Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав өнөөдөр (2017.07.04) Швейцарийн Холбооны Улсаас Бээжинд суугаа Монгол Улсыг хавсран ажилладаг Элчин сайд Жан Жак де Дарделыг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Жан Жак де Дардел хоёр талын хамтын ажиллагаанд сэтгэл өндөр байдгаа илэрхийлээд “Монгол Улсын иргэдийг Швейцарь Улсад зорчиход визийн хөнгөлөлт үзүүлэхээр ажиллаж байгаа.
Энэ асуудал удахгүй амжилттай шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Мөн хоёр улсын иргэд албан болон дипломат ажлаар визгүй зорчих асуудал үндсэндээ шийдэгдсэн” гэлээ.
Уулзалтын эхэнд Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав “Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарийн парламентын бүлэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Швейцарийн Холбооны Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтэс, Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны газартай үр дүнтэй хамтран ажилладаг.
Өнөөдөр Швейцарийн Холбооны Улсаас Бээжинд суугаа Монгол Улсыг хавсран ажилладаг ноён Элчин сайд таньтай уулзаж байгаадаа баяртай байна.
Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Элчин сайдад товч мэдээлэхэд Олон улсын валютын сантай хамтран ажилласнаар эдийн засгийн хямралаас гарч, эдийн засгаа тогтворжуулж чадсан.
Манай улсад шийдвэрлэхэд хүндрэлтэй, тулгамдсан асуудал болоод байгаа агаар, хөрсний бохирдлын асуудлаар Парисын гэрээ хэлэлцээрт хамрагдсан, хамтын ажиллагаатай улс орнуудын хэмжээнд анхаарал тавьж, хамтарч хамтарч ажиллахыг хүсч байна.
Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага манай улстай байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг арилгах, бэлчээр хамгаалах, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлүүдээр тууштай хамтран ажиллаж, “Нэг цэгийн үйлчилгээ” нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэнд талархаж байна.
Швейцарийн Холбооны Улсад 2000 гаруй монгол иргэн оршин сууж, ажиллаж амьдардаг юм байна" гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.