Индэр    
2023 оны 12 сарын 18
Зураг
Олон улс судлаач, эдийн засагч

Ши Жиньпин 2024 онд Монголд айлчлах уу?

Зураг

Ирэх онд БНХАУ-ын дарга Улаанбаатарт айлчлахад Монголын дотоод, гадаад олон хүчин зүйл нөлөөлж магадгүй.

2024 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Монгол Улс, БНХАУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 30 жилийн ой, Ши Жиньпин даргын анх (одоог хүртэл цорын ганц) Монгол Улсад айлчилсны 10 жилийн ой тохионо. Ши Жиньпиний 2014 оны Улаанбаатарын айлчлалд Монгол Улс ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд ирэх онд БНХАУ-ын даргыг Монгол Улсад дахин айлчлахыг төрөл бүрийн сувгаар урьж байна.

зураг
 

Тухайлбал энэ оны арваннэгдүгээр сарын сүүлчээр ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын дарга Цай Чи, Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга (сайд) Лю Жяньчао нар Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан тус БНХАУ-ын даргын ирэх оны Монгол дахь айлчлал болон бусад асуудлаар санал солилцов.

Хэдийгээр Хятад, Оросын харилцааны өнөөгийн байдал нь хоёр хөршийнхөө аюулгүй байдлын бодлогод Улаанбаатарын буфер жийргэвчийн үүргийг мэдэгдэхүйц бууруулсан ч Хятад улс Монголыг геополитикийн чухал орон гэж үзсээр байна. Монгол Улстай хиллэх хил нь Хятадын хамгийн урт хуурай газрын хил юм. Иймд Монгол, Хятадын харилцааг сайн найрсаг хэвээр хадгалах нь Хятадын хойд хэсэг, тэр дундаа Шиньжян-Уйгарын ӨЗО, ӨМӨЗО, зүүн хойд мужуудын аюулгүй, тогтвортой байдалтай холбоотой томоохон асуудал гэж үздэг.

Монгол Улсын хүсэл найдлагаас үл хамааран Ши Жиньпин КОВИД-19 цар тахлын дэгдэлт гарснаас хойш тэрбээр гадаад айлчлалаа эрс багасгасан. 2020 оны эхээр КОВИД-19 цар тахлын дэгдэлт гарсны дараа Ши Жиньпин хоёр жил гаруй хугацаанд гадаад айлчлал хийгээгүй. 2022 оны есдүгээр сараас тэрбээр гадаад айлчлалаа сэргээсэн боловч 2023 оны байдлаар ердөө дөрөвхөн удаа гадаад айлчлал хийсэн нь цар тахлын өмнөх түвшнээс хамаагүй доогуур байна.

Хятад-Монголын хамтын ажиллагаа

Дэн Сяопин түүхэндээ Монголд хэзээ ч албан ёсоор айлчилж байгаагүй ч түүнээс хойших Хятадын удирдагчид хоёр орны чухал тэмдэглэлт ойг тохиолдуулан Монгол Улсад айлчилсан байдаг. Хоёр орны харилцаа хэвийн болж эхэлсэн өдрүүдэд БНХАУ-ын дарга Ян Шанкун 1991 оны наймдугаар сард Улаанбаатарт айлчилж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг Хятад улс хүндэтгэж байгаагаа анх удаа илэрхийлсэн. 1999 оны долдугаар сард Ерөнхийлөгч Жян Зэмин хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өмнөхөн Монгол улсад айлчилж байсан.

2003 оны зургаадугаар сард Ху Жинтао Монголд айлчилсан нь БНХАУ-ын даргын албан тушаалд томилогдсоноос хойших түүний анхны гадаад айлчлал байв. Бараг 10 жилийн өмнө буюу, Ши Жиньпин дарга 2014 оны наймдугаар сард Монгол Улсад айлчилсан билээ.

