Зураг
Зураг
Индэр    
2014 оны 1 сарын 24
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

И.К.Азизов: Орос руу визтэй зорчих асуудлыг Монголын талаас тавьсан

Зураг
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг урьж ярилцсан юм.

-Манай нэвтрүүлэгт тавтай морилно уу?

-Баярлалаа, ноён Жаргалсайхан.

-Та Монгол Улсад ирээд хоёр cap гаруй болж байна уу?

-Тийм ээ, өнөөдөр яг хоёр cap болж байна.

-Энэ хугацаанд шинэ албан тушаал, ажлынхаа талаарх эхний сэтгэгдлээ хуваалцана уу?

-Юуны өмнө би Монголтой холбоотой асуудалд шинэ хүн биш гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Надад өнгөрсөн зургаан жил хагасын хугацаанд Монголын түншүүдтэй хамтран ажиллах завшаан олдсонд би хувьдаа маш их баяртай байдаг. Энэ хугацаанд бид хоёр талын харилцааг хөгжүүлэх тал дээр гар нийлэн хамтран ажиллаж байсан. Тиймээс би бидний энэ харилцааны тал дээр туршлага суусан гэж хэлж болно.

Гэхдээ нөгөө талаар би өнгөрсөн хугацаанд, энэ ажлаа авахаас өмнө нь Монголд олон удаа ирж байсан. Магадгүй 25, 26 удаа ч байх, тодорхой тоо хэлэхэд бэрх байна. Гэсэн хэдий ч би энд хуучин Зөвлөлтийн зарим нэг хотод тархсан нэг ярианаас иш татъя. Заримдаа нэг удаа зочлох, эсвэл ажлаар айлчилж ирэх болон ОХУ-ын хувьд чухал түнш болох Монгол Улсын нийслэлд энэ чухал албан тушаалд томилогдон ирэх хоёрын хооронд маш том ялгаа бий. Тиймээс би одоогоор манай хоёр улсын харилцааны өнөөгийн байдлын талаар нэгдсэн дүгнэлт хийхийг яарахгүй байна.

Би бас Монголын талаарх мэдлэгээ дээшлүүлж, энэ ард түмнийг ОЙЛГОЖ сурахын тулд ирсэн гэдгээ хэлье. Таны асуултанд товчоор хариулахад бидний харилцааны үндэс суурь нь бат бөх хэвээрээ байна, цаашид он удаан жилийн туршид ч энэ хэвээрээ байна гэдэгт итгэж байна. Энэ бат бөх үндэс суурин дээр тулгуурлан шинэ Орос улс болон шинэ Монгол Улс хөгжиж буй он жилүүдийн туршид Орос, Монголын найрамдал болон стратегийн түншлэлийн бэлгэ тэмдэг болсон шинэ байшин босоод байна. Энэ байшинг босгоход хоёр талын зүгээс хүчин зүтгэл орж байгаа. Зарим нэг саад тотгор байсан, байгааг ч би нуулгүй хэлье. Гэхдээ хоёр улсын харилцаа маш их ирээдүйтэй гэдэгт би итгэж байна.

-Бидний харилцаанд сайхан ирээдүй байгаа гэдэгт би хувьдаа маш их найдаж байна. Өмнөх шигээ нягт дотно харилцаатай байсан бол бидний харилцаа өнөөдөр ямар байх байсан бол. Зарим нэг хүний бодлоор манай хоёр улсын өнөөгийн харилцааны түвшин эрс доошлоод байна. Энэ талаар таны байр суурь ямар байна?

-Надад энэ асуулт хоёр шалтгааны улмаас хариулахад бэрхшээлтэй байна. Нэгдүгээрт, энэ асуултад хариулахын тулд хэрэв тийм байсан бол одоо ямар байх байсан бол гэсэн ургуулан бодсон, хийсвэр таамаглал дэвшүүлэх шаардлагатай болж байна. Нөгөө талаас би миний өмнө ажиллаж байсан Элчин сайдуудын туршлагад тулгуурлан ажиллаж байна.

