Зураг
Зураг
Индэр    
2014 оны 2 сарын 25
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Бирагийн Аръяа: Хамгийн ажил муутай хүмүүс тарган байдаг болсон

Зураг
Биологийн ухааны доктор, АНУ-ын Үндэсний хүрээлэнгүүдэд харьяалагдах Насжилт судлалын үндэсний хүрээлэнгийн дархлаа зохицуулалтын хэлтсийн эрхлэгч, АНУ-ын шинжлэх ухааны хүндэт доктор Бирагийн Арьяа

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ биологийн ухааны доктор, АНУ-ын Үндэсний хүрээлэнгүүдэд харьяалагдах Насжилт судлалын үндэсний хүрээлэнгийн дархлаа зохицуулалтын хэлтсийн эрхлэгч, АНУ-ын шинжлэх ухааны хүндэт доктор Бирагийн Арьяаг урьж ярилцсан юм.

-Та бид хоёр 23 жилийн өмнө таныг Америк явж байхад уулзсан. Тэгээд саяхан Сөүлийн онгоцны буудал дээр таарч уулзлаа. Та өнгөрсөн хугацаанд АНУ-д байсан. Түүнээс өмнө бол хоёулаа Москвагийн Улсын их сургуульд цуг сурдаг оюутнууд байлаа. Биологийн ухааны докторын зэргийг та 30 настайдаа хамгаалсан байгаа юм. Тэгээд Америкт очоод тус улсын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгүүдэд ажиллаж эхэллээ. Энэ хүрээлэнгийн тухай товч танилцуулаач. Дотор нь хэлтсийн эрхлэгчээр ажилладгийн хувьд их сонин мэдээлэл өгөх болов уу?

-Манайхаар бол Эрүүлийг хамгаалах яамны харьяанд байгаа академи шиг, төсвийн хөрөнгө нь улсаас гардаг, жилийн 30 тэрбум ам.долларын төсөвтэй байгууллага. Дэлхий даяар ялангуяа Америктаа эрүүл мэндийн судалгаа хийхэд гол хөрөнгийг өгдөг. 30 тэрбум ам.долларын 80 хувийг тэтгэлгээр гадагш өгдөг, 20 юм уу, арай бага хувь нь дотоод хэрэгцээнд явдаг.

-Манай улсын эдийн засгаас гурав дахин том санхүүтэй. Энэ институтүүд гэж яриад байгаа нэгжүүд хаана хаана байдаг юм. Энд тэнд байдаг юм уу?

-Нэлээд хэдэн газар байдаг. Нийт 27 хүрээлэнгээс бүрддэг.

-Та очоод л Насжилт судлалын үндэсний хүрээлэнд ажиллаж эхэлсэн юм уу?

-Үгүй ээ. Би эхлээд доктор хамгаалчихаад Илинойсын их сургуульд очсон. Ажлын гараагаас тэндээс эхэлсэн. 2011 оноос тасгийн эрхлэгчээр ажиллаж байна.

-Хэдэн хүн ажилладаг юм?

-Одоо бол таван хүнтэй ажиллаж байна.

-Бүгд судлаачид уу?

-Судпаачид. Голдуу дэлхийн бүх орнуудаас хүнээ өрсөлдүүлж байгаад авдаг. Ихэнх нь анагаахын чиглэлийн докторууд ажилладаг.

-Та энэ инстудийнхээ эрдэмтэн буюу хүндэт доктор. Нэг үгээр хэлбэл бүх насаараа тэнд ажиллах, тэтгэвэрт гарсан ч хамаагүй ажиллаад байх эрх авчихсан юм билээ. Яаж тэр эрхийг авдаг юм?

-Тэр бол ийм. Ерөнхийдөө АНУ, Европт хэдий профессор ч байлаа байнгын ажилтай байдаггүй. Мөн л адил ажил, тэтгэлэг олж чадахгүй бол ажилгүй. Бүх ажил байнгын биш, тодорхой төслүүд хийдэг. Цөөн хүнийг ажлын үр дүнгээр, хүрээлэнгийн зөвлөлийн шийдвэрээр цалинтай болгож өгдөг. Ийм хүмүүс бүх насаараа цалинтай, тэтгэвэрт ч гарах хэрэггүй.

-Америкт хүмүүс ажил олохсон гээд байдаг. Таныг тэтгэврийн насандаа очсон ч ажиллаач л гээд байх юм байна. Тэгэхээр үүний цаана учир, хийсэн юм байна даа. Та 12 патентын бүртгэлтэй. Нэгийг нь Энди Андерсон гэж хавдрын том эмнэлгүүдэд авч хэрэглэх гэж байгаа юм байна. Ямарыг нь ингэж авдаг вэ?

