Хичээж байгаад Дэлхийн шилдэг 100 сургуулийн нэг болох Калифорнийн Техник технологийн коллежид суралцана гэж бодож байна. Тэр миний мөрөөдөл, зорилго юм.

-Гэр бүлийнхэн тань их дэмждэг биз дээ?

-Бүх талаар дэмжиж байна. Аав маань Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт мастер хийдэг. Харин ээж Орхон аймагтаа өмгөөлөгчөөр ажиллаж байна. Би хоёр дүүтэй. Аав ээж хоёр маань намайг боловсрол, мэдлэгтэй болгохын төлөө бүхнийг хийж байгаад үнэхээр их баярладаг даа.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Кино үзэх дуртай. Дэлхийн шилдэг уран зөгнөлт кинонуудыг хэд дахин үзсэн ч уйддаггүй. Одоо хичээл ороход нэг сар гаруйхны хугацаа үдлээ. Волейболын секцэд явах хүсэлтэй байна. Би биеийн тамирын хичээлдээ жаахан муу. Сая Тайландад явж байхад спорт бас их чухал юм гэдгийг мэдэрсэн. Тиймээс зуны амралтаа спортоор хичээллэж өнгөрүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

Зураг