Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ зун олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар халуун байна

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 16
iKon.MN

Монгол орны 2017 оны зургаагаас наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас гаргажээ.

Энэ зуны цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. Ерөнхийдөө уур амьсгал олон жилийн дунджаас 0.5-1.0 дулаан байх бөгөөд хур тунадас олон жилийн дундажтай адил байх төлөвтэй байна.

Тавдугаар сард нойтон цас орно

 
Гэрэл зургийг Mpa.mn

Бaруун зүгийн нутагаар буюу Ховдын ихэнх, Баян-Өлгийн зүүн өмнөд, Увсын өмнөд, Завханы баруун, Говь-Алтайн баруун болон зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Баян-Өлгийн хойд, Увсын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орно.

Хөвсгөлийн зүүн, Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өвөрхангайн ихэнх, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дуу цахилгаантай.

Хэнтийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Дорнодын ихэнх, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн зүүн хэсгээр хур тунадас, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай.

Энэ сард говийн нутагаар орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн баруун, Дундговь, Дорноговийн хойд, Говьсүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас бага, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай.

Зургаадугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно

 
Гэрэл зургийг Mpa.mn

Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөл, Архангай, Говь-Алтайн баруун, Баянхонгор, Өвөрхангайн баруун хойд хэсгээр 10-14 градус, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байдаг.

Энэ сард агаарын дундаж температур Увсын зүүн, Ховд, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнодын хойд хэсэг, Завханы нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар уг дунджийн орчим байх төлөвтэй.

Харин Хөвсгөлийн зүүн, Өвөрхангай, Төв, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсэг, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 48-70 мм, Баян-Өлгий, Увс, Өвөрхангайн өмнөд, Завханы баруун өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 8-28 мм, бусад нутгаар 29-46 мм хүртэл хур тунадас ордог.

Зургаадугаар сард Увс, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Завхан, Дорнодын хойд, Архангайн баруун хойд, Хөвсгөлийн баруун өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн өмнөд, Дундговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Долоодугаар сард ихэнх нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар халуун байна

 
Гэрэл зургийг Mp.mn

Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн баруун хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 12-17 градус, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 22-27 градус, бусад нутгаар 17-21 градус дулаан байдаг.

Долоодугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун хойд, Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна.

Уур амьсгалын дунджаар Архангай, Булганы ихэнх нутаг, Хөвсгөлийн зүүн хагас, Өвөрхангай, Төв аймгийн баруун хойд, Сэлэнгийн баруун, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын хойд болон зүүн өмнөд хэсгээр 75-107 мм, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр 13-44 мм, бусад нутгаар 45-75 мм хүртэл бороо ордог.

Энэ сард Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Говь-Алтайн баруун хойд болон зүүн өмнөд, Завхан, Сүхбаатарын баруун өмнөд, Баянхонгорын өмнөд, Дундговийн зүүн өмнөд хэсэг, Ховд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Наймдугаар сард ихэнх нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар халуун байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 20-25 градус, Баян-Өлгийн баруун, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байдаг.

Харин наймдугаар сард Завхан, Булган, Сүхбаатарын зүүн, Хөвсгөлийн баруун өмнөд, Архангайн баруун, Төв, Хэнтийн хойд, Сэлэнгэ, Дорнодын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар хур тунадас Хөвсгөл, Архангайн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 71-100 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр 13-40 мм, бусад нутгаар 41-70 мм ордог.

Энэ сард Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Хөвсгөлийн баруун өмнөд, Ховд, Говь-Алтайн өмнөд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговь, Дундговийн зүүн, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсэг, Говь-Сүмбэр, Дорноговийн нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар