Индэр    
2016 оны 12 сарын 22
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

ВИДЕО: Та автомашин дотроо ЯМАР ХЭМЖЭЭНИЙ АГААРЫН БОХИРДОЛД өртдөг вэ?

Зураг

Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ямар хэмжээний ноцтой хохирол учруулж байгааг төр засгийн зүгээс анхаарахаа болиод удаж буй. Энэ талаарх дорвитой шинжлэх ухааны үндэслэл ч үнэндээ алга. 

Харин НҮБ-ын Хүүхдийн сангаас “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” судалгааны тайланг саяхан танилцуулсан бөгөөд Улаанбаатар хотын нарийн ширхэглэгт тоосонцорын хэмжээ дэлхийн стандартаас ДОЛОО дахин их байна. Монголд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь тэргүүлэх шалтгаан нь хатгалгаа байгаа юм. Энэ нь өөрөө эх нялхсын эндэгдлийн 15 хувийг эзэлж байна.  Хатгалгаанд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь агаарын бохирдол. Ялангуяа хүүхдүүд насанд хүрэгчдээс хоёр дахин хурдан амьсгалдаг бөгөөд уушги нь бохирдоход амархан байдаг юм байна.

Мөн насанд хүрээд архагшиж болох гурван төрлийн өвчин агаарын бохирдлоос үүсэж байгаа гэдгийг судалгааны тайлан харуулсан тухай НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберто Бенес онцолсон юм. 

Хэдийгээр нарийн ширхэглэгт тоосонцор бидний эрүүл мэндэд хэрхэн хохирол учруулж түүнээс яаж хамгаалах талаар бид ярьж байгаа ч бусад агаар бохирдуулагч бодис буюу хүхрийн давхар исэл (SO2), азотын давхар исэл (NO2) зэрэг нь ямар түвшинд хордуулж байгааг бид мэдэхгүй, ярихгүй байгаа. 

Тэгвэл энэ талаарх хамгийн энгийн бөгөөд бидэнд ойлгомжтой байдлаар судалсан “Ногоон Титэм” лабораторийн судалгааны багтай бид холбогдлоо. 

Агаар дахь хүхрийн давхар исэл (SO2), азотын давхар ислийн (NO2) хэмжээ хэд байгааг тэд зөвхөн нэг цагийн туршилтаар машин дотроо шинжилсэн байна.

SO2, NO2 гэгч бидний эрүүл мэндэд ямар хор нөлөөтэй талаар та эхлээд уншаарай. 

Азотын давхар исэл NO2

Өнгөгүй, бага зэрэг таагүй үнэртэй хий бөгөөд агаар мандалд их агууламжтай байх үед бор шаргал, улаан хүрэн өнгөтэй болж, урвалд идэвхтэй ордог. Агаарын бохирдлын эх үүсвэрээс ялгарсан азотын исэл (NO) агаар дахь хүчилтөрөгчтэй нэгдэхэд үүснэ. Үүссэн азотын давхар исэл нь агаар дахь дэгдэмхий органик нэгдэл зэрэг хүчтэй исэлдүүлэгчийг үүсгэнэ. Аливаа түлшний өндөр температурт шатах үед үүсдэг ба авто тээврийн хэрэгслийн дотоод шаталт, цахилгаан халаагуур, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг агаар бохирдуулах эх үүсвэрээс ялгардаг.

Азотын давхар исэл нь уушгины эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг. Азотын давхар исэл нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, гуурсан хоолойн багтраа болон үрэвсэлтэй хүний мэдрэгшлийг нэмэгдүүлэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй. Зүрх судасны, уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

Хүхрийн давхар исэл SO2

Өнгөгүй, хурц үнэр, амттай, урвалд идэвхтэй ордог хий. Нүүрс, газрын тос зэрэг хүхэр агуулсан түлшний шаталт, металл боловсруулах үйл ажиллагаанаас үүсдэг.

Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүхрийн давхар исэл нь амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлэх бөгөөд сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

ТУРШИЛТ:Бид автомашинд явж байхдаа SO2, NO2 –т хэрхэн өртдөг вэ?

Тус туршилтыг гардан хийсэн судлаач Б.Алтангэрэлтэй бид дараах ярилцлагыг хийлээ.

- Энэ судалгааг хийсэн байгууллагатай эхлээд танилцах нь зөв байх. Та лаборатори болон өөрийнхөө тухай танилцуулахгүй юу?
- Намайг Б.Алтангэрэл гэдэг. “Ногоон Титэм” гэж байгаль орчны шинжилгээний лабораторийн үүсгэн байгуулагч, захирлаар ажилладаг.  Бид агаарын бохирдлын судалгаа шинжилгээ хийдэг лабораторитой. 

Тодруулбал, хүмүүсийн сайн мэдэх агаар бохирдуулагч хүхрийн давхар исэл (SO2), азотын давхар исэл (NO2), озон (O3) зэргийн шинжилгээнүүдийг хийхээс гадна авто машины дугуй, хуванцар шатаахаар гардаг химийн хорт нэгдлүүдийг тодорхойлдог Монголын анхны лаборатори юм. 

- Хамгийн сүүлд буюу бидэнд үзүүлсэн судалгаагаа тайлбарлахгүй юу?
- Улаанбаатарчууд өглөө гэрээсээ гараад хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэчихээд ажилдаа явдаг. Орой буцахдаа хүүхдүүдээ бүгдийг нь цуглуулаад гэртээ ирдэг. Энэ хугацаанд буюу зүгээр л машин дотор эсвэл автобусанд байхдаа ямар хэмжээнд бохирдож байна вэ гэдгийг мэдэхийг хичээсэн юм. Машины хувьд нарийн ширхэглэгт тоосны тодорхой хэмжээг шүүдэг агаар шүүгчтэй байдаг ч SO2, NO2 –г шүүж чаддаггүй.  Тэгэхээр бид ямар хэмжээнд бохирдож байна вэ гэдгийг л судлах зорилготой байсан. 

Бид энэхүү туршилтыг түгжрэл арай бага цагаар буюу оройн 21 - 23 цагийн хооронд хийсэн. Дараагийн судалгаагаа магадгүй өглөөний буюу хүмүүсийн ажил цуглах цагаар хийх ёстой байх. 

- SO2, NO2 гээд агаар бохирдуулагч зөвхөн хоёр бодисыг та бүхэн судалсан байна. Бусад агаар бохирдуулагчийг судлах уу?
- Тийм ээ. Судалж үзэх төлөвлөгөө байгаа. 

- Иргэд маань PM2.5, PM10 гэсэн тоосжилтоос бол өөрийгөө зайлшгүй хамгаалах хэрэгтэй байгаагаа тодорхой хэмжээнд мэддэг болсон байх гэж найдаж байна. Харин SO2, NO2 –с бид өөрсдийгөө яаж хамгаалах вэ?
- PM2.5, PM10 гэдгийг энгийнээр тайлбарлавал эмэгтэй хүний энгэсгээс нарийн ширхэгтэй тоосжилт гэсэн үг.  Энэ тоосыг машины агаар шүүгч тодорхой хэмжээнд шүүдэг.  Гэхдээ бас ямар машин, ямар агаар шүүгчтэй байна вэ гэдгээсээ шалтгаалдаг учраас бид иргэдийг машин дотроо ч агаар шүүгчтэй маскаа зүү гэж зөвлөж байгаа. 

Машины агаар шүүгчийн хувьд нарийн ширхэгтэй тоосонцорыг харилцан адилгүй шүүдэг ч SO2, NO2 –ийг бол шүүж чаддаггүй. Мөн маск ч энэ хоёр бодисыг шүүдэггүй. Тэгэхээр агаарын бохирдол өөрөө буурч байж л бид энэ  бохирдлоос хамгаалагдана гэсэн үг. 

- Та бүхний хийсэн судалгаа бол зөвхөн машин доторх. Тэгвэл гадаа алхаад явж байгаа хүн хэдий их бохирдох бол?
- Бид нар өнгөрсөн Баасан гарагт Баруун дөрвөн зам дээр ажиллаж байсан замын цагдаагийн ажилтан агаарын бохирдолд хэрхэн өртөж байгааг хэмжиж үзсэн.​ Тэгэхэд NO2-р гэхэд хэвийн түвшнээс гурав дахин өндөр бохирдож байгаа нь батлагдсан. Гэтэл тэр хүн өвөл, зунгүй тийм бохирдолд өртөж байгаа гэж бодохоор маш харамсалтай. Бид тэр судалгаагаараа замын цагдаа нарыг ядаж хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгааг тодорхойлж, удирдлага нь тодорхой хэмжээнд ажлын горим, хөдөлмөрийн аюулгүй байдалд нь анхаарал хандуулах цаг болжээ гэдгийг хэлмээр санагдсан. 

- Тэгэхээр эхний туршилтын үр дүнгийн хувьд мэдээж агаарын бохирдуулагч хоёр бодис манай улсын байх ёстой хэмжээгээс хоёроос гурван дахин их байгааг та бүхэн нотолжээ.  Тэгэхээр зарим хүн ялангуяа шийдвэр гаргагчид маань өөрсдийгөө Зайсанд, зусланд, нүхтэд амьдраад энэ нь агаарын бохирдолд өртөхгүй байгаа гэдэг ойлголтыг үгүйсгэлээ гэж ойлгож болох уу?
- Тийм ээ. Хүмүүс би Зайсанд очингуутаа агаар шүүгчээ хэрэглэхээ больчихдог гэдэг. Энэ бол буруу. Энэ агаарын бохирдолд бид бүгдээрээ хохирч байгаа. Манай гэр гэхэд Зайсан орчимд байдаг. Би жишээ нь гэртээ агаар шүүгч хэрэглэдэг. Гэтэл манай гэрийн шүүлтүүр маш бохир гардаг. Тэгэхээр хүн болгон гэртээ агаар шүүгч тавих ёстой. Цонхоо битүүмжлэлтэй болгох ёстой.  

