ЭМЯ-ны харъяа НЭМГ, НЭМҮТ-өөс баяр наадмын үеэр үүсч болох эрүүл мэндийн асуудлаар сэрэмжлүүлэг, зөвлөгөө өглөө.
ЭМЯ-ны харъяа НЭМГ-ын дарга Д.Ганцэцэг "Жил бүрийн баяр наадмын өдрүүдэд нийгмийн эрүүл мэндийн асуудлууд болох хүн амын дундах хоолны хордлого, архины хордлого, усанд живэлт, осол гэмтэл, тэр дундаа зам тээврийн осол, наршилт, артерийн даралт ихсэлтийн тохиолдлууд нэмэгддэг.
Тиймээс ард иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс өнөөдөр ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Замын цагдаагийн албанаас хамтран олон нийтэд хандан мэдээлэл хийж байна.
Монгол Улсын хэмжээнд 2016 оны байдлаар осол гэмтлээр нийт 107,559 хүн гэмтэж, тэр дундаа зам тээврийн ослоор 17,197 хүн гэмтэж, 484 хүн нас барсан нь нийт осол гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтын 3-р шалтгаан болж байна.
Зам тээврийн ослын улмаас гэмтэгсэд нийслэлд их байгаа боловч нас баралтын түвшин орон нутагт өндөр байна.
НЭМҮТ-ийн ерөнхий захирал Б.Цогтбаатар "Иргэдийг эрүүл, байхад анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг хийж байна.
Аливаа өвчин эмгэг, эрүүл мэндийн эрсдэлүүд улирлын шинжтэй байдаг.
Эрүүл мэндийн байгууллагуудаас анхааруулсан ч амралт зугаалгын хэлж болох 7, 8 сард тодорхой эрүүл мэндийн асуудлууд, түүний эрсдэлүүд нэмэгддэг.
Аагим халуун үргэлжилж, хурайшилт их байгаатай холбоотойгоор иргэд усанд живэх асуудал гарч байна.
Усанд живэлт 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 12 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 42 удаагийн усны осол гарч, 53 хүн амь насаа алдсан байна.
Үүнээс 10 хүүхэд, 43 нь насанд хүрэгсэд байгаа юм.
Тиймээс иргэд та бүхнийг баяр наадмын өдрүүдэд анхаарал болгоомжгой амарч, зугаалж, наршилт, даралт ихсэх, усанд живэх, хоолны хордлого, архины хордлого, зам тээврийн осол гэмтлээс сэргийлж, 8-аас дээш сартай жирэмсэн эхчүүд хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна" гэлээ.
1. Архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байх
2. Голын ойр орчим бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх
3. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх
4. Хоол хүнсээ зөв хадгалан, гарын ариун цэврийг сайтар сахих
5. Ил задгай газраас хоол хүнс худалдан авахгүй байх
6. Даралтны эмээ тогтмол ууж, хэт халалтын үед наршилтаас сэргийлж гадуур явахгүй байх, битүү нимгэн хувцас өмсөх, шүхэр авч явах
7. Үер усны аюулаас болгоомжилж, гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан голд сэлэхгүй байх
8. Суудлын бүсээ зүүх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах
9. Автомашины бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах
10. Орон нутгийн замд хурдыг 80 км/ц-аас хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна