Индэр    
2025 оны 9 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч

ФОТО: "Эрдэнэт үйлдвэр" 357 сая тонн хүдрийн нөөцтэй ОЮУТ ордыг ашиглахад бэлэн болсноо зарлалаа

Зураг

Монголын уул уурхайн томоохон компаниудын нэг болох "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь зэс, молибдений Оюут ордын нарийвчилсан судалгааг гурван жилийн хугацаанд амжилттай гүйцэтгэж, өнөөдөр сүүлийн өрмөө тавьснаар ашиглахад бэлэн болжээ.

Өнөөдрийн нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд Г.Занданшатар, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тэргүүтэй уул уурхайн салбарын төлөөллүүд оролцлоо. 

Оюут орд нь Орхон аймгийн Жаргалант сумын нутагт байрладаг бөгөөд Эрдэнэтийн Овоо ордын коридор гэж яригддаг. 10 км-ын урттай хүдэржилтийн бүсийн зүүн урд хэсэгт байрладаг юм. 

Оюут ордыг 1986-1990 онд Монгол, Оросын геологичдын хамтарсан баг урьдчилсан хайгуулын ажил явуулж, 41.8 сая тонн хүдрийн нөөцийг 0.25-ын захын агуулгатай хэмээн тооцож байжээ.

Тэгвэл сүүлийн гурван жилийн нарийвчилсан хайгуулын урьдчилсан үр дүнгээр 0.32 хувийн зэсийн агуулгатай 357 сая.тн хүдрийн нөөц тогтоогдоод байна. Мөн тус ордын цэвэр зэсийн нөөц 1.1 сая гаруй тонн гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

зураг
 
зураг
 

Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажлыг геологийн зургаа зохиохоос эхлүүлж газрын гадаргуугаас нь дээж авч гео химийн,  геофизикийн судалгаа хийсэн байна. Гурван жилийн нарийвчилсан судалгааны үр дүнд 850 метрийн гүнд хүдэржилт байгаа нь тодорхой болжээ. Гэхдээ хүдэржилт гүндээ их байна гэсэн уурхайн зураглал урьдчилсан байдлаар гарсныг Эрдэнэт үйлдвэрийн Хөгжлийн хэлтсийн Ерөнхий геологич Д.Алтанхуяг онцолсон юм.

Хайгуул гэдэг бол явцын дунд төлөвлөгөө өөрчлөгдөх, шинэ шинэ нөхцөлүүд гарч ирдгээрээ онцлог зүйл билээ. 2023-2025 онд Оюут ордын гүйцэтгэх нарийвчилсан хайгуулын төлөвлөгөөг батлуулахдаа хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэхээр тооцож ажлаа эхэлж байсан гэв.

ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар тус ордоос 10 гаруй булш, хиргисүүрийг олж тогтоожээ

зураг
 
зураг
 
зураг
 

Түүнчлэн 2024 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар тус ордоос 10 гаруй булш, хиргисүүрийг олж тогтоосон юм байна. Зарим нь хайгуулын шугамын яг голд буюу хүдрийн дээр байсан учраас авран хамгаалах, малтлага судалгаа хийхээр МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнд урьдчилсан байдлаар мэдээллээ хүргүүлсэн байна.

Оюут гэдэг нэртэй холбоотой эртний уурхайн нэг малталт байдаг аж. Хар шороон хөрс зузаан үүсэж тогтсоноос үзэхэд 100-аас ч дээш жилийн өмнө малтаж байсан байх магадлалтай, нил ногоон өнгөтэй ухаш байгаа юм байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд жилд 10,000 тонн катодын зэс боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөжээ. Эрдэнэтийн орд газрын нөөцийг 55 жил ашиглахаар ТЭЗҮ-д баталгаажуулсан. Ийнхүү тус ТЭЗҮ дээр Оюутын ордын нөөц энэ дээр нэмэгдэхээр болж байгаа юм. 

фото: