Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Нармандах: ЭХЭМҮТ-д хандаж буй хүүхдүүдийн дийлэнх нь наршсан байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар хоногт 200-250 гаруй хүүхэд үйлчлүүлж байгаагийн дийлэнх нь наршилтын улмаас өндөр халуурсан, суулгасан, хэвлийгээр өвдсөн гэсэн зовиуртай хүүхдүүд хандаж байгаа аж.

Тиймээс өнөөдөр ЭХЭМҮТ-ийн мэргэжлийн эмч нар Улсын баяр наадам ойртож буй энэ үед эцэг эхчүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд мэдээлэл өглөө.

"Хүүхэд наршсан тохиолдолд эцэг эхчүүд анхны тусламжийг дор нь үзүүлэх хэрэгтэй"
 
Гэрэл зургийг mpa.mn

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасгийн эмч Ж.Нармандах "ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь наршилтаас болж хандаж байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэд анхны тусламжийг дор нь үзүүлж, хамгийн ойр байгаа эмнэлэгт хандах хэрэгтэй.

Наршилтын үед хүүхэд тайван бус, цочромтгой болно, царайны өнгө цонхигор эсвэл чинэрэн улайна, амьсгаадна, бөөлжис хүрч, дотор муухай оргино, хөлс ихээр гарах шинж тэмдэгүүд илэрдэг.

Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд сүүдэрт, сэрүүхэн байлгах, онцын шаардлагагүй бол гадуур авч явахгүй байх, бүлээн шингэн ойр ойрхон бага багаар уулгах, толгойд нь хүйтэн жин тавих, хүүхдээ зөв хувцаслах, биеийг нь бүлээн чийгтэй алчуураар арчих зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.

Мөн манай яаралтай тусламжийн тасагт таталт, эмийн хордолт, ахуйн осол гэмтэл, харшил, шавьж, могойд хатгуулах зэрэг тохиолдлууд ирж байна" гэв.

"Хоолны хордлого туссанаар хүүхэд амь насаа ч алдах эрсдэлтэй байдаг"
 
Гэрэл зургийг mpa.mn

ЭХЭМҮТ-ийн хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Г.Отгонсүрэн "Аливаа баяр ёслолын үеэр хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин ихсэх хандлага байдаг. Хоолны хордлого нь хоол хүнсээ хэрхэн хадгалж, хэр хэмжээгээр хэрэглэж байгаа, эрүүл ахуйн байдалтай холбоотой байдаг. Хоолны хордлого туссанаар хүүхэд амь насаа ч алдах эрсдэлтэй байдаг. 

Сүүлийн өдрүүдэд гэдэсний халдвар ихсэх хандлагатай байгаа. Суулгасан, бөөлжсөн, халуурсан, цустай баасан хүүхэд багачууд ирэх нь ихсэж байгаа. Юунаас болж байна гэхээр сүүлийн үед их халуун байна. Үүнээс болж хоол хүнсний хадгалах журам алдагдаж, хурдан муудаж, ялаа шавьжны нян бактери хоол хүнсэн дээр их сууж байна. Угжаар хооллодог хүүхдүүдийн хувьд угж нь бохирдож, мөн найруулсан сүүгээ дахин халааж өгсөнөөр микроб үржих боломжийг нэмэгдүүлж байна. 

Тиймээс урьдчилан сэргийлэлт их чухал. Хоол хүнсээ муутгахгүй, нян бактери үржүүлэхгүй, хүүхдээ хараа хяналтнаасаа салгахгүй байх хэрэгтэй.

Хоолны хордлогод орсон тохиолдолд хоол идсэнээс хойш 4-6 цагийн дараа, заримдаа 1 хоногийн дараа хүүхэд бөөлжих, суулгах, халуурах, ухаан алдах, татах зэрэг аюултай шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд хамгийн түрүүнд мэргэжлийн эмчид хандах нь хамгийн зөв юм" гэв.

"Баяр наадмын үеэр жирэмсэн эмэгтэйчүүд зохимжтой хоол хүнс хэрэглээрэй"
 
Гэрэл зургийг mpa.mn

ЭХЭМҮТ-ийн жирэмсний хяналтын эмч Ж.Түвшинтунгалаг "Олон хоног амрах гэж буй, хэт халалт болж байгаа энэ үед жирэмсэн ээж нар өөрсдөдөө сайн анхаарал тавьж, хяналтандаа орчихсон, зохих зөвлөмжөө авчихсан байх хэрэгтэй.

Баяр наадмын үеэр жирэмсэн эмэгтэйчүүд хоолны хордлого, наршилтаас сэргийлээрэй. Аль болох зохимжтой хоол хүнсээ хэрэглэж, ус сайн ууж, наранд халахгүй байхыг хичээгээрэй" гэлээ.