Зураг
Зураг
Индэр    
2023 оны 3 сарын 6
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Японы тэмдэглэл

Зураг
jargaldefacto.com

Япон улсын Фүкүоака, Сага, Нагасаки, Ойта, Айчи аймаг болон Токио хот.

2023 оны 2-р сарын 10-17-ны өдрүүд (Замын Тэмдэглэл)

Сага аймаг. Карацү хот

Өнөөдөр Японы алдарт "Baгю" хар үхрийн фермд зочлов. Фермийн эзэн Накамура-сан ажилдаа хайртай бүсгүй юм. 1,200 махны үхэр, 200 үнээтэй. Улсын баталгаатай бухны үрийг шахаж үржүүлнэ. 30 сартай үхэр 800 кг хүрээд худалдаанд явна. Бүх үхэр ээмэгтэй. Том ээмэг нь 10 оронтой улсын, бага нь тус аймгийн "паспорт". Үр удам, тэжээл, эрүүл мэнд өсөлтийг нь тэмдэглэсэн зураасан кодтой. Төрөөд маханд явтлаа зүүнэ. Энд таван хүн ажилладаг. Улсын стандартад нийцсэн тэжээлийг, өөрийн захиалсан найрлагаар авна. Малын эмч өдөр бүр ирнэ. Борлуулалтыг JA (Japan Agro) хариуцна. Япон 2022 онд 7,800 тон үхрийн мах (150 мянган үхэртэй тэнцэх) экспортолжээ.

зураг
 

Нагасаки аймаг. Мацуура хот

Мацуура хотын Өв Соёлын Төвд зочлов. Юань гүрний үед Хубилай хаан 1274, 1281 онд Япон руу довтолжээ. 1281 онд 4,400 хөлөг онгоцыг (140 мянган цэрэг) Хятад ба Солонгосоос илгээжээ. Гэвч маш хүчтэй далайн шуурга (kamikaze) болж бүх онгоцыг живүүлжээ. Такашима хэмээх энэ арал дээр монгол цэргүүдийн хэрэглэлүүдийг загасчид олоод байжээ. Тэдгээр олборуудыг цуглуулан энэ төвийг 1983 онд байгуулсан ажээ.

Живсэн онгоцнуудын үлдэгдлийг Япончууд далайн гүнээс хайж олж, гаргасаар байгаа гэнэ. Энэ зангуу л гэхэд 600 кг жинтэй, долоо орчим м урттай гэхээр 30, 40 метр урттай том хөлөг онгоцнууд байсан болов уу гэж энэ судалгааны төвийн дарга Тадаши Учино гуай ярив. Энэ төвд мөн 1277 оны монголын цэргийн ерөнхий командлагчийн чулуун тамга, тухайн үеийн цэргийн дуулга зэрэг олдвор байх бөгөөд дуулгыг 3D-ээр дүрсэлжээ. Чулуун тамганы хэмжээ 6.5 х 6.5 см, 726 грамм жинтэй.

зураг
 

Фүкүока аймаг. Фүкүока хот

Фүкүока хотын музейгээр зочлох үед Токиогийн Их сургуулийн проф.К.Хоримото нь “Хубилай хааны 30 мянган цэрэг, 900 хөлөг онгоцоор ирээд Хакатагийн буланд 1274 оны аравдугаар сарын 20-нд байлдсан. Тэд цөөн морьтой, дэлбэрдэг бөмбөг, сэлэм жадтай байсан. Япончууд морьтой, олуулаа байсан. Хоёр улсын цэргүүдээс олноор алагдсан байдаг. Монголчууд ухраад, буцахдаа бас далай шуурганд өртсөн. Энэ тухай 20 м урт 2 туузан зураг улсын санд байгаа” гэж ярьж байв.

Монголчууд 7 жилийн дараа 1281 онд 4400 хөлөг 140 мянган цэрэгтэй буцаж ирсэн боловч далайн шуурганд өртжээ.

Фүкүока хотын зүүн дүүрэг Нишиүра гэдэг газарт байдаг “Монгол уул” – Мооко-Яма.

