Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Учрал: Монгол Улс багшгүй болох гээд байна шүү

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан болж байна. 

АН-ын зүгээс багшийн хөгжлийн хуулийг хэлэлцэх асуудлаар завсарлага авсан юм.  Иймд уг хуулийг өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хасч үлдсэн зургаан асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Багшийн хөгжлийн тухай хуультай холбоотой УИХ-ын  гишүүд байр сууриа илэрхийллээ. 

Манай улсад нэг багш 61 хүүхэдтэй ажилладаг

УИХ-ын гишүүн Н.Учрал "Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг зургаадугаар сарын 15-нд өргөн барьсан. Уг хуулийн төслийг нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд танилцуулсан.

Гэтэл энэ асуудлыг улс төржилтөөр хэрчээд хаячих гэж байна уу гэж санаа зовж байна.

Ардчилсан намын зүгээс тус хуулиар завсарлага авъя гэсэн саналтай байна.

Багшийн хөгжлийн асуудал дээр улс төржихгүй байя. 

Багш нар алийн болгон Солонгосын Элчингийн өмнө дугаарлаж зогсох юм бэ? Багшийг ажлын байран дээр нь хөгжих боломжоор хангая.

Манай улсад нэг багш 61 хүүхэдтэй ажилладаг.

Мөн төрийн албаны тухай хуульд 36 жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө олгох асуудал ярьж байгаа.

Үүнтэй холбогдуулан багшийн хөгжлийн хуулиа баталчихвал багц хууль болох гээд байна.

Ингэвэл 10 сард боловсролын хуулиа явуулъя. Дурын эцэг эхчүүд багш нарыг доромжилдог.

Монгол Улс багшгүй болох гээд байна шүү" гэлээ. 

Боловсролын салбарт шинэчлэл хийе
 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "МАН болон АН-ын багш гэж байхгүй л дээ.

Монгол Улс боловсролын өрсөлдөх чадвараараа дэлхийд сүүлийн тавдугаар байрт орж байна.

Уул уурхайгаа ухаад цэнгэлийн манлайд хүрэх худлаа болохыг бүгд харж байгаа.

Үүний оронд оюун санаагаа хөгжүүлмээр байна. Боловсролын салбарт шинэчлэлийг хийе.

АН-ын гишүүдэд хандаж хэлэхэд энэ хуулийг хэлэлцье. Хаврын чуулганд багтааж энэ хуулийг батлахгүй бол бүтэн жил алдана" гэв. 

Битгий ийм жижигхэн улс төр хий л дээ
 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Багшийн хөгжлийн хууль УИХ завсарласны дараа орж ирсэн. Хуулийн төслийг гишүүдэд хүргүүлэх ёстой.

Одоо хүртэл гишүүдэд ирээгүй. Бид нар багш нарын нийгмийн асуудлыг шийдэхийн тулд өөрсдийн санаа бодлоо нэмэрлэмээр байна.

Чуулган долоодугаар сарын 01-нд завсарладаг.

Тэгэхээр энэ хууль намар болтол хойшлох нь тодорхой. Битгий ийм жижигхэн улс төр хий л дээ" гэлээ. 

УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.