Зураг
Зураг
Индэр    
2022 оны 11 сарын 18
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Төсөв, өр ба та

Зураг

УИХ 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар 2023 оны улсын төсвийг батлав.

Хэмнэлтийн гэгдэх энэ төсөв 1.4 их наяд төгрөгийн буюу ДНБ-ний 2.6 хувьтай тэнцэх алдагдалтай юм байна. Гэхдээ алдагдал нь өмнөх жилээсээ хоёр дахин буурсан гэх.

Ирэх онд ДНБ 5 хувиар өсөж 54.4 их наяд төгрөгт (өнөөгийн ханшаар бол 16 тэрбум ам.доллар) хүрэх ажээ. Төсвийн орлого 19 их наяд төгрөг буюу ДНБ-ний 34.9 хувьтай, зарлага 20.4 их наяд буюу 37.6 хувьтай тэнцэнэ. 2023 оны эцэст инфляц нэг оронтой болох гэнэ.

Энэ төсөв нь шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, үрэлгэн байдлыг хязгаарлах, хөрөнгө оруулалт бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжих, уул уурхай, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдээ дуусгаж, эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулах, хотоос хөдөөд шилжихийг дэмжсэн татвар, цалин хөлсний бодлого хэрэгжүүлэх, эдийн засгийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх зорилготой гэжээ.

Энэ төсөв аль хэр бодитой, иргэдийн амьдралд ямар үр нөлөөтэй бэ?

Өр

Төсвийн алдагдал бол өр буюу зээл авна гэсэн үг. Төрийн авсан, зарсан хэмжээ нь адилхан байж л макро эдийн засгийн тогтвортой байдал хадгалагдана. МУ 2012 оноос хойш засгийн газрын гадаад бонд гаргаж, өр тавьсаар ирсэн ч, тэр их мөнгөөр доллар олохуйц, олигтой үнэ цэнэ бүтээж чадаагүй учир жил бүрийн хүү, үндсэн зээлээ төлөхийн тулд нэмж зээл авсаар, өрийг өрөөр дарсаар өдийг хүрлээ. Энэ хариуцлагагүй үйлдлийг “дахин санхүүжүүлэх” гэж гоёор нэрлэдэг.

2023 онд Чингис бондын 500 сая доллар, Хөгжлийн банкны 800 сая долларыг “дахин санхүүжүүлнэ”. Хэрэв олон улсын зээлдүүлэгчид ЗГ-т итгэхгүй, зээлээ төл гэвэл гадаад валютын нөөцийн 2.8 тэрбум долларын 1.3 нь яваад өгнө. Тэгвэл 2-3 сарын импортын төлбөрийг хангаж чадахгүйд хүрч, төгрөгийн ханш огцом унана гэсэн үг. Тиймээс хөрөнгө оруулагчдад төсвийн сахилга баттай улс гэдгээ харуулахын тулд төсвөө алдагдалгүй батлах ёстой байлаа. Нөгөө талаас, Засгийн газрын нийт өр ДНБ-ний 70 хувьтай тэнцсэн (түүний 90 хувь нь гадаад) учир нэмэх боломжгүй. Манайх уг нь 50 хувиас ч хэтрэх ёсгүй. Өртэй айл өр нэмж тавихаар хүү нь улам өсдөг.

Бууруулах байсан нэг том зардал нь цар тахлын үед ДНБ-ний 4 хувьтай тэнцэх болсон хүүхдийн мөнгө. Төсөвт энэ мөнгийг сарын 3.5 сая төгрөгөөс доош орлоготой өрхийн хүүхэд бүрд сарын 100 мянган төгрөг олгохоор оруулсан. Тэр нь нийт хүүхдийн 90 хувийг хамарна гэсэн нь 2024 оны сонгуульд бэлдсэн ажил бололтой. Үүнийг зөвхөн эмзэг өрхийн хүүхэд бүрд бодитой хүргэхэд л зардал хоёр дахин буурч, ДНБ-ний 2 хувьтай тэнцэж, төсөв алдагдалгүй гарах байлаа. Хүүхдийн мөнгийг хавтгайруулж олгохын оронд зөвхөн шаардлагатайд олгох нь зүйд нийцнэ, сонгогдох төлөвлөгөөнд нь мэдээж нийцэхгүй.

Та

Төсөв алдагдалтай гарах тусам төр засгийн өр төлбөр нэмэгдэнэ. Өр төлбөр ихсэх тусам татвар нэмэгдэж буюу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт буурч, ажлын байр хумигдана. Эсвэл төрийн өмчийн компани олноор байгуулж, бизнесийн биш төсвийн чанартай ажил хийлгэснээр ашиг нь бас буурч, ажлын байр ч цөөрнө. Өрсөлдөөн суларснаар, шинийг санаачлах багасаж, улмаар бүтээмж буурна.

Төрийн компани олшрохын хирээр авьяас чадвараар нь биш, “арын хаалганы” зарчмаар ажил олдог болж, тухай салбар уналтад ордог. Ажилласаар байхад л ядуураад байдаг танил зураг эндээс үүдэлтэй. Төр засаг нь ажил биш, мөнгө олгоод эхлэхээр бараа үйлчилгээний үнэ өсдөг (инфляц).

Тийм учраас ардчилсан тогтолцоотой улс оронд иргэд нь төр засгийн үйл ажиллагааг төсвөөр дамжуулан мэдээлэл, мэдлэгтэйгээр хянаж, засаж залруулахыг шаардаж чадсан цагт Таны амьдрах, ажиллах орчин нөхцөл сайжирч, гадагшаа явж ажиллах хэрэгцээ чинь багасна.

Зураг