Кюүшү арлын хамгийн баруун талын цэгт орших Монгол уул. Энэ уулын оройд 1274 ба 1281 онд монголын цэргүүдийн харуулын цэг байрлаж, алсад буй хөлөг онгоцнууддаа утаагаар дохио өгдөг байжээ. Уулын бэлд нь хоёр талын алагдсан цэргүүдийг оршуулсан гэх. 1895 онд тэдний сүнсийг даатгах гэж Хакатагийн иргэд энэхүү чулуун хөшөөг босгожээ. Гэвч хөшөө 2005 оны газар хөдлөлтөөр унасан бөгөөд түүнийг орон нутгийн иргэд, Фүкүока дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар, Кюүшү Окинава Монголын Найрамдалын Нийгэмлэг хамтран хоёр орны хандивлагчдын дэмжлэгтэйгээр 2022 оны 11-р сарын 29-д сэргээн засварлаж босгосон байна. Дайнтай түүхээ орхиж, энх тайвнаар оршихыг бэлэгдсэн энэ сайхан дурсгал ийнхүү сэргэжээ. Олон хүн ирдэг юм байна.

зураг
 

Ойта аймаг. Хуучны анд Такэ

Хуучин андын гэрт нь зочилж, халуун рашаанд орж, хоол унд болов. Такэнори Шимизү-санг Монголчууд андахгүй. 1977 оноос хойш Монголтой холбоотой олон ажил хийсэн, 2011-2016 онуудад Монгол улсад Япон Улсаас суугаа Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан. Тэтгэвэртээ гарсан ч, бас л завгүй. 2 ч их сургуульд профессор хийж, Монголын тухай хичээл зааж байна. Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн ЕНБД. Хоёр орныг ойртуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан хүн. Одоо ч бас санаа оноо дүүрэн. Нэлээд ярилцав.

Тэрбээр Японы хамгийн урт дүүжин явган гүүр лүү харсан цонхтой шинэ байшиндаа Монгол зургийн галерейтай. АЗ, ТШ Н.Чүлтэм гуайн 6-7 зураг, өөр олон арван алдартай бүтээлүүд байна. Төрсөн нутаг Ойтадаа, жуулчин татах гэж олон мод тарих төсөл эхлүүлжээ. Уулын орой дээр хувийнхаа 2 га газарт 100 мянган мандарваа (dahlia) цэцэг, 1,000 сакура тарих гэнэ. Мөн таван үеэрээ амьдарсан 140 жилийн настай модон байшингаа сэргээн засна гэнэ. Эгэл мөртөө агуу хүн. Тэтгэвэрт гараад шинэ амьдрал эхэлдэг ажээ. Нас бол тоо л юм даа. Go Go Shimizu-san!!!

зураг
 

Айчи аймаг

Нагояад галт тэргээ солих хугацаа 25-хан минут байсан ч, маш хурдан энэ нутгийн кишимэн (хавтгай гоймон) шөл идэж амжив. Цаг наргүй ажилладаг хүмүүст энэ газар 60 жил үйлчилж байгаа гэнэ. Энэ вокзал дээр дөрвөн салбар ажиллуулдаг юм байна. 670 иенээр хоолны билет худалдан аваад ороход хоол бараг шууд гарч байна. Энэхүү шуурхай үйлчилгээний ачаар галт тэргэнд яаралгүй суулаа.

Айчи аймаг. Тоёотагийн үйлдвэр.

1. Нагояа хотоос холгүй, Тахара хот дахь Тоёотагийн үйлдвэрт зочлов. Японд байдаг 11 үйлдвэрийн нэг нь бөгөөд 7,790 хүн ажиллаж байна. Тус үйлдвэр нь 4-runner, LC Prado, Lexus GX460 зэрэг долоон модель үйлдвэрлэдэг юм байна. 70 секунд тутамд нэг машин гардаг гэнэ шүү.

Шасси (суурь хүрээ) болон их биеийг нь автомат болон гар арга хослуулж угсарч байна. Гэхдээ өргөх, зөөхдөө гар краныг хэрэглэдэг юм байна. Ажилчин бүр ажилдаа үнэхээр сурамгай яг л робот гэсэн үг. Дадал шаардсан, хэцүү ажил хэдий ч тэд түүртсэн шинжгүй.

2. Мөн Тахара хотод зөвхөн Тоёотагийн машин ачдаг боомт байна.

Том онгоцонд 5000 машин ачихад 3 хоног болно. Тус бүр 16 хүнтэй 5 багаар ажиллана. Машинуудыг бөөрөөр нь 10 см, хамраар нь 30 см зайтай ёотон шиг өрчих юм. Ямар ч алдаагүй, зогсолтгүй, шоргоолж шиг, гайхамшигтай систем.

3. Тоёота 2022 онд 2.6 сая машин Япондоо, 6.5 саяыг нь дэлхийн 27 орны 50 үйлдвэрт үйлдвэрлэжээ. Тоёота нийт 372 мянган ажилчидтай, дэлхийн хамгийн том машины үйлдвэр. Түүний дараа VW Group ордог. Toyota яг цагт нь (just-in-time) систем нэвтрүүлснээр бүх нийлүүлэлт тухайн өдрийн товлосон цагтаа, хэрэгцээт хэмжээгээрээ ирдэг юм байна. Сэлбэгийн агуулах, бүтээгдэхүүн хадгалах том талбай ч байхгүй тул тухайн зах зээл рүү нь шууд ачуулдаг.

4. Монголд жилд 1,600 орчим Тоёотагийн шинэ автомашин Таванбогд ХХК, Мөнххада ХХК, Топ моторс ХХК гэсэн гурван борлуулагчаар дамжин борлуулагддаг. Дээр нь Тоёота Лексусийн энгийн болон хосолмол хөдөлгүүрт шинэ автомашины бөөний борлуулагч Тоёота Сэйлс Монголиа ХХК гэж Тоёотагийн албан ёсны эрхтэй дистрибьютор компани бий.

Харин хуучин Приүс машинууд бол хувь хүнээр болон бусад компаниудаар дамжин орж ирдэг.

Айчи аймаг. Хуучин батарейг яадаг бол?

1. Ханда хот. "Тоуота Chemical Engineering" компанид машины никель ба литийн хаягдал зайг (батарей) цуглуулж дахин боловсруулдаг ажээ.

Тоёота машины никельтэй батарейг энэ үйлдвэрт задлан, зайг +500 хэмд шатааж, металл торон ялтас дээр нь үлдсэн никелийн хар нурмыг хусаж авдаг. Түүний дараа зэвэрдэггүй гангийн (stainless steel) үйлдвэрт нийлүүлдэг гэнэ. Жишээ нь Приус-40 хүртэлх загвар никель батарейтай.

Харин 2015 оноос хойших Приус-50д никель болон лити ион батарейг хослуулан суурилуулдаг юм байна. Литийн батарейг дахин боловсруулдаг тусдаа үйлдвэр энд байдаг ба Тоёотагаас бусад машины зайг ч бас авдаг гэнэ.

2. Монголын хуучин батарей хаачдаг вэ? МУ-д 2022 оны байдлаар 1,270,000 тээврийн хэрэгсэл (мотоцикл, трактор ороод) бүртгэлтэйгээс 780,000 нь техникийн улсын хяналтын үзлэгт хамрагдсан байна (ЗТЯ). Түүнээс 28.5% буюу 223, 000 нь Приус маркийн машин юм. 2018 оноос жилд 20,000-25,000 хуучин Приус машин монголд орж ирж байна.

Тэдний хэрэглэсэн батарей хаачаад байна вэ? Хэрэв хээр хаяад байгаа бол ямар хор хөнөөлтэй бэ? Энэ хоёр асуултын зарим хариуг энд сонслоо. 2018 оноос жил бүр 40 тн чингэлгээр 4 удаа Приусийн хуучин батарей Монголын Цайз захаас цуглуулж энэ үйлдвэр ачуулж авсан гэнэ. 1 чингэлэгт 1400 машины зай буюу жилд 5600 машины зай энэ үйлдвэрт ирж байна гэсэн үг. Ирж явж буйг харьцуулж нэг үзээрэй. Хятадууд өмнө их зөөдөг байсан боловч улсынх нь байгаль орчны шаардлага чангарснаас болоод Монголд батарей задалж ялгаж буй талаар 2019 онд хаягдлын тухай нэг хурал дээр ярьж байсан. Энэ байдлыг төр засаг маань мэддэг, хянадаг болов уу?

