Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Баярын өдрүүдэд 84 хүүхэд эцэг, эхээсээ төөрчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Баяр наадам, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад нийт 14,315 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 474, зөрчлийн шинжтэй 11,061, ослын шинжтэй 80 дуудлага бүртгэгджээ.

Нийт гэмт хэргийн гаралтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг 24.5 хувь, танхайрах гэмт хэрэг 93.1 хувь, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 36.5 хувиар, залилан мэхлэх гэмт хэрэг 33.3 хувиар тус бүр буурчээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбайн орчимд бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 260 хүүхдэд асран хамгаалагчийнх нь утасны дугаар бүхий бугуйвчийг зүүж, 84 хүүхэд төөрснийг бүртгэн авч, эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.

Хүүхэд төөрсөн дүн мэдээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 203 нэгжээр буюу 68.6 хувиар буурсан байна.

 

Мөн Туул голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл цагдаа, онцгой байдлын байгууллагын хамтарсан завьт эргүүл ажиллуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг бүхий 1,980 ширхэг зурагт хуудсыг иргэдэд тарааж, 2,520 иргэнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж, 180 иргэн, 216 автомашиныг шалгаж, 80 иргэнд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, торгууль ногдуулжээ.

Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт зөөврийн хяналтын төхөөрөмж, худалдаа, үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдах талбай, морь бариа, гарааны зурхай зэрэг шаардлагатай долоон байршилд телехяналтын камерыг тус тус суурилуулж, хяналт тавьж ажилласан нь үр дүнтэй байлаа.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар