Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд сонгогчдын нэрийн жагсаалтад 907,162 сонгогч бүртгэгджээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 7 сарын 7
iKon.MN
 

Нийслэлийн Сонгуулийн хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. 

Энэ удаагийн сонгуулийг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий 9 дүүргийн сонгуулийн хороо, 403 хэсгийн санал авах байр байгуулагдан ажиллаж байгаа аж. Санал авах байруудын 157 нь төрийн өмчийн сургууль, 85 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор, 28 нь хувийн хэвшлийн байгууллага, 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд байрлаж байгаа. Гэр хороололд байрлалтай санал авах байруудын 30 хувьд нь болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс цахилгааны эх үүсгүүрүүд байрлуулжээ. 

Сонгуулийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад 17 мэргэжлийн байгууллага, сонгуулийн үеийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллагын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргийн дагуу ажиллаж байгаа аж.

Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Энэ удаагийн санал хураалтад нийслэлийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 907,162 сонгогч бүртгэгдсэн. Үүнээс “Түр хасав” тэмдэглэгээтэй 29,904 сонгогч байна. 

Дахин санал хураалт энэ долоодугаар сарын 7-ны өдөр 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ. Мөн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт 4,317 иргэн ирүүлж, өнөөдөр /өчигдөр/ өглөөний 08:00-20:00 цагийн хооронд саналыг нь авч байна.

Зарим байгууллага сонгогчдыг санал өгүүлэхийн тулд хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэргээр уриалга гаргаж байна. Сонгуулийн тухай хуулийн 70.1-д зааснаар ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хураалт дуустал аливаа этгээд сонгогчийн саналыг татах зорилгоор бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгөөр үзүүлэх зэргийг хориглосон байдаг. Сонгуулийн талаарх зөрчил, аливаа гомдол саналыг тухайн орон нутгийн Цагдаагийн байгууллагад хандан шийдүүлэх бүрэн эрх нь иргэдэд нээлттэй байгаа” гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.