Токио хот

Сантори Концертийн заал

Боломж гарвал энэ алдарт зааланд орж, хөгжим сонсоорой. Акустикаарaa дэлхийн топ гэгддэг. Миний бие энэхүү зааланд гурав дахь удаагаа орох завшаан тохиов. Энэ орой Токио Метрополитен Симфони Оркестра тоглов. Францын Faure, Schimitt, Chausson гэдэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг сонсов.

зураг
 

Хөгжимчид нь япончууд, удирдаач нь Я.П. Тортелиер гэдэг франц хүн байлаа. Заал дүүрэн, үзэгчид бүгд масктай, ихэнх нь настайвтар хүмүүс байв. 2006 хүний суудалтай, зориулалтын, энэ концертын заалыг 1986 онд нээжээ. Santory koмпанийг үндэслэн байгуулагч Shijiro Torii "бизнес нийгэмдээ хариу барих" ёстой гэдэг байжээ. Энэ компани виски үйлдвэрлэж эхэлсний 60 жилийн ойгоороо ийм ордон барьж ард түмэндээ бэлэглэжээ. Бас Урлагийг дэмждэг Сантори санг байгуулжээ.

Хакухо ба Миягино дэвжээ

Хакухо аварга Мияагино нэртэй болжээ. Монголчуудын хувьд бол Мөнхбатын Даваажаргал хэвээрээ. Усыг нь уувал, ёсыг нь дага гэдэг. Сүмогийн бөхөөс дасгалжуулагч багш болж, дэвжээгээ өвлөн авсан, алдар хүндийн оргилд хүрсэн зам нь амаргүй байжээ.

зураг
 

Яаж амжилтад хүрсэн, нэг юмыг төгс хийх гэж хэрхэн хичээдэг, хэрхэн анхаарлаа төвлөрүүлж явдаг тухайгаа тэрбээр ярьсан. Түүнтэй Токиогийн Сүмида дүүрэгт байрлах түүний дэвжээн дээр нь хийсэн ярилцлага хоёрдугаар сарын 22, шинийн 3-нд Тэнгэр ТВ-ээр Дефакто ярилцлага нэвтрүүлгээр цацагдсан бөгөөд энд бүрэн эхээр нь толилуулж байна.

Устөрөгчийн машин Мирай

Тоёотагийн "Mirai" гэх энэхүү машинд 5.6 кг (6000 иен) шингэрүүлсэн устөрөгч шахаад 850 км явна. Цэнэглэдэг, нэгдсэн стандартын түгээх 163 станцыг (Iwatani Co. Chiba) япон орон даяар байршуулсан гэнэ. Автобуснуудыг устөрөгчид бас шилжүүлж байгаа ажээ. Устөрөгч агаартай урвалд ороход үүсдэг эрчим хүчээр мотор хөдөлдөг. Энэ машины мотор нэг айлыг 3 хоног цахилгаанаар хангаж чадна. Байгалийн гамшиг зэрэгт хэрэг болдог байх нь.

зураг
 

Энэ машинаар арваад км явлаа. Утаа биш ус багаар ялгардаг. Ирсний дараа ус жоохон дусалж байна. Өртөг харьцангуй жоохон өндөр ч, ирээдүйн хөдөлгүүр гэнэ. Агаарын бохирдол 0. Австралид чулуун нүүрснээс гаргаж авчээ. Японы 4 том компани хөрөнгө оруулжээ. Манайд л их хэрэгтэй эд юм даа. Нэг Монгол компани Японуудтай ажиллаад эхэлсэн гэнэ.

Мобикомын эзэн KDDI

Энэ бол Японы DoCoMo-гийн дараах хоёр дахь том харилцаа холбооны компани. Суурин болон үүрэн утасны бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Зах зээлийн 30 хувь гэхээр 40 гаруй сая хэрэглэгчтэй аварга компани. Зах зээлийн өнөөгийн үнэлгээ нь 68.4 тэрбум доллар. Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ 14 тэрбум доллар. Тус компанид нийт 48 мянган хүн ажилладаг. 2022 оны ашиг нь 8.7 тэрбум доллар. Kyocera 13 хувь, Toyota 11 хувийг, бусдыг нь олон нийт эзэмшдэг.