Бас дипломат болон Бүрэн эрхт Элчин сайдын албыг хашиж байгаагийн хувьд өмнөх Элчингүүдийн ажлын гүйцэтгэлийг дүгнэх нь миний хувьд тохиромжгүй. Тэд бүгд Орос-Монголын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийж, өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан. Үүнд би огтхон ч эргэлзэхгүй байна. Тэд бүгд өөрийн гэсэн арга барилаар энэ үүргээ гүйцэтгэж байсан. Яагаад гэвэл Элчин сайдын ажилд хүвь хүний онцлогууд тодорхой нөлөө үзүүлдэг.

-Улс төр болон дипломат холбоогүй Монгол улсын жирийн иргэн хүний хувьд Орос, Монголын харилцаа илүү өндөр түвшинд байх боломжтой мэт санагддаг. Энд нэг жишээ иш татья. Манай урд хөрш улсын удирдлага энэ тал дээр маш их анхаарал тавьдаг. Си Жиныган дарга хүртэл сүүлийн хэдэн сарын хугацаанд Монголын эрх баригчидтай бүгдтэй нь уулзсан гэж хэлсэн байдаг. Харин ОХУ-ын хувьд 2009 оноос хойш манайд өндөр дээд хэмжээний айлчлал хийсэнгүй. Монголын талаас ч мөн адил өнгөрсөн жил л гэхэд төрийн өндөрлөгүүдээс Орост айлчилсан тохиолдол байсангүй. Цаг хугацаа нь ингэж таарав уу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Би үүнийг дараах хэлбэрээр тайлбарлая. Жигд хөгжиж байгаа хөрш хоёр улсын харилцааг нөгөө хөрштэй өрнөж буй харилцааны түвшинтэй харьцуулах нь тийм ч оновчтой биш гэж би бодож байна. Гэнэтийн өөрчлөлтгүй жигд хэмнэлээр өрнөж буй хөрш улсуудын харилцааг нөгөө хөрш улсын хөгжиж буй харилцаатай харьцуулж болохгүй. Улс хоорондын харилцаа өөр өөр хэмнэлээр өрнөдөг. Жишээлбэл, 2009-2011 оны хооронд одоогоос өөр дүр зураг ажиглагдсан.

Мэдээж, тухайн үед Монголын талаас өмнөд хөршийн чиглэлд ч хийх айлчлалууд байсан. Харин илүү их анхаарлыг хойд хөршид өгч байсныг онцлох нь зүйтэй. 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Монголд төрийн дээд хэмжээний айлчлал хийснийг та бүгд санаж байгаа. Энэ айлчлалын өмнөхөн тавдугаар сард нь тухайн үед Засгийн газрыг тэргүүлж байсан одоогийн Ерөнхийлөгч В.В.Путин айлчилсан. Үүний дараа 2010 оны арванхоёрдугаар сард тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд манайд чухал айлчлал хийсэн.

Энэ бүх харилцан айлчлал, өндөр хэмжээний уулзалтын оргил нь 2011 оны тав, зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч ноён Ц.Элбэгдоржийн Орост хийсэн маш чухал айлчлал байлаа. Эдгээр айлчлал хоёр талын харилцаанд маш их үр өгөөжтэй, хоёр улсын хамтын ажиллагаа маш их ирээдүйтэй гэдгийг харуулсан. Орос, Монгол Улсын стратегийн түншлэл цаашид хэрхэн хөгжих гарцуудыг нээж өгсөн.

Дашрамд хэлэхэд, тэр үеэс үлдсэн гол, хамгийн чухал баримт бичиг нь “ОХУ, Монгол Улсын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглал” нэртэй байсан. Энэ баримт бичигт хоёр улсын Ерөнхийлөгч 2009 оны наймдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатарт гарын үсэг зурж байсныг та санаж байгаа байх.

-Улс төрийн өндөр түвшний айчлал олон хийгдсэн байж болно. Хамгийн чухал нь энэ айлчлал, уулзалтууд хоёр орны хоорондын бизнесийн түншлэл, эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад худалдааны хөгжилд ямар нөлөө үзүүлж байна вэ. Таны хэлснээр би хөршүүдийн харилцааг харьцуулах гэсэнгүй. Гэхдээ таны хувьд манай хоёр орны хоорондын арилжаа худалдаа ямар түвшинд байна вэ?

-Өнгөрсөн жил Орос, Монголын худалдааны салбарт бага ч гэсэн шинэ дээд амжилт тогтоогдсон. Худалдааны эргэлт 1,9 тэрбум америк долларт хүрсэн.

2013    оны хувьд жилийн худалдааны статистикийн мэдээ одоо энд надад алга. Гэхдээ урьдчилсан байдлаар 2013 онд хоёр талаас нийлүүлсэн барааны эргэлт 1,6 тэрбум орчим ам.долларт хүрсэн тооцоо байна. Энэ их үү, бага уу гэсэн сонирхолтой асуулт урган гарч байна.

-Хоёр орны худалдааны хамтын ажиллагаа ямар салбарт голлож байна?

-Ямар салбарт гэдэг нь тодорхой. Монголоос Орос руу экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний бүтэц арай цөөн байгаа нь нууц биш. Юуны өмнө манайд хайлуур жонш нийлүүлдэг, үүний хэмжээ өнгөрсөн жил буурсан нь үнэн. Үүнээс гадна арьс болон арьсан бүтээгдэхүүн, мөн ноос, ноосон эдлэл, мах, махан бүтээгдэхүүн экспортолдог. Харин Оросын талаас Монголд нийлүүлдэг гол бүтээгдэхүүн бол шатах тослох материал буюу газрын тосны бүтээгдэхүүн.

Эдгээр нь зарим тохиолдолд экспортын 60 хувийг эзэлдэг үе бий. Мөн эм ханган нийлүүлэх салбар хоёр орны худалдааны тодорхой хэсгийг эзэлдэг. Өөр бараа бүтээгдэхүүн бас экспортолдог. Гэхдээ ерөнхийд нь авч үзэхэд, хоёр талаас нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний төрөл арай цөөхөн байна гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.

-Та Сингапур болон Малайз дахь ЭСЯ-д ажиллаж байсан. Малайзад хоёр ч удаа байх аа?

-Тийм ээ. Нэг үгээр хэлэхэд би хятадууд олноор амьдардаг улс оронд ажиллаж байсан.

-Яагаад. Хятад хэлний мэдлэгтэй гэдгээрээ юу. Та хятад хэлийг МГИМО-д орохоос өмнө сурч эхэлсэн үү?

-Тийм ээ, гэхдээ бага зэрэг. Харин их сургуульд ороод би энэ хэлийг сурсан. Мөн 1976-1977 онд надад Сингапурын Наньяны их сургуулийн мандарин буюу төв хятад хэлийг судлах төвд суралцаж, хэлний дадлага хийх томилолтоор явах боломж олдсон. Тэр үед энэ сургууль манай оюутан, мэргэжилтнүүд ЗХУ-аас гадуур хятад хэл сурах, унаган хятад хэлтэй багш нараас суралцах боломжтой цорын ганц сургууль байсан.

-Та ямар үндэстэн бэ?

-Би эрлийз гэх үү дээ. Миний аав бурхан болчихсон. Тэр Самарканд хотоос гаралтай, Узбекистан улсаас гэсэн үг. Тэр узбек үндэстэн. Манай ээж бол орос хүн. Тэд аавыг Москвад аспирантурт байхад танилцсан. Ээж Москвагийн их сургуульд сурч байсан, аав ч мөн адил энэ нэр хүндтэй сургуульд сурч байсан. Тэд тэр үед танилцаад Москвад гэр бүл болсон доо. Тиймээс би...

-Тиймээс та Москвад төрсөн үү?

-Тийм ээ.

-Та Азид, тэр дундаа Монголд нийтдээ хэдэн жил өнгөрүүлэв?

-Вашингтон дахь ОХУ-ын ЭСЯ-нд таван жил ажилласныг эс тооцвол би дипломат мэргэжлээр ажиллаж буй бүх хугацаагаа Азид өнгөрүүлсэн.

-Таны намтарт Азийн зарим орныг хариуцсан Оросын ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын орлогч захирлаар ажиллаж байсан гэж байна.

-Тийм ээ. Энэ газар ямар ажил эрхэлдэг талаар товч мэдээлэл өгөхөд Зүүн хойд Азийг, тодруулбал, Хятад, Монгол болон хоёр Солонгосын асуудлыг хариуцан ажилладаг байсан.

-Зүүн хойд Азийн орнуудыг хариуцдаг байсан юм байна. Яриагаа эргээд манай хоёр орны эдийн засгийн харилцаанд шилжүүлье.

-Дуртайяа.

-Бид өмнө энэ тухай ярьж байсан, хил орчмын бүсүүдийн худалдааг хөгжүүлэхэд ямар асуудал тулгарч байна. Мөн хөгжүүлэх ямар гарцууд танд ажиглагдаж байна?

-Маш сайн асуулт байна. Хил орчмын бүс нутгуудын хоорондох худалдаа арилжаа нэгэн үед хоёр орны бараа бүтээгдэхүүний эргэлтийн далан хувийг бүрдүүлдэг байсан. Нэг тодорхой жишээ дурдахад Эрхүү муж л гэхэд Монголд экспортолдог ОХУ-ын бараа бүтээгдэхүүний 55 орчим хувийг нийлүүлдэг байсан. Энэ тоон үзүүлэлт хил орчмын бүсийн худалдаа хоёр орны эдийн засгийн харилцаанд ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг илтгэж байна. Хил орчмын бүс нутгуудын бараа таваарт тулгуурлан хоёр талын барааны эргэлтийн хэмжээг ихэсгэх нь энэ харилцааг ахин сайжруулахад шууд нөлөө үзүүлнэ.

Гэхдээ хилийн бүсийн эдийн засгийн харилцааг үлгэрт гардгийн адил шидэт дохиураар ганц дохиод л боллоо гэдэг шиг нэг хоёр гэнэтийн арга хэмжээ авснаар шийдэхгүй нь ойлгомжтой. Үүний тулд цогц арга хэмжээ авах шаардлагатай. Орос, Монгол аль аль талын хил орчмын бүсийн орон нутгийн удирдлагууд харилцаагаа өргөжүүлэх тухай, шинэ тохиролцоонд хүрэх сонирхолтой гэдгээ аль хэдийнэ илэрхийлсэн.

Энэ тухай хоёр улсын Засгийн газар хооронд зөвшилцлийн гэрээ байгуулах асуудлыг дэмжих нэг гарц байна. Мөн манай хоёр орон Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон явдал ямар нөлөө үзүүлж болохыг судлах хэрэгтэй. Орос улс 2012 оны наймдугаар сард энэ байгууллагад элссэн. Харин Монгол...

-Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад элсээд удаж байгаа.

-Дэлхийн олон орныг эгнээндээ нэгтгэсэн энэ байгууллагын гишүүнчлэл манай хоёр орны харилцаанд ямар нөлөө үзүүлж, ямар боломж нээж өгөх талаар би баттай мэдээлэл өгч чадахгүй. Гэхдээ нэг жишээн дээр ярилцья. Монголоос Орост нийлүүлдэг мах, махан бүтээгдэхүүний дийлэнхийг нь үхрийн мах эзэлдэг. Хониных биш шүү. Тэгэхээр хэрэв Оросын эрүүл ахуйн шаардлагыг хангаж чадаж байвал үхрийн махнаас гадна хонины мах экспортлох боломж танайд байна. Учир нь, хонь болон шувууны мах импортлоход ОХУ-ын зүгээс тодорхой хэмжээний гаалийн татварын хөнгөлөлт удахгүй үзүүлдэг болох юм. Энэ бол зөвхөн ганц жишээ.

-WTO буюу Дэлхийн худалдааны байгууллага улс хоорондын худалдаа арилжааг улам чөлөөтэй, хурдтай болгохыг зорьж ажилладаг гэж ойлгож болох уу?

-Яг зөв. Үүний төлөө л Монгол болон ОХУ энэ байгууллагад элссэн.

-Би Туватай хил залгаа нутагт очиж байсан. Кызыл хүртэл машинаар яваад амжсан.

Маш сонирхолтой аялал байсан гэдэгт итгэлтэй байна

-Тэгвэл дараа хамт явах санал танд тавьж байна.

-Дуртайяа хүлээн авъя. Тохиролцлоо шүү.

-Элчин сайдын хувьд танд нэг зүйлд анхаарахыг хүсч байна. Хоёр улсын хилийн цаахна монголчууд авчирсан бараагаа зарж борлуулдаг нэг жижигхэн тосгон байдаг. Гэхдээ монгол хүн Оросын хилээр 35 кг бараа таваар оруулах эрхтэй бол орос хүн 50 кг ачаатай байж болдог юм байна. Тухайн бүс нутгийн оросууд Хятадаас бараа зөөх боломжгүй тул монголчууд тэднийг хөлсөлдөг тогтолцоо бий болжээ. Тухайлбал, тэд нэг цагаан цаасан тасалбар аваад...

-Та нэг удаа хил нэвтрэх зөвшөөрлийг хэлж байна.

-Тийм. Энэ цаасаар хоёр талаас хил нэвтэрдэг. Гэхдээ Орос руу орж байгаа монголчууд оросуудыг, эсвэл ОХУ-ын иргэдийг хөлсөлж, 50 кг ачаа бариулж хил давуулдаг юм байна. Энэ бол жижиг ч гэсэн хоёр орны хилийн бүсийн худалдааны эргэлт нэмэгдэхэд саад болж байгаагийн наад захын нэг жишээ. Үүнээс гадна энэ тасалбараа аваад хил давсан Монголын иргэд Тувагаас буцахад гаалийнхан тэдэнд бараа таваар худалдан авахыг зөвшөөрдөггүй. Энэ тасалбар нь зөвхөн хамаатан садныхаараа зочлоход л хүчинтэй гэж үүнийгээ тайлбарладаг гэнэ.

-Тийм асуудал бий. Хил нэвтрэх энэ зөвшөөрөл нь юуны өмнө садан төрлүүдийн уулзаж учрахыг хөнгөвчлөх, бараа таваарын наймааг бус хилийн бүсийн хүмүүсийн харилцаа холбоог дэмжих зориулалттай.

-Би ойлгож байна. Тэгэхээр хилийн бүсийн ард иргэдийн бараа таваарын солилцоо, наймаа худалдааны эргэлтийг яаж нэмэх вэ?

-Тун сайн асуулт байна. Энэ тал дээр Орос, Монголын талууд хамтран ажиллаж, зөвшилцөлд хүрэх шаардлагатай.

-Хил дагуу худалдаа хөгжих нь тухайн бүс нутгийн ард иргэдийн амьдралд, цаашилбал хоёр орны харилцаанд ч хэрэгтэй.

Гэхдээ бид Oрoc, Монголын талын аль аль нь нэг зүйл дээр анхааран ажиллах нь зүйтэй гэдгийг онцолъё. Орос, Монголын төрийн удирдлагууд хилийн бүсийн худалдааг дэмжихдээ орчин үеийн соёл иргэншлийн шаардлагад нийцсэн бараа солилцооны хэлбэрүүдийг сонгож ажиллах ёстой. Гараас наймаа хийдэг үзэгдэл арилах болоогүй, энэ худалдаа хилийн бүсийн бараа эргэлтэнд тодорхой хувь нэмрээ оруулдаг. Гэхдээ энэ харилцааг хөгжүүлэх ирээдүй болон найдлага арай өөр байх ёстой болов уу?

-Арай том хэмжүүрээр өрнөх ёстой гэж үү?

-Тийм ээ, том хэмжүүрээр. Хэрэв бид харилцаагаа хурдтай хөгжүүлж, өргөжүүлэх зорилго тавьж байгаа бол томоор, өргөнөөр сэтгэж, далайцтай хөдлөх хэрэгтэй.

-Том хэм хэмжээгээр хөдлөхөд бас нэг зүйл саад болж байна. Өмнө хоёр улсын иргэд хоорондоо харилцан визгүй зорчдог байсан. Харин одоо виз гэж том асуудал гарч ирээд байна. Яагаад ийм байдалд хүрэв. Яагаад оросууд, монголчууд визгүй зорчиж болохгүй байна вэ?

