Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

С.Төгс-Оюун: Урлаг намайг өөрчлөөгүй

Ч.Туяа
2017 оны 6 сарын 29
MorninigNews.mn
Зураг зураг

Монголын зураачдын амьдрал, уран бүтээлийн тухай гэгээн дурсамжуудыг багцалсан “Гэрэлт хөргүүд" номоо өлгийдөн аваад удаагүй байгаа зураач С. Төгс-Оюунтай ярилцлаа. Номын чимэг зураг дагнан зурсаар 200 гаруй “ном"-той болсон тэрбээр “Урлаг хүүхэд насны минь гэнэн мөрөөдлийг насан турш минь хэвээр хадгалах сэтгэлийг үүрд үлдээсэн болохоор би, би-гээрээ үлдэж чадсан. Өөрөөр хэлбэл, урлаг намайг өөрчлөөгүй” гэсэн. Түүнтэй ярилцсан хэдэн хором ч бас надад үүнийг баталж өгсөн юм. Үнэндээ түүнийг юу ч өөрчилж чадахгүй мэт санагдсаныг нуух юун.

-Ойрын өдрүүдэд хурмаст тэнгэр нарны илчээ монголчуудад ахиухан хайрлаж байна. Тиймээс ч хүн бүр л хур хүсэж байгаа бололтой. Харин та эдгээр өдрүүдэд юуг хамгийн ихээр хүсэж байна вэ?

-Монгол хүн эх орноо хайрлаасай, газрын доорх эрдэнээсээ ухаж сэндийлж, хатсан цөл битгий болгоосой гэж юуны түрүүнд бодож явдаг. Монгол хүмүүс гурван тал болон хоорондоо хэрэлдэж, хэзээ ч эргэж уулзахгүй юм шиг байгаа нь дэндүү гутамшигтай санагдах юм.

-Тухайн хүнийг чухам юу нь хамгийн төгс тодорхойлж чаддаг тухай хүн бүр л өөр, өөр бодолтой явдаг. Миний хувьд, магадгүй хүсэл нь тухайн хүний мөн чанартай хамгийн дөхүү тодорхойлолт болдог юм болов уу гэж бодсоны үүднээс ярилцлагаа энэ асуултаар эхэлчихлээ. Энэ талаарх таны бодлыг сонсмоор байна?

-Хүн бүр өөр өөр төрдөг ч хүнлэг чанараараа нэгдэж байвал сайхан. Зуун жил амьдрах юм шиг зан ааш гаргах хэнд ч хэрэггүй дээ. Хүсэлтэй амьдрах сайхан, шуналтай амьдрах гутамшиг. Хүсэлд хязгаар хэрэгтэй...

-Ингэхэд хүмүүс насан туршдаа өөрийн мөн чанарын эрэлд хатдаг гэдэгтэй та санал нийлдэг үү?

-Миний бодлоор хүн төрөхдөө л өөрийн мөн чанараа авч төрдөг гэж боддог. Тийм болохоор эрж сураад ч байх шаардлагагүй. Харин өөрийн сайхан чанараа улам баяжуулж гэгээлэг амьдрахад л бүх зүйл аяндаа болно доо.

-Мөн чанар руугаа хамгийн ихээр дөхдөг хүмүүс нь уран бүтээлчид юм болов уу. Жишээлбэл, та өөрийн мөн чанартаа ойртсон бүтээлүүд туурвиж чадаж байна уу. Эсвэл таны бүтээлүүд эсрэгээрээ бусдын мөн чанарт илүү дөхүү болоод байна уу?

-Миний сэтгэл дотор өөрийн минь ертөнц, үзэл бодол баттай оршин байдаг. Миний өөрийн мөн чанар уран бүтээлээр минь илүү тод илэрдэг. Сэтгэл зүрхээ зориулан бүтээсэн бүтээлүүд минь бусдад ч бас таалагддаг. Яагаад гэвэл эндээс би харагддаг. Давтагдашгүй, дуураймал биш бүтээл бусдад содон тусдаг.

-Магадгүй, бүтээлийн мөн чанар гэж тухайн уран бүтээлчийн мөн чанараас тэс ондоо зүйл байх уу?

-Уран бүтээлч хүн үнэний дуу хоолой байдаг шүү дээ. Нэг юм бодоод oгт өөр худлаа зүйл яриад байгаатай адил байх болов уу. Мөнгө бодож туурвиж эхлэхэд ийм байдал илэрч болох юм.