KDDI одоо Монголын үүрэн утасны зах зээлийн бараг талыг хамарсан Мобиком компанийн 99 хувийг эзэмшигч. (2016 онд Сүмитомогийн хувьцааг нь авсан. Монголын Ньюком компани 1% нь). Тэгэхээр KDDI Монголд юу хийж, хийх гэж байгаа нь Монголчууд бидэнд тун хамаатай биз дээ.

B2C (Хүнд хандсан) үйлчилгээг Японоос гадна Монгол, Мьянмарт хийж байгаа. B2B (бизнэст хандсан) үйлчилгээг Мобиком хийж буй. Call center, Data center гэх мэт.

KDDI -гийн эрхэм зорилго нь: "Холбогдох чадвараа дээшлүүлэх замаар хүн бүр мөрөөдлөө биелүүлж болдог нийгмийг бүтээнэ"

Ямар ч гэсэн КDDI Монголд 5G нэвтрүүлээд гурван ажил хийхээр төлөвлөж байгаа юм байна.

  • Kukan Zizai - БОДИТООР ХАМТ БАЙХ ТӨСӨЛ

Онлайн холбоог төгс болгож дуу болон дүрс нь яг нэг өрөөнд бие биеэ бодитоор харан ярьж байгаа мэт юм байна. Өөр өөр улс, хотод байгаа ч хамт байгаа мэт холболт нь концерт цуг үзэх, эсвэл караокед хамтдаа дуулах мэдрэмжийг өгч, теле эмчилгээ, боловсролын үйлчилгээ зэргийг хаанаас ч авах боломжийг бүрдүүлэх юм байна. Жишээ нь тухайн багш улс орон даяар хичээлээ заахад энэхүү холболтын ачаар улс даяр хичээл нь яг бодитоор юм шиг заагдаж суманд багш хүрэлцэхгүй асуудлаа бид шийдэх юм.

  • Geotra (охин ком)- GPS БАЙРШЛААР МОДЕЛЬ ХИЙДЭГ ТӨСӨЛ

Тухайн байршилд ирж, явж буй бүх хүмүүсийн хаашаа орж, гарч буйг тодорхой хугацаанд ажиглаж, нийт хөдөлгөөнийг нас, хүйсээр нь ялгаж дүгнэлт хийнэ (гэхдээ хувь хүний нэр, утасны дугаар нь харагдахгүй, нууц). Маркетингийн хэрэгсэл моделийг хот төлөвлөлт, нийтийн тээврийн зохион байгуулалт, дэд бүтэц барих, гамшгаас сэргийлэхэд ашиглана.

  • Briefcam - ДҮРСНИЙ АГУУЛГЫН ШИНЖИЛГЭЭ

Хөдөлгөөний түгжрэл, дүрмийн зөрчил, замын ослыг хянаж дүгнэдэг. Жишээ нь тухайн замаар явсан бүх тээврийн хэрэгслийг ангилал, өнгө, хийцээр нь ялгаж харуулах юм. Энэхүү төсөл нь Canon компанитай хамтарсан төсөл юм.

Энэ гурван төслийг Мобиком компани Монголд хэрэгжүүлэх боломжийг судалж байгаа гэнэ.

Баярлалаа.

Япон-Монголын харилцаанд Дефакто хамт олны оруулж буй хувь нэмрийг үнэлж, дипломат харилцаа тогтоосны 50 жилийг тохиолдуулан намайг урьж Япон оронтой дахин танилцах сайхан боломж олгосон Японы Гадаад Харилцааны Яам, Японы Элчин Сайдын Яаманд талархал илэрхийлж байна.

Бас хамт аялсан Японы ГЯЯ-ны ажилтан Акихито Накао болон Хакүхотой ярилцлагын видеог зохион байгуулсан Канако Onishi, Фүкүока дахь Монгол Улсын Өргөмжит консул Ш.Алтан-Эрдэнэ болон Дефакто Газетагийн (Япон хэлний) хамт олондоо баярлалаа.

Зураг