Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ахмадын сан байгуулж ажиллуулах журмыг баталлаа

ikon.mn
2017 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн (2017.07.04) хуралдаанаар ахмадын сан байгуулж ажиллуулах журмыг баталлаа

Сан нь тэтгэвэрт гарсан болон одоо ажиллаж байгаа ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, түлш олгох, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх, Цагаан сар зэрэг баяраар хүндэтгэл үзүүлэх, хашаа байшин барих, засварлах, эмчилгээ, эм тарианы зардалд зориулж мөнгөн тусламж олгох, ахмадуудын дунд соёл, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах зэргийг санхүүжүүлэх юм.

Аж ахуйн нэгж, төсөвт байгууллагууд Ахмадын хороо, зөвлөлөөс оруулсан саналыг үндэслэн цалингийн сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр сан байгуулна гэж журамд тусгажээ.

БНСУ-ын зээлээр 43 автобус авчээ

БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр “Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл” хэрэгжүүлж байгаа.

Төслийн хүрээнд авсан эхний ээлжийн 43 автобус, хоёр дахь шатанд ирэх автобусны дамжуулан зээлдүүлэх зээлийн хүүг жилийн 2.25 хувь, хугацааг 12 жил, валютыг төгрөгөөр тооцож гэрээ байгуулахыг сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрлөө.

Улс, хот хоорондын нийтийн тээвэрт 1987 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй, аж ахуйн нэгжүүд санхүүгийн байдлаасаа болж 7-8 жилийн насжилттай автобус оруулж ирэн дөрвөн жил үйлчилгээнд ашигладаг байна.

Хуралдааны бусад шийдвэр

  •  “Монгол Улсын олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан боловсруулах журам”, тайлан хариуцан боловсруулах байгууллагын хуваарийг шинэчлэн батлав.
  • УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн санаачлан боловсруулсан Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.
  • Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэв. Хэд хэдэн саналыг хууль санаачлагч Н.Оюундарь гишүүнд уламжлахаар тогтлоо.
  • Албадлагын арга хэмжээ авах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлүүлэх, эд зүйл, хэрэгсэл, хөрөнгө, орлогыг улсын орлого болгох, устгахтай холбоотой харилцааг зохицуулах журмыг баталлаа.