-Бид хэд хэдэн патенттай л даа. Олонх нь хавдартай хэрхэн тэмцэх вэ, дархлааны эсүүдийг яаж хянаж байгаад дархлааны тодорхой үйлчилгээг өөрчлөх вэ гэх зэрэгт хариу өгсөн дүгнэлтүүд гаргадаг юм. Дээхнэ үед цусны хавдартай тэмцэх вакцин хийж туршиж байсан. Амьтан дээр туршсан. Патент гэдэг бол урьд нь ерөөсөө байгаагүй юм байдаг. Хүн сэдээд ярьсан л бол патенталж болохгүй. Ийм нэг шинэ юм байгаа юм. Харин лицензийг нь тухайн байгууллагаас өөр байгууллага, компаниуд худалдаж аваад үйлдвэрлэлд хэрэгжүүлдэг.

Дархлааны эсүүд өөрийнхөө эсүүдийг устгахаас сэргийлж зохицуулж байдаг. Тэгтэл хавдар тэр эсүүдийг ашиглаад өөрийг нь устгах эсүүдийн идэвхийг бууруулж байдаг.

-Та шинэ төрлийн зохицуулагч нээж өөрөө нэр өгчээ. Энэ нь хавдрын үед зохицуулагч болж өөр нэг төрлийн эсийг өдөөн бие мах-бодийн хавдрын эсрэг дархлааг сулруулдаг болохыг гаргаж ирсэн юм байна. Энэ тухайгаа ярина уу?

-Одоогоос таван жилийн өмнө бид өөр эс судалж байсан юм. Их сонин л доо. Дээхнэ үед юу гэж үзэж байсан бэ гэхээр хавдрыг дархлааны эс CDA-д ч юм уу идэвхжээд устдаг гэж үзэж байсан. Тэгж явтал сонин шинэ салбар гарч ирсэн. Ригулатори, /уучлаарай олон улсын нэр томъёо тул англиар хэлэхээс аргагүй нь/ ийм дархлааны эсүүд байдаг юм. Тэр эсүүд маш чухал. Яагаад гэхээр биднийг өвчнөөс хамгаалж байдаг. Дархлааны эсүүд өөрийнхөө эсүүдийг устгахаас сэргийлж зохицуулж байдаг. Тэгтэл хавдар тэр эсүүдийг ашиглаад өөрийг нь устгах эсүүдийн идэвхийг бууруулж байдаг байх нь. Юу гэсэн үг вз гэхээр гэмт хэрэгтэн цагдаа нарыг нимгэн болгоод нөгөө цагдаа нараар нь бариулахтай жишиж болох юм.

-Цагдаа нарыг өөртөө элсүүлээд бусад цагдаа нарын эсрэг тавихтай харьцуулж болох нь байна...

-Тийм тийм. Бид бас нэг өөр эс судлаад хэвлэлд биччихээд ажлынхаа зургуудыг харж байсан чинь нэг л сонин групп эс байгаад байсан юм. Манайд Пүрэвдорж гэж залуу доктор бий.

-Монгол?

-Монгол. Би лабораторидоо заавал нэг монгол хүн байлгахыг боддог юм. Түүндээ энэ ер нь юу вэ, сайн харна шүү гэж байлаа л даа. Тэгсэн удалгүй доктор ’’Аръяа багш аа, энэ чинь В эс байна шүү дээ” гэлээ. Ийм юм байж боломгүй. Сонин юм даа гэж ярилцаад бид хоёр цааш нь судалсан юм. Тэгтэл тэр мөн ригулатори функц гаргадаг В эс байв. Тэр эс жирийн биесийг хувиргаад ригалутори В эс болгоод, тэр В эс нь цаашаа Т эс гаргаад, тэд нь дархлааны сайн эсүүдийн хүчийг бууруулаад хавдар ургах нөхцөл бий болгоод байдаг юм байна л даа.

-Саяын таны ярьдаг зүйл хавдар судлалын чиглэл дэх хүн төрөлхтний ололт амжилтын хүрээн дэх нээлт гэж үзээд лиценз өгсөн юм байна шүү дээ. Тэгэхээр түрүүний нэр дурдсан компани энэ лицензийг тань авсан юм уу?

-Үгүй ээ, өөр. Тэд нийтдээ гурван патент авч байгаа юм. Нэгийг нь бүр аваад хэрэгжүүлээд явж байгаа.

Бидний хийх гол юм бол хүнд туслах хэрээр хор нөлөөгүй вакцин гаргаж авах. Энэ бол алсхаймерийн вакцин.

-Танайхыг тухайлбал вакцин гаргаж авснаар ой санамж нь муудсан настай хүнд туслах зэрэг нээлт хийсэн гэж ойлгоод байна...

-Хэдийгээр би Насжилтын хүрээлэнд ажиллаж байгаа ч гэсэн өөр чиглэлийн ажлууд хийдэг л дээ. Төрөл бүрийн өвчин судалж, түүнтэй тэмцэх арга хайдаг. Бидний хийх гол юм бол хүнд туслах хэрээр хор нөлөөгүй вакцин гаргаж авах. Энэ бол алсхаймерийн вакцин. Настай хүнд тарихад үйлчилгээтэй. Ихэнхдээ настай хүнд вакцин үйлчлэхээр тааруу болсон байдаг л даа. Яагаад гэвэл дархлааны систем нь их муудсан байдаг учраас тэр. Гэхдээ одоогоор бидний бий болгосон энэ вакциныг хэн ч авч үйлдвэрлээгүй байна.

-Та бүхэн судалгааны үр дүнд бий болсон эм дом, вакцинаасаа ашиг хүртэнэ биз?

-Миний үүрэг, сонирхол бол судалгаа. Тэр дундаа суурь судалгаа юм. Харин цаашхи ажлыг компани байна уу, их сургуулиуд байна уу аваад хуулийн хүрээнд өөрсдөө хөгжүүлээд явдаг.

-Нэгэнт танай судалгааны үр дүнд гаргаж авсан вакциныг үйлдвэрлэж борлуулаад ашиг олох юм бол танай байгууллагад тодорхой төлбөр ирнэ. Тэр нь нэлээд өндөр байна гэж ойлгож байна...

-Тэгж ойлгож болно. Гэхдээ бидний сонирхол юу болж байна, юу болохгүй байна, цаашид юу хийх вэ гэдэгт байдаг.

-Таны 60 гаруй нийтлэл материал шинжлэх ухааны дэлхийн нэртэй сэтгүүлүүдэд гарчээ. Sience, “Cancer research” зэрэг. Энэ бүхнээс аль сэтгүүлд гарсныг нь хамгийн чухал гэж боддог вэ?

-Эрдэмтэн хүнд “эрдмийн улс төрийн” чиглэлийн гэдэг утгаар Sience чухал. Сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх гэдэг маш хэцүү стресстэй ажил байдаг. Эхлээд редактор нь харна. Энэ үнэхээр шинэ юм мөн үү үгүй юү гэдэг дүгнэлт хийнэ. Түүний дараа шалгах эрдэмтдийн багт илгээнэ. Тэр эрдэмтдийнх нь нэрийг ч мэдэхгүй.

Сэтгүүл хэчнээн нэртэй байна, тэр хэрээр хэцүү байдаг. Бүх л эрдэмтэн Sience-д хэвлүүлэх гэдэг ч бүтдэггүй. “Cancer research” зэрэг маш сайн мэргэжлийн сэтгүүл байдаг. Гэхдээ л бас үүнд нийтлэлээ гаргах амаргүй. Гэхдээ яах вэ, миний хэд хэдэн дуртай ажил тэр сэтгүүлд гарсан л даа.

-Хүн төрөлхтөн хорт хавдар гэдгийг хэзээ эдгээж чадах вэ. Мөн бүх хүн 100- гаас илүү наслах боломж байна гэж үзэж байгаа. Энэ боломжтой юу?

-Сонирхолтой асуулт байна. Гэхдээ хариулахад маш хэцүү. Хавдартай тэмцэх тухайд нааштай ажлууд явагдчихсан. Хавдартай ч өвчиндөө нэг их баригдахгүйгээр насаа насалдаг болсон. Хавдар гэдэг том зүйл л дээ. Олон эрхтнээс, олон эсээс гарч байна. Төрөл нь ч олон. Тэмцэх арга нь хавдар ямар байхаас хамаараад янз янз.

Заримтай нь амархан тэмцэж байгаа юм. Хөхний хавдраар хүмүүс их нас бардаг байсан бол одоо янз бүрийн арга хэмжээ аваад байдаг болсон. Энэ төрлийн хавдартай хүмүүс өвчиндөө шаналалгүй ажлаа хийгээд яваад байх боломж таван жилээр сунгагдсан.

Тэгтэл өөр асуудал гарч ирдэг. Хөхний хавдартай хүний уушги руу хавдар дамжих нь бий. Уушгины өвчлөлтэй тэмцээд эхлэхэд тархи руу ороод ирдэг. Тэгснээ ясных болж гарч ирдэг. Энэ бол арай сүүлд л дээ. Энэ бүхэнтэй шат шатанд нь тэмцэж явсаар яваандаа устгал хийгдэх цаг ирэх байх. Нааштай юмнууд их хийгдсэн.