-Уран бүтээлч хүн авьяас чадвартайгаас гадна мэдрэмжтэй байх ёстой гэж зарим хүмүүс үздэг. Та мэдрэмжийн тухайд ямар бодолтой явдаг вэ?

-Авьяас, мэдрэмж хоёр бол нэг зоосны ар, өвөр тал шүү дээ. Бүх зүйлд мэдрэмж хэрэгтэй. Амнаас гарах үг ч мэдрэмжийн гол илэрхийлэл байдаг.

-Нар шарж, дийлэнх хүмүүст залхуурал, назгайрал төрүүлж байгаа эдгээр өдрүүд танд ямар мэдрэмж бэлэглэж байна вэ?

-Ямар ч өдөр байсан би өөдрөгөөр хүлээн авдаг. Муухай өдөр гэж байдаг юм уу? Бид л өөрсдөө хорвоогийн сайхан өдрүүдийг сайхан, муухай гэж ялгаж салгадаг биз дээ.

-Таныг аялах дуртай нэгэн гэж сонссон. Энэ зун та хаа нэг тийшээ аялах уу?

-Одоо л аяллын цаг ирлээ. Би наадмын өмнө эсвэл дараа нь аялдаг Энэ жил гэр бүлээрээ Хөвсгөл явна.

-Аяллаас олж авдаг хамгийн чухаг зүйл тань юу вэ?

-Аяллаас маш сайхан дурсамжууд сэтгэлд үлддэг. Хаана ч очсон шинээр танилцсан хүмүүстэйгээ насан туршийн найзууд болдог. Хорин нэгэн аймагт би найз нөхөдтэй, бараг л өөрийн гэртэй ч гэж хэлж болохоор болсон доо.

-Тэгвэл амьдралаас юуг олж авч өөртөө наахыг хичээдэг вэ. Олж авахыг хүсдэг зүйлийг тань “Гэрэлт хөргүүд”-ээс олж харж болох юм шиг санагдсан. Гэвч өөрийн тань амнаас бас сонсмоор санагдлаа?

-Амьдралаас би гэгээлэг сайхан хүмүүсийг олж авдаг. Хэдий зарим нь “Тэнгэрийн оронд”- одсон ч миний сэтгэл зүрхэнд хүндтэй байрыг эзлэн оршсоор байдаг. Би байгаа цагт тэр нар минь амьдарсаар л байх болно

-Таны амьдралын “гэрэлт хөргүүд”-ийн хамгийн үнэт зүйл нь юу вэ?

-Надтай хамт өнгөрүүлсэн мартагдашгүй сайхан өдрүүд нь юм даа. Монгол эх орондоо, хойч үедээ үлдээсэн оюуны хөрөнгө оруулалт юм. Ийм л сайхан хүмүүстэй би анд нөхөд явжээ.

-Амьдрал дээр та Төгс-Оюун гэдэг хувь хүний хөргийг хүссэнийхээ хэмжээнд бүтээж чадаж байгаа юу? 

-Хүний амьдралын он жилүүдэд гадаад төрх минь зугуухан өөрчлөгдөж байгаа ч би өөрийн хувь тавилангаараа амьдарч, бүтээж явна. Өөрийн хэрээс хэтэрсэн зүйл хэзээ ч хүсэж яваагүй болохоор энэ их дажгүй хөрөг гэж бодогддог.

-Нэгэн үе номын чимэг зургаар дагнадаг зураач танаас өөр бараг байгаагүй байх. Харин сүүлийн үед Д.Баярцэцэгээс эхлээд залуучууд номын чимэг зургаар дагнах шинжтэй. Яг дагнан зурахгүй байгаа ч номын чимэг сонирхож байгаа залуус ч тэдний ард цөөнгүй байгаа байх. Таныхаар номын чимэг бусад уран зургаас юугаараа ялгаатай вэ?

-Монголд Батсуурь, Идэрхангай,Сандагдорж, Байды, Оюунцэцэг зэрэг үй олон номын зураачид бий. Монголын бараг бүх зураачид номын зураг чимэглэл хийдэг. Одоо О.Золбоотөгөлдөр гэж чадварлаг зураач бүсгүй ид бүтээн туурвиж байна. Номын зураг нь зураасан зургийн онцгой нэг төрөл зүйл юм. Номын зураг заримдаа зохиол бүтээлээс нэлээд хамааралтай боловч бас өөрийн хүссэн аргаар чөлөөтэй зурж болдгоороо их онцлогтой байдаг. Уран зургаас өөр төрөл боловч зураачаас угсаатны зүй болон түүх зэрэг олон зүйлийг судлахыг шаарддаг.