"Баянхошууны нэг айлын гэр доторх агаарыг долоо хоногийн турш шинжлэхээр төлөвлөөд байна"

- Хамгийн гол нь энэ судалгаа чинь зөвхөн нэг л цагийнх. Гэтэл бид өдөр бүр хэдэн цаг ийм агаараар амьсгалж байна вэ?
- Тийм ээ. Бид жилийн дөрвөөс таван сар ийм агаараар амьсгалаад байхаар хамгийн наад зах нь хүний дархлааны систем сулраад эхэлж байгаа юм.  Түүнээс үүдэн гарч байгаа өвчлөлүүд судалгаагаар нотлогдсон байдаг. 

- Дараагийн судалгаагаа мөн дотор орчин буюу гэртээ байхдаа хүн яаж хордож байгааг судална гэж байсан. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?
- Бид гэрийн орчиндоо агаарын бохирдолд арай бага өртөж байгаа гэж ойлгодог. Гэхдээ яг ямар байна вэ гэдгийг буюу үнэхээр тийм гайгүй байгаагаа шинжилж мэдэх хэрэгтэй. Тиймээс ирэх долоо хоногт гэр доторх агаарыг шинжилж үзэхийн тулд Баянхошууны нэг айлын агаарыг долоо хоногийн турш шинжлэхээр төлөвлөөд байна. 

- Та бүхний нотолж байгаагаар бид машин дотроо хордож байна. Магадгүй гэртээ ч хордож байна. Гадаа бол бүр ойлгомжтой. Тэгэхээр бид хаана амьдрах вэ?
- Угаасаа л бид эрүүл амьдрах  орчингүй болоод удаж байна.  Гэхдээ бид гэртээ ядаж өөрсдийгөө гэр бүлээ хамгаалах арга хэмжээнүүдийг авч болно. Агаар шүүгч ажиллуулж, чийгшүүлэгч тавих хэрэгтэй. Цонхоо яг онгойлгох цагт нь онгойлгож бай. Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хий. Гадуур явахдаа, машинд явахдаа маск зүүх хэрэгтэй. 

Нэгэнт ийм нөхцөлд бид амьдарч байгаа учир төр засгийн зүгээс гамшгийн түвшинд хүрчихээд байгаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. Хятад гэхэд гамшгийн түвшинд хүрчихсэн байгаагаа зөвшөөрч сургууль, цэцэрлэгээ амрааж байна. Манайх тэгвэл сургуулиудаа яагаад хаахгүй байна вэ. Яагаад Засгийн газар, Боловсролын яам үүнд анхаарлаа хандуулахгүй байна вэ. Өнөөдөр хүүхдүүд маск өгсөн ч зүүхгүй шүү дээ. Ээж, аав нар нь зүүлгэсэн ч гэрээсээ гараад найзуудтайгаа тоглоод маскаа аваад хаячихна. Тэгэхээр эхний ээлжинд сургуулийн сурагчдыг зун биш өвөл амраадаг болмоор байна. Хүүхдүүд маань зун хичээлдээ явдаг болвол адаглаад бид зун утаа, агаарын бохирдлын талаараа мартахгүй байхад тустай шүү дээ. 

Агаарын бохирдлоос үүдэж байгаа өвчлөл, дутуу төрөлт, өсөлтгүй жирэмслэлт ямар хэмжээнд хүрч байна вэ гэдгийг бид хоёр хоорондоо ярих шаардлагагүй хүмүүс мэдэж, мэдэрч байна. 

Хүүхэд төрүүлнэ гэдэг уг нь бол хүний хэвийн биологийн үйл явц. Гэтэл Улаанбаатарт хүүхэд төрүүлэхэд ямар нэгэн байдлаар заавал нэмэлт асаргаа, эмчилгээ шаардлагатайгаар төрж байна. Энэ бол эрсдэл шүү дээ.  Тэгэхээр 2000 оноос хойш төрсөн хүүхдүүдийн хувьд бүхэл бүтэн нэгэн үе уушгины эмгэгтэй хүмүүс бий болж байна. Үүнээс үүдэж хорт хавдар, үргүйдэл гээд маш олон асуудал урган гарч болно шүү дээ. 

- Ерөнхий сайд хэдэн өдрийн өмнө эрдэмтэддээ үүрэг даалгавар өгсөн байна лээ. Та судлаач хүний хувьд энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?

- НҮБ-ын Хүүхдийн сангийн тодорхойлсоноор Монголын Засгийн газар агаарын бохирдлын эсрэг хэтэрхий удаан, хэтэрхий хойрго ажиллаж байна гэсэн дүгнэлттэй л миний санал нэгдэж байгаа даа.