Хүн 100-гаас илүү насалж болох л байх. Гэхдээ одоогийн бид 90 хүртэл аз жаргалтай эрүүл насжиж болно гэж бодож байна.

Хоёр дахь асуудал. Хүн 100-гаас илүү насалж болох л байх. Гэхдээ одоогийн бид 90 хүртэл аз жаргалтай эрүүл насжиж болно гэж бодож байна. Үүнд юу тус болох вэ гэхээр зөвхөн эмнэлэг биш, хоол унд, биеийн тамир тусална. Калори буюу энергиэр удирдаж болно. Хүмүүс энерги багатай хоол идээд биеийн тамир хийгээд эрүүл амьдардаг. Энэ тухайд миний, бидний тусалж чадах юм бол вакцинийг сайжруулах, өвчинтэй нь тэмцэх.

-Та 24, 25 жил гадаадад амьдарч байна. Монголтойгоо холбож ярья. Эргээд харахад манай хүмүүсийн байгаа байдал, эрүүл мэнд, хорт хавдар нэмэгдэж байгаа байдал, агаарын бохирдол зэргийг та яаж харж байна вэ?

-Агаарын бохирдол бол маш аюултай. Үүнтэй цуг олон юм явж байгаа. Бидний хэрэглэж байгаа хоол хүнс, унд ус, амьдралын хэвшил, халдвар ямар байна. Энэ бүх зүйл хоорондоо холбоотой. Хүүхдүүдийг багаас нь зөв сайхан хүмүүжүүлэх хэрэгтэй. Эцэг эх нь амьдралынхаа хэвшлийг өөрчлөх хэрэгтэй. Улсаас агаар, усны бохирдол, хогтой тэмцэх ажлыг сайн зохион байгуулах хэрэгтэй. Хувь хүн өөрөө өөрийгөө зөв авч явах хэрэгтэй.

Бас нэг санаа зовоож байгаа зүйл бол манай хүмүүс гэнэт таргалж байна. Энэ бол зөвхөн үзэмжийн асуудал биш, эрүүл байх эсэх тухай ойлголт.

Харамсалтай нь энэ манайд төдийлөн хэвшил болоогүй байна. Бас нэг санаа зовоож байгаа зүйл бол манай хүмүүс гэнэт таргалж байна. Энэ бол зөвхөн үзэмжийн асуудал биш, эрүүл байх эсэх тухай ойлголт. Хавдар, чихрийн шижин зэрэг өвчний эхлэл. Чихрийн шижинг тоохгүй бол яваандаа хөлгүй болно, сохорно, улмаар амь насаа алдана. Нийгмээс ч гэсэн их хэмжээний мөнгө зарах болно.

Гадуур явж байхдаа монголчуудаа харахад горьгүй болж байгаа юм байна. Ажиллаж хөдөлмөрлөж олсон мөнгө нь буцаад эрүүл мэндээ сайжруулахад явах болно. Дээхнэ үед Орост ч тэр жаахан гайгүй амьдралтай хүмүүс нь бага зэрэг тарган байх гэсэн ойлголт байдаг байлаа. Гэтэл одоо бол үгүй. Америкт хамгийн ажил муутай, мэдлэг муутай хүмүүс тарган байдаг болсон. Таргалалтын хэмжээ нормоос хэтрээд, энэ нь улсын хэмжээний асуудал болж ирсэн.

Эрүүл мэндийн даатгал төлж чадахгүй ядуу хүмүүсийн эмчилгээг улс хариуцдаг. Гэтэл таргалалтаас үүдэлтэй өвчин эмгэг дийлдэхээ байхаар төрийн ачаа ихэсч байгаа юм. Монголд бол эсрэгээрээ. Арай гайгүй мөнгөтэй хүмүүс нь болохоо байгаад байдаг. Яваандаа өвчтэй болно л доо. Эсвэл магадгүй ойлгож ирж байгаа юм уу. Энэ талаар бичсэн, сануулсан юм юу ч байхгүй юм. Хэвлэл мэдээллээс ч харагдахгүй байна. Дэлхий даяар ийм асуудал байгаа ч манайх шиг жижиг оронд илүү илэрч байна.

-Яасан нь дээр вэ?

