Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Өөрт ойр цагдаагийн байгууллагад ЗӨРЧЛИЙН талаар мэдээлэл өгөх боломжтой"

ikon.mn
2017 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зөрчлийн, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдсөн тохиолдолд иргэдийн материалыг хурааж авч шалгадаг болсноороо хуучин хуулиас өөр

Замын Цагдаагийн Газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчигдсөн явдал их байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 56 зүйл заалт зөрчлийн тухай хуулиар зохицуулагдахаар болсон. Тухайлбал хуучин замын цагдаагийн албан хаагчид бичиг баримтаар шалгаж байсан бол одоо бичиг баримтыг хурааж авна.

Торгуулийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зохицуулж хэлбэлзэл байсан бол үүнийг байхгүй болгосон. Зам тээврийн осол үйлдсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар 100 нэгж буюу 100,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрх нь хасагдсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 7-30 хоног баривчилна. Мөн албадан сургалтад хамруулахаар болсон. 
Мөн зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан замын цагдаагийн албан хаагчид иргэдэд чирэгдэл учруулахгүйн үүднээс албан хаагчдаа нэмж ажиллаж байна.

Зөрчлийн тухай хуулиар замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд оногдуулах шийтгэл 30-40 хувиар буурсан.

Нэг нэгж гэдэг нь 1,000 төгрөгтэй тэнцэх юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдсөн тохиолдолд иргэдийн материалыг хурааж авч шалгадаг болсноороо хуучин хуулиас өөр. Замын цагдаагийн албаны хувьд дүүргүүдийнхээ албадад бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хийсэн.

Та бүхэн өөрт хамгийн ойр байгаа цагдаагийн байгууллагад бичгээр болон амаар зөрчлийн талаар мэдээлэл өгөх боломжтой.

Иргэдийг чирэгдүүлэхгүй байлгах үүднээс маш шуурхай ажиллаж байна. 

Дүүргийн цагдаагийн хэлтэст иргэд гомдлоо гаргах нь нээлттэй байгаа. Үүн дээр нэмээд прокуроос хяналт тавьж байгаа. 

Хуучин зөрчлийн тухай хуулиар гүтгэх доромжлох нь гэмт хэрэг байсан. Харин шинэ хууль хэрэгжиж эхэлснээр гүтгэх доромжлох нь захиргааны хариуцлагаар зохицуулагддаг болсон".

Цагдаагийн байгууллага 247 зөрчлийг шалгаж шийдвэрлэхээр зохицуулагдсан

 
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат “Зөрчлийн тухай хууль дагаж мөрдөж эхэлсэнтэй холбоотой Цагдаагийн байгууллага 247 зөрчлийг шалгаж шийдвэрлэхээр зохицуулагдсан. 

Шалгаж байгаа зөрчлүүдээс 1 зөрчил шийдэгдэж 50 нь шалгагдаж байна. Тухайлбал, Увс аймагт 4 зөрчил шалгагдаж байна” гэлээ.

Эрүүгийн хэргийн шалгах мөрдөх ажил энэ хугацаанд ямар нэгэн байдлаар тасалдаагүй

 
Гэрэл зургийг mpa.mn

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ц.Батсүх “Эрүүгийн хэргийн шалгах мөрдөх ажил энэ хугацаанд ямар нэгэн байдлаар тасалдаагүй. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллга, мөрдөн байцаах тасаг гэмт хэрэг, зөрчлүүдийг шалгаж байгаа” гэв.