Индэр    
2017 оны 3 сарын 31
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

ТАНИЛЦ: Тэтгэврийн хөгшчүүлээс хэмнэж буй мөнгө ТӨРИЙН НЭМЭГДСЭН ЗАРДАЛТАЙ ЯГ ТЭНЦҮҮ

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ирэх жилээс тэтгэврийн насыг хойшлуулж эхэлнэ. 

Бас таны сар бүр цалингаасаа төлдөг нийгмийн даатгалын шимтгэл дэх тэтгэврийн даатгалын хэмжээг ч нэмэгдүүлнэ. 

Тодруулбал, таны сар бүр цалингынхаа 10 хувийг төлж байгаа нийгмийн даатгалын долоон хувь нь тэтгэврийн сандаа төлдөг. Үлдэх гурван хувь нь эрүүл мэнд, тэтгэмж, ажилгүйдэл зэрэг даатгалд хуримтлагддаг. 

Тэгвэл тэтгэврийн санд хуримтлагдах энэхүү долоон хувь 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс найман хувь болж нэмэгдэнэ. Мөн ажил олгогч таны өмнөөс 10-11 хувийн НДШ төлж байсан нь дахин нэг хувиар нэмэгдэнэ.  Ингэж нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэнээр дийлэнх иргэдийн одоо авч буй орлого буурахаар болоод буй.  Энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжлагатай ЭНД дарж танилцах боломжтой. 

Сангийн сайд тэтгэврийн насыг эр, эмгүй 65  болгох тухай мэдээлсэн. Жил бүр зургаан сарын хугацаагаар тэтгэврийн насыг хойшлуулсаар 65 болгоно.

Ирэх долоо хоногт УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. УИХ-д өргөн бариад буй Засгийн газрын төсөл дэх тэтгэврийн насны тооцооллоос та бүхэндээ танилцуулъя. 

Тэтгэвэр тогтоолгох он Эрэгтэй Эмэгтэй
2017 60 нас  55 нас 
2018 60 нас 6 сар  55 нас 6 сар
2019 61 нас 56 нас
2020 61 нас 6 сар 56 нас 6 сар
2021 62 нас 57 нас 
2022 62 нас 6 сар 57 нас 6 сар
2023 63 нас  58 нас
2024 63 нас 6 сар 58 нас 6 сар
2025 64 нас 59 нас 
2026 64 нас 6 сар 59 нас 6 сар
2027 65 нас  60 нас 
2028   60 нас 6 сар 
2029   61 нас
2030   61 нас 6 сар
2031   62 нас 
2032   62 нас 6 сар
2033   63 нас 
2034   63 нас 6 сар
2035   64 нас
2036   64 нас 6 сар
2037   65 нас


Засгийн газраас өргөн барьсан төсөлд дурдсанаар "...Сүүлийн 10 жилд дундаж насжилт нэмэгдэх чиг хандлага цаашид үргэлжилж 2025 онд эрэгтэй 70.2, эмэгтэй 83.8, 2030 онд эрэгтэй 72.4, эмэгтэй 88.4-т хүрч нэмэгдэх урьдчилсан төсөөлөлтэй байна. Түүнчлэн актуар тооцоололд үндэслэн тооцсон тэтгэвэр тогтоолгох наснаас хойш амьдрах дундаж хугацаа эрэгтэй хүнд 60 наснаас хойш 15 жил, эмэгтэй хүнд 55 наснаас хойш 22.8 жил (60 наснаас хойш 19.1 жил) байна" гэжээ. 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт ийнхүү оруулсанаар "Дунд хугацаанд буюу 2018-2020 онд 98.2 - 227.5 тэрбум төгрөгийн зардлыг тэтгэврийн сангаас бууруулах, цаашид зардлын ачааллыг ДНБ-ний 2 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцсон болно" гэж хуулийн төслийн танилцуулгад бичжээ. 

Ирэх жилээс эхлээд тэтгэвэрт гарах хүмүүсийн нас зургаан сараар хойшлоод эхэлнэ. Ийм өөрчлөлт хийснээр төр гурван жилийн хугацаанд дээд тал нь 227.5 тэрбум төгрөгийг хэмнэх аж. Харин харамсалтай нь, төр зөвхөн 2017 онд л гэхэд батлагдсан төсөвт 220.7 тэрбум төгрөгөөр өөрсдийн зардлаа нэмэгдүүлэх төсвийн тодотгол өргөн бариад байгаа билээ. 

 

 

Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал эрс нэмэгдэж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ төр өөрсдөө эхэлж хэмнэж эхэлнэ гэж Ерөнхий сайд өөрөө нэгэн удаа мэдэгдсэн удаатай. 

Гэвч түүний үг дөрөв хонохгүй худал гэдэг нь батлагдав.