Зураг
Зураг
Индэр    
2024 оны 8 сарын 20
Зураг
iKon.mn сэтгүүлч

Г.Золбоо: Гадаад зээл тусламжийн ашиглалтыг нэмэгдүүлж бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны төсөвт тодотгол хийх асуудлыг УИХ хэлэлцэхээр болсон. Тус төсвийн тодотголоор 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт орох бөгөөд төсвийн зардал гурван их наядаар нэмэгдэж байгаа. 

Үүнтэй холбогдуулан Сангийн яамны Санхүү,төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоотой төсвийн тодотголын гол онцлогийн талаар ярилцлаа.


- УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ удаагийн төсвийн тодотгол юугаараа онцлог болж байгаа вэ?

- Төсвийн тодотголоор гурван намын хамтын гэрээнд тусгагдсан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээрээ онцлог болж байна.

Мөн энэ оны төсвийн орлого гурван их наяд төгрөгөөр давж биелсэн. Уул уурхайн компаниудын ашиг нэмэгдсэн учраас татварын орлого нэмэгдэж байгаа.

Гурван их наяд төгрөгөөр бүтээн байгуулалтын шинэ төслийг эхлүүлнэ. Жишээлбэл нийслэлийн газар чөлөөлөлтөд 584 тэрбум төгрөгийг тусгасан. 

- Төсвийн тодотголтой холбогдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд ямар өөрчлөлт орж байгаа вэ. Энэ нь бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжих вэ? 

- Сангийн яамны гол барьж явах ёстой зарчмыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгасан. Тус хуулийн амин сүнс нь төсвийн дөрвөн тусгай шаардлага буюу "орлого, зарлага, тэнцэл, өр" юм. Үүнийг олон улсад төсвийн дүрэм гэж нэрлэдэг. 

Төсөв гэдэг хязгаарлагдмал нөөцтэй зүйл. Энэ нөөцийг эдийн засгийг дэмжихэд зарцуулахдаа ямар нэгэн гаднын савлагаа нөлөөллөөс ангид, ирээдүйд өрийн дарамтаас сэргийлсэн байдлаар төсөв тогтвортой явах ёстой гэсэн дүрэм баримталдаг.

Улс бүр төсвийн дүрмийг янз бүрээр хэрэглэдэг. Хамгийн нийтлэг хэрэглэгддэг нь төсвийн тэнцэл буюу тухайн жилийн олсон орлого гарсан зардалтай ямар нэгэн байдлаар тэнцүү байх, эсвэл удирдаж чадах хэмжээний алдагдал, ашигтай байх дүрэм юм.

Дараагийнх нь "өрийн дүрэм". Өр тодорхой хэмжээний хязгаараас давахгүй гэх мэт. Манай улс 10 жилийн дараа төсвийн тогтвортой байдлын тусгай шаардлагаа өөрчлөх цаг нь болсон хэмээн үзэж энэ хуулийн төслийг санаачилсан.

2013 оны Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нь уул уурхай дагасан савлагаанаас сэргийлэх үүднээс батлагдсан.

"гадаад зээл тусламжийн санхүүжилтийг төсвийн тэнцэл дотор оруулж ирэхгүйгээр тусад нь тооцно"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Төсвийн дөрвөн тусгай шаардлагын аль хоёрт нь ямар байдлаар өөрчлөлт орж байгаа вэ?

- Төсвийн нийт зарлагын өсөлтийг хязгаарладаг байсныг "урсгал зардлын өсөлтийг хязгаарлах" гэж өөрчилсөн. Манай улсын төсвийн зардалд "урсгал, хөрөнгө оруулалтын, гадаад зээл тусламжийн ашиглалт" гэсэн гурван зүйл багтдаг. 

Өнгөрсөн жилүүдэд нийт зардлаа хязгаарласан ч дотор нь эзэлж буй урсгал зардлын хэмжээ нэмэгдэж байна. Хүн ам өсөж, алслагдсан сум орон нутагт нийгмийн үйлчилгээг хүргэх тусам урсгал зардал буюу цалин, тэтгэвэр, халамж нэмэгддэг.

Ингэснээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардал, гадаад зээл тусламжийн ашиглалт хоёр хумигдаж эхэлсэн. Хумигдсан орон зайд том бүтээн байгуулалт хийх эх үүсвэрийг суулгах боломжгүй болдог.

Гэхдээ тодорхой хэмжээний сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын орон зай байгаа боловч том дэд бүтцийг хийх хөрөнгө оруулалтыг тусгах боломжгүй. 

Урсгал зардал нь цалин, хүүхдийн мөнгө, халамж, тэтгэвэр гэх мэт байнгын шинжтэй гарч байдаг, эдийн засагт үр ашиггүй. Тиймээс энэ урсгал зардлыг тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувьд хязгаарлаж, хөрөнгө оруулалт хийх орон зайг гаргаж байгаа.

Улсын төсвөөс гарах хөрөнгө оруулалтын зардлыг тэнцэл дотор оруулж ирсэн. Бид хуучин дүрмээр тэнцвэржүүлсэн орлогоос нийт зардлыг хасаад төсвийн тэнцлээ гаргаж ирдэг байсан.

Харин одоо бол суурь тэнцэл гэх шинэ зарчмын ойлголт гаргаж ирсэн. Энэхүү суурь тэнцлийг бодохын тулд тэнцвэржүүлсэн орлогоос "урсгал зардал", "улсын төсвийн хөрөнгө оруулалт" хоёрыг хасаж тооцох болно.