-Улсаар бүхнийг хийлгэж болохгүй л дээ. Гэхдээ л төрийн зүгээс ойлгуулан таниулах ажил хийх хэрэгтэй. Зурагтаар тайлбарлах, элдэв хичээл сургалт явуулах хэрэгтэй. Хувь хүн өөрөө маш их хичээх хэрэгтэй. Болж өгвөл өнөө мундаг машинуудаа унахгүй байх. Явган явж баймаар байна. Өдөрт заавал биеийн тамир хийх ёстой. Тэгээд хоол хүнсээ тохируулах. Хүмүүс дэлгүүрт байгаа жимсийг хаанаас авчирдаг гээд асууж лавлаж хэрэглэдэг хэрнээ гадаадаас авчраагүй эндээсээ олж авдаг гурван хуруу зузаан өөхтэй мах идээд байдаг. Тэр хортой. Хүн бүр өөхтэй маханд дуртай л даа. Гэхдээ үргэлж идэж болохгүй.

Явган явж баймаар байна. Өдөрт заавал биеийн тамир хийх ёстой. Тэгээд хоол хүнсээ тохируулах.

-Энэ талаар сургуульд заах цаг болсон биш үү?

-Болсон. Эрт эхлэх байсан.

-Өөр санаа зовж байгаа асуудал байна уу?

-Хоёр дахь нь юу вэ гэхээр шинжлэх ухааны асуудал л даа. Хөндлөнгөөс харахад төрж байгаа сэтгэгдлээ хэлэхэд дуртай биш байж магадгүй. Гэхдээ хэлэх нь зүйтэй байх. Оюун ухааныг хүндлэхээ байсан шиг санагдах юм.

-Оюуны баялгаа үнэлэхгүй байна гэж үү?

-Тийм. Зүгээр нэг ийм гялгар байшинг илүү үзэх болж. Дээр үеийн сайхан юмнуудыг аваад хаячихдаг болж. Бид Чингис Чингис гэх атлаа түүх, дурсгалын зүйлүүдээ аваад хаячих юм.

-Оронд нь шилэн байшин барьчихсан...

-Тэр байшин өнөөдөр гялтганаад л алга болно. Жуулчид ч сонирхохгүй. Нөгөө талаар оюуны ажил хийж байгаа хүмүүсийг хүндэтгэх, урамшуулах нь огт алга болчихсон юм шиг байх юм.

-Ямар механизмаар хаана нь дарвал энэ хөгжих вэ. Юу нь болохгүй байна?

-Харин ээ, энэ хэцүү асуудал. Үүнийг яавал хөгжүүлэх тухай ухаан надад байхгүй. Зүгээр миний ойлголтоор ийм байна. Үүнийг манай улстөрчид ойлгох хэрэгтэй. Шинжлэх ухаан, урлаг хоёргүйгээр Монголд ирээдүй байхгүй. Бизнесийнхэнд эрх чөлөөг нь өгчихвөл сайхан хөгжинө. Урлаг ойлгодог бизнесийнхэн урлагаа дэмжээд эхэлж байгаад бахархаж байна. Харин шинжлэх ухааныг дэмжиж байгаа хэн ч алга.

Шинжлэх ухаан, урлаг хоёргүйгээр Монголд ирээдүй байхгүй.

Харамсалтай. Нөгөө талаас залуучуудад шинжлэх ухаан гэж юу юм бэ гэдгийг ойлгуулах, түүнд дуртай болгох, биширдэг болгох хэрэгтэй байна. Тийм бол Монгол хөгжинө. Үгүй бол хөгжихгүй. Дэлхийн улсууд хоорондоо өрсөлдөж байна. Монгол бусад улстай өрсөлдөж байна, амьд байхын тулд. Монголчууд хоорондоо өрсөлдөж байна. Энэ нөхцөлд шинжлэх ухаанаа дэмжих, залуу үеэ бэлтгэх ажлыг хослуулах хэрэгтэй байна.

-Тань шиг гадаадад мэргэжлээрээ ажиллахыг хүсч буй залуучуудад юу гэж зөвлөх вэ?

-Маш олон удаа унана. Хичээгээд л, сахилга баттай мөрөөдсөн үр дүн өнөөдөр ирэхгүй гэдгийг ойлгоод урагшлах хэрэгтэй. Жижигхэн зөгий цэцэг цэцэг дамжсаар ажилласаар байхад сав дүүрэн зөгийн балтай болно гэж бодож ажиллах хэрэгтэй. Залуус зөв газраа олох чухал. Том, дэлхийн хэмжээний нэр хүндтэй лаборатори, хүрээлэнгүүдэд анхнаасаа ханд. Хоёрын хооронд жижиг газар очвол цаг алдана. Шинжлэх ухаан бол өрсөлдөөн. Бизнестэй яг адил. Маргааш байтугай нөгөөдөр юу болохыг бодож явах талбар.

Зураг