Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгостой хийх яриа хэлэлцээр бүтэлгүйтвэл зэвсгийн хүч хэрэглэнэ гэж АНУ НҮБ-д мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоох дипломат яриа хэлэлцээр бүтэлгүйтвэл зэвсгийн хүч хэрэглэнэ гэж НҮБ дах АНУ-ын элч Никки Хэли мэдэгдлээ.

Хэлигийн баг ойрын өдрүүдэд Хойд Солонгосын эсрэг нэмж хориг тавих НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолын төсөл санаачлахаар төлөвлөжээ. Тэр бас Пёньянтай худалдаа хийдэг орнуудаас АНУ худалдааны харилцаагаа салгана хэмээн сүрдүүлсэн байна.

Энэхүү сүрдүүлэг нь Хятадыг чиглэсэн болох нь тодорхой байгаа юм. Хэли “НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж, Хойд Солонгостой худалдаа хийдэг, хийхийг дэмждэг орнууд байна” гээд “Ийм орнууд АНУ-тай ч худалдаа хийх сонирхолтой байдаг. Гэвч ингэхийг зөвшөөрөхгүй. Олон улсын аюулгүй байдлыг чухалд тооцохгүй байгаа орнуудад хандах хандлагаа бид өөрчилнө” гэжээ.

Энэ мэдэгдэлтэй зэрэгцэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа Хятадын талаар мэдэгдэл нийтэлсэн байна. Тэр “Эхний улирлын байдлаар Хятад-Хойд Солонгосын худалдаа бараг 40 хувиар өсөөд байна” хэмээн тоо баримт дурдаад Хятадын бодлогыг хатуу шүүмжилжээ.

Гэвч АНУ-ын энэ мэдэгдлийг ОХУ, Хятад улсууд эсэргүүцэж байгаа юм. НҮБ дах Хятадын элч Лю Жиеи, ОХУ-ын элч Владимир Сафронков нар Хэлигийн зэвсгийн хүч хэрэглэх санааг эсэргүүцэж, АНУ эхлээд Солонгосын хойгт явуулж байгаа цэргийн сургуулилалтаа зогсоож, Өмнөд Солонгост байрлуулсан THAAD пуужингаас хамгаалах системдээ даруй буцаахыг шаардсан байна.

Гэхдээ тэд Хойд Солонгосын сүүлд хийсэн пуужингийн туршилтыг хүлээж авах боломжгүй үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Өчигдрийн НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хуралдаан ширүүн уур амьсгалтай болж, АНУ-ын санаачилсан тогтоолын төсөлд ОХУ, Хятад хоёр хориг тавих нь тодорхой болоод байна.

Хойд Солонгос өнгөрсөн Мягмар гарагт тив хоорондын баллистик пуужинг анх удаа амжилттай туршсан юм. Энэ нь тэдний 2017 онд хийсэн 11 дэх пуужингийн туршилт байв. Туршилтын дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон Хойд Солонгосын үйлдлийг "аюул заналын өргөжилт" гэж нэрлэсэн юм.

 

Эх сурвалж: South China Morning Post