Гадаад эх үүсвэртэй гадаад зээл тусламжийн ашиглалтын санхүүжилтийг төсвийн тэнцэл дотор оруулж ирэхгүй байхаар тооцсон. Учир нь гадаад зээл тусламжийн эх үүсвэр нь гаднаас орж ирж байгаа тул тэнцэл дотор оруулж ирэхгүйгээр суурь төсвийн тэнцлийг ашигтай гаргана. 

Төсвийн суурь тэнцлийн ашгаас жил бүр Засгийн газрын гадаад өрийг төлнө. Суурь тэнцэл хоёр хувийн ашигтай гэдэг нь жил бүр 450-500 сая ам.долларыг гадаад зээл тусламжийн ашиглалт болон бусад төлбөрт зарцуулна гэсэн үг.

Нэг талдаа улсын өрийг гадаад зээл тусламжийн ашиглалтаар нэмж байгаа мэт боловч суурь тэнцлийн ашгаараа зөрүүлээд төлж явснаар өрийн дарамтад орохгүй.

- Гадаад зээл тусламжийн ашиглалтыг зардлаас хасаад суурь тэнцлийг ашигтай гаргах нь бодит амьдралд эергээр нөлөөлж чадах уу? 

- Энэ бол тэнцэл тооцдог тусгай шаардлагын зарчим юм. Урсгал болон хөрөнгийн зардлыг хэнд зориулж яаж хийх вэ гэдгээс их зүйл хамаарна.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос зарлагыг хасаж суурь тэнцэл ашигтай байна гэдэг нь иргэдийн амьдралд шууд нөлөөлнө гэсэн зүйл биш. Энэ бол эх үүсвэр нэмж буй боломж юм. 

"Төсвийн зардал өндөр байснаар зах зээл рүү их хэмжээний мөнгө хийж, инфляцыг өдөөж байгаа"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Сангийн яамнаас нэгдсэн суурь зардал ашигтай гарлаа гэж мэдээлнэ. Гэтэл бодит амьдралд хүмүүсийн орлого үнийн хөөрөгдөлд өртөөд байвал яах вэ? 

- Монголбанк инфляцыг бууруулахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Гэхдээ төсвийн инфляцыг өдөөх, бууруулах дээр үндсэн үүрэг гүйцэтгэнэ.

Төсөв ашигтай гарна гэдэг нь зардлаа барьж, зах зээлд орж буй төрийн оролцоог багасгаж байгаа гэсэн үг. Ингэснээр инфляцыг хязгаарлахад хамгийн өндөр үүрэгтэй юм.

Төсвийн зардал өндөр байх нь зах зээл рүү их хэмжээний мөнгө хийж, инфляцыг өдөөж буй хэрэг. Бид урсгал зардлаа хязгаарлаж, төсвийг ашигтай гаргаснаар өрөө төлж, зах зээл дээр буй мөнгийг зохистой удирдахаар оролдоно. 

Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх бүрд бидний урсгал зардал дагаад нэмэгдэнэ. Суурь зардлыг хязгаарласнаар улс төрчдийн санаачилдаг халамжийн шинжтэй зардлыг тодорхой хэмжээнд барих юм.

Энэ жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн 79 их наяд төгрөг байна. Үүний хоёр хувь буюу төсвийн тэнцлийн 1.6 их наяд төгрөгийн ашгаар Засгийн газрын өрийг төлнө.

Төсвийн хүрээний мэдэгдэл дээр өнөөдрийн байгаа тоог бус дээд хязгаарыг тавьдаг. Засгийн газрын өрийг 47 их наяд төгрөгөөс дээш гаргахгүй гэсэн үг. Бид инфляц руу нийлүүлж буй мөнгөө тодорхой хэмжээнд барьж төсвийг ашигтай гаргана.

Тэнцлээс гадаад зээл тусламжийн зардлыг гаргасан ч зах зээл рүү мөнгө оруулж байна гэсэн зүйлийг ярьдаг. Тиймээс тэнцлийг хоёр хувийн ашигтай гаргаж, урсгал зардлыг хязгаарлана.

"Гадаад зээл тусламжийн ашиглалтад 1.3 их наяд төгрөгийг гаргах хязгаартай. Ингэснээр төсөл удааширч, мөнгө нь орж ирэхээ больж байгаа юм"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Гадаад зээл тусламжийн ашиглалтаас хэр хэмжээний хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн байгаа вэ? 

- Бид одоогийн байдлаар гадаад зээл тусламжаар томоохон төсөл хэрэгжүүлэхээр 10.2 их наяд төгрөгийн гэрээ хэлэлцээр зурчихсан, мөнгө нь орж ирэхэд бэлэн байгаа. 

Гэтэл манай төсвийн нийт зарлага хязгаартай. Гадаад зээл тусламжийн ашиглалтад жилдээ 1.3 их наяд төгрөгийг гаргах хязгаартай гэсэн үг. Ингэснээр төсөл удааширч, мөнгө нь орж ирэхээ больж байгаа юм.

Гадаад зээл тусламжийг төсвийн тэнцлээс гаргаж буй гол санаа нь мөнгийг маш богино хугацаанд авч ашиглаж, бүтээн байгуулалт бий болгох юм. Тиймээс зардлыг төсвөөс тусад нь авч үзэхээр хуулийн төсөл боловсруулсан.