-Таны номын санд зохиолч, яруу найрагчдын хамгийн нандин бүтээлүүд хадгалагдаж байдаг байх. Та бидэнд номын сангаа танилцуулаач. Хэлбэр дүрс, онцлог, номуудаа өрсөн байдал, хамгийн үнэ цэнэтэй бүтээл гээд л... бүгдийг өнгөтөөр ярьж егөөч. Яг л уран зураг үзэж байгаа мэтээр номын санг тань сэтгэлдээ төсөөлөх гэсэн юм?

-Номын зураг зурдаг болохоор хоорондоо тэс өөр төрлийн номнууд их байдаг. Бас урлагийн номнууд тодорхой хувийг эзэлдэг. Өөрийн унших дуртай номнууд бас найз нөхдийн дурсгасан номууд их байдаг. Манай нөхөр философийн хүн учир түүний номнууд ч их бий. Манай бүх өрөөний энд тэнд тавиур дээр номнууд өрөөстэй байдаг. Бас Л.Өлзийтөгс, Г.Аюурзаны номнууд яг орны хажуугийн шүүгээн дээр байнга байдаг.

Яруу найрагч андуудын ном байнга байна.Яг одоо бол Том дэвтэр, Л.Дашнямын ‘‘Байх байх үгүйн дунд”, Долгорын Нямаагийн “Тэнгэрийн хаяа", Дуутан Лхагважавын ОДХАН-МЯНГАНЦЭЦЭГ-ийн “Зүрхний хэргүүд..." Яруу найргийн ном байна аа... Хүүхдийн номнуудыг бас орой бүр охинтойгоо уншдаг учир өрөө бүрд л бэлэн байдаг аа...

-Та ном их уншдаг байх аа. Уншихаас зүрхшээдэг ямар нэгэн ном бий юү?

-Зарим номыг уншиж эхлээд л хойш нь тавьж орхидог тал бий. Сонирхолгүй санагдсан зүйлд цаг үрээд хэрэггүй санагддаг.

-Таны онгодыг хөглөдөг ч юм уу, ямар нэгэн гэрэлт дурсамж сэргээдэг ямар нэгэн онцгой зүйл урлан дотор чинь байдаг уу?

-Хөгжим л юм даа. Урландаа бүтээлээ хийж суухдаа байнга хөгжим дуу сонсдог. Энэ нь миний хувьд маш сайхан бясалгал болдог.

-Та уран бүтээлчийн хувьд ч, хувь хүнийхээ хувиар ч хэрхэн амьдрах, юу хийхээ мэдэхгүй зогсолтод орох үе байсан уу?

-Үгүй дээ. Юм хийсэн хийгээгүй амьдрал өөрөө урагшаа яваад л байна шүү дээ.

-Тийм үед та өөрийгөө хэрхэн хөглөдөг вэ?

-Өөр зүйл хийж асуудлыг шийддэг. Бүтэхгүй ч юм уу, сэтгэл зовоосон зүйлийг шууд орхичихдог. Бүхнийг хүчээр шийдэх хэрэггүй.

-Энгийн хүмүүсийн зовлон бэрхшээл гэж боддог зүйлс уран бүтээлчдийн хувьд юутай ч зүйрлэшгүй жаргал мэт санагддаг талтай. Таныхаар уран бүтээлчийн болон хувь хүний хувьд хамгийн хүнд хэцүү зүйл юу вэ?

-Үхэл хагацал, өвчин зовлон л биднээс хамаарахгүй тохиолддог. Бүхнийг даван туулах хэрэгтэй шүү дээ.

-Та тийм хүнд хэцүү зүйлийг өөрийн биеэр туулж байсан уу?

-Ээж, ааваа алдаж байсан хэцүү өдрүүд бий.

-Хүн аз жаргалаа өөрөө бүтээдэг. Гэвч дийлэнх нь бүтээж амждаггүй юм шиг ээ. Ингэхэд та аз жаргалаа бүтээж амжсан уу?

-Аз жаргал дүүрэн байнаа. Амьдралаас их зүйл хүсээд байдаггүй болохоор өөрийнхөөрөө жаргалтай байдаг.

-Тэгвэл таны бусдад бүтээж өгөхийг хүсдэг хамгийн том зүйл вэ?

-Тусламж хэрэгтэй хүнд өөрийн чадлын хэрээр туслахыг хүсдэг бас тусалдаг.

-Хүсэл бүхэн тань сэтгэлчлэн биелэх болтугай. Цаг гарган ярилцсанд баярлалаа.

-Ерөөл бат оршиг ээ...

Зураг