-Тийм ээ, ийм нэг сонин байдал үүсээд байгаа. Өнөөдрийн хувьд цөөнгүй орны иргэд Монголд орж ирэхэд визний шаардлагагүй болсон. Нөгөө талаар монголчууд ч олон орон руу визгүй зорчдог болсон. Ямар асуудал байна. Яагаад бидний хооронд ийм тохиролцоонд хүрээгүй байна вэ гэсэн асуулт гарч ирж байна. 1995 он хүртэл хоёр улсын иргэд ямар ч визний шаардлагагүй хил даван зорчдог байсныг та мэдэж байгаа. Монголын талаас хил нэвтрэхэд визтэй болох санал тавьсан. 

Энэ талаар хоёр тал удаан хэлэлцээр хийсэн. Гурван жил орчим хэлэлцсэний эцэст 1995 онд хоёр улсын иргэд хил даван зорчиход визтэй болох хэлбэрт шилжсэн. Аз болж, 1994 онд талууд ирээдүй, алсыг харсан туйлын зөв онцгой шийдвэр гаргасан юм.

Тухайлбал, хил орчмын бүсийн иргэдэд таны хэлсэн нөгөө цагаан цаасан тасалбараар буюу хил давах нэг удаагийн зөвшөөрлөөр аль болох хурдан шуурхай хил нэвтрэлцэх зөвшөөрөл олгохоор тохиролцсон юм. Энэ зөвшөөрлийг хоёр улсын эрх бүхий байгууллагууд хилийн бүсийн иргэддээ олгодог. Энэ журмыг бид 1994 онд баталсан. Харин дараа жил нь Монголын талаас тавьсан хүсэлтийн дагуу бид визээр зорчих журамд шилжсэн юм. Энэ журмыг 2006 он хүртэл мөрдсөн. Тэр үед бидэнд Монголын талаас ахин нэг санал ирсэн.

Үүнд визтэй зорчих журам шаардлагагүй боллоо, энэ журам хоёр талын хамтын ажиллагааны хөгжилд, хамгийн гол нь манай хоёр орны хооронд олон жилийн тэртээгээс тогтсон, одоо ч байгаа бат бөх харилцааны үндсэн суурьд саад болж байгаа тухай өгүүлсэн байлаа. Оросын тал энэ албан бичгийг визгүй журамд шилжих санал гэж хүлээн авсан. Тэр үеэс хойш хоёр тал дахин удаан хугацааны хэлэлцээр өрнүүлсэн.

Хоёр улсын Гадаад хэргийн яамны Консулын департаментууд 2011 онд Улаанбаатарт тохиролцоонд хүрч, үүний зэрэгцээ ОХУ, Монгол Улсын хооронд реадмиссийн тухай гэрээнд гарын үсэг зурах тухай тохиролцоод байсан.

-Энэ ямар утгатай вэ?

-Уг нь хоёр албан бичиг, тодруулбал, хоёр албан бичгийн төсөл байсан. Эхнийх нь хоёр улсын иргэд ямар ч хязгаарлалтгүй, визгүй хил дамжин зорчих тухай байна. Хоёр дахь хэлэлцээр буюу реадмиссийн тухай хэлэлцээрийн гол агуулга нь нэг улсын иргэн нөгөө улсын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд харилцан тохиролцсоны дагуу түүнийг иргэншилтэй улс руу нь буцаан илгээнэ. Одоогоор сүүлийн тохиролцоонд хүрээгүй,

-Тэгэхээр хугацаа заагаагүй гэсэн үг үү?

-Гэрээ хийгдээгүй байгаа, хугацаа заасан тоо төсөлд байгаа. Одоогоор би үүнийг зарлах эрх байхгүй. Учир нь одоогийн байдлаар ямар ч гэрээ хийгдээгүй, ямар ч гарын үсэг зурагдаагүй байгаа. Гэхдээ визгүй зорчих хугацаа хангалттай урт гэдгийг урьдчилан хэлье. Ямар ч байсан бусад улстай байгуулсан гэрээнээс дутахгүй урт хугацаа тусгагдсан гэдгийг хэлж чадна.

Зураг