Ши Жиньпин 2008 оны зургаадугаар сард БНХАУ-ын дэд даргаар ажиллаж байхдаа Монголд анх айлчилсан. Ши Жиньпин тэр жил Монголд айлчлах үеэрээ Хятадын улсын удирдагч болох нь бараг тодорхой болсон үедээ анх удаа Монголын улс төрийн гол удирдагчидтай уулзсан байж магадгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Time" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр найман жил (2009-2017) Ерөнхийлөгчөөр ажиллахдаа Ши Жиньпинтэй 30 орчим удаа уулзаж, олон удаа ганцаарчилсан яриа өрнүүлсэн тухайгаа ярьж байв.

Хятадын статистикийн мэдээгээр 2023 онд Хятад Монголын худалдааны хэмжээ 15 тэрбум ам.долларт хүрэхээр байгаа

Ши Жиньпин 2014 онд Улаанбаатарт айлчлах үеэр хоёр тал Хятад, Монголын харилцаа сайжирч, өндөр төвшинд гарсныг нотолсон. Түүнээс хойш Монголын удирдагчид жилд хоёроос доошгүй удаа Хятадад айлчилж байна. Ши Жиньпин эхний хоёр бүрэн эрхийн хугацаандаа Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, улс төрийн намын дарга нартай төрөл бүрийн арга хэмжээнд удаа дараа уулзалтуудыг хийж байв.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад, Монголын улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй нэмэгдэж, эдийн засаг худалдааны цар хүрээ хэмжээ тасралтгүй өргөжиж байна. Монголыг зорих хятад жуулчид, хятад ажилчид болон Хятадад суралцах монгол оюутнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна. КОВИД-19 цар тахлын дэгдэлт гарахаас өмнө буюу 2018 оны эцсээр хоёр улсын хооронд жил бүр иргэдийн солилцоо 2 сая хүн тоог давж, үүнээс 1.8 сая гаруй монгол иргэн Хятад руу аялсан нь түүхэн дэх хамгийн олон тоо байв.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хоёр жил тутамд нэг удаа Улаанбаатарт айлчилдаг бөгөөд 2018 онд тэрбээр хоёр талын худалдааг 10 тэрбум ам.доллар хүргэх, иргэдийн солилцоог жилд гурван саяд хүргэх зорилтыг аль болох хурдан биелүүлэхийн төлөө хичээн зүтгэнэ гэдгээ илэрхийлэв.

КОВИД-19 цар тахлын дэгдэлт гарсны дараа 2020 оны хоёрдугаар сарын сүүлчээр тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлал хийж, Хятад улсын цар тахлын эсрэг тэмцлийг тууштай дэмжиж буйгаа илэрхийлсэн. Мөн Монголын ард түмний нэрийн өмнөөс 30 мянган хонь хандивласан. 2021 онд дэлхий даяар вакцины эрэлт, нийлүүлэлт хүнд хэцүү байсан бөгөөд Хятад улс КОВИД-19 цар тахлын вакциныг их хэмжээгээр Монголд нийлүүлсэн.

2022 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын Коммунист намын 20 дугаар их хурлын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжинд айлчилсан. Хоёр улсын худалдааны хэмжээг аль болох хурдан 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө шаргуу ажиллахаар хоёр тал санал нэгдэв. Хятадын статистикийн мэдээгээр 2023 онд Хятад Монголын худалдааны хэмжээ 15 тэрбум ам.долларт хүрэхээр байгаа бөгөөд 2015 оны худалдааны хэмжээнээс гурав дахин их байх төлөвтэй байна.

Эдгээр жилд БНХАУ Монгол Улсаас уул уурхай ашигт малтмалын бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс, зэс болон бусад баялгийг их хэмжээгээр импортолж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан. Түүнчлэн ӨМӨЗО, Шаньси, Шиньжян Уйгарын ӨЗО зэрэг нүүрсээр баялаг мужуудын нүүрсний уурхайн осол ихсэж улмаар аж үйлдвэр үйлдвэрлэлийн дарамт шахалтаас гадна Хятадын нийгэм, байгаль орчны дарамтыг ч Монгол Улс тодорхой түвшинд хөнгөлж чадсан гэж хэлж болно.

Хоёр орны харилцааны бас нэг чухал салбар бол экологи байгаль орчны асуудлаарх хамтын ажиллагаа юм. 2023 оны есдүгээр сард “Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв” байгуулагдаж, Хятад, Монгол хоёр орон Зүүн хойд Ази, тэр дундаа Бээжингийн шар шороон шуурганы гамшгийн нөлөөллийг бууруулах чиглэлээр хамтарсан судалгаа шинжилгээ хийж, чадавхжуулах үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж байна. Энэ оны зургаадугаар сард Ши Жиньпин дарга ӨМӨЗО-ны Баяннуур хоттой танилцаж, цөлжилтийн иж бүрэн хяналтыг чангатгаж, экологийн гол төслүүдийн бүтээн байгуулалтыг ахиулах хурал даргалсан байна. Ши Жиньпин эдгээр байгаль орчин экологийн асуудалд хувийн зүгээс онцгойлон анхаарал хандуулж байгаа нь 2024 онд тус асуудлууд Хятад, Монгол хоёр орны харилцааны анхаарлын төвд байж магадгүй гэдгийг харуулж байна.

Аравдугаар сард Хятадын ГХЯ "Шинэ эриний Хятадын хөрш орнуудын гадаад бодлогын төлөв" баримт бичгийг нийтэлж, Хятад улс хөрш орнуудад хандах дипломат зорилгыг иж бүрэн тусгасан байна. Хятад улс томоохон гүрнүүдийн стратегийн өрсөлдөөний урт хугацааны сөрөг үр дагавраас зайлсхийхийн тулд хөрш орнуудтайгаа ойр дотно харилцаж, хамтран ажиллахыг зорьж байна гэж уг баримт бичигт онцолжээ. Тус баримт бичигт Казахстан, Өмнөд Солонгос, БНАСАУ болон бусад орноос илүү Монгол гэж долоон удаа дурдагдсан.

Энэ оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” гурав дахь чуулга уулзалтад оролцохоор Бээжинд айлчилсан. Тэнд тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, 2024 онд В.Путинг Халх голын байлдаан (Номонханы хэрэг) ялалтын ойг хамтран тэмдэглэх Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урьсан юм. Хэрэв В.Путин энэ урилгыг хүлээн авбал Хятад улс Монгол дахь Хятадын нөлөөг нэмэгдүүлэхийн тулд Ши Жиньпинийг биечлэн Монгол Улсад айлчлах боломжийг нухацтай авч үзэх болно.

Өмнө нь Хятад, Орос хоёр улс Монгол Улсад үзүүлэх нөлөөллийн төлөө дипломат өрсөлдөөн хийж байсан. 2014 онд Ши Жиньпин Монголд айлчилснаас хойш хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд В.Путин Монголд айлчилж, хоёр тал харилцан визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурсан. Таван жилийн дараа буюу 2019 онд БНХАУ-ын дэд дарга Ван Чишань Монголд нөхөрсөг айлчлал хийсний дараа В.Путин, Оросын орон нутгийн удирдагчид Монголд айлчилсан. “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-нд талууд гарын үсэг зурсан нь хоёр орны харилцааг өндөр түвшинд хүргэсэн юм.

Болзошгүй саад тотгорууд

Ши Жиньпинийг Улаанбаатарт айлчлуулахаар Монгол Улс идэвхийлэн ажиллаж байгаа нь сайн эхлэл юм. Хятад, Монголын ард иргэд бүх түвшинд харилцан айлчлал, солилцоо тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл улам нэмэгдэн бэхжиж, эдийн засаг худалдааны хэмжээ хүрээ өргөжин нэмэгдсэн нь Ши Жиньпинийг ирэх онд Монгол Улсад хийх айлчлал боломжийг улам бүр нэмэгдүүлж байна.

Гэсэн хэдий ч энэ хоёр орны харилцаа нь асуудалгүй гэсэн үг биш юм. Ши Жиньпиний Монголд хийх айлчлалд сөргөөр нөлөөлж болзошгүй гадаад, дотоодод ажил дээрээ янз бүрийн таагүй хүчин зүйлс бий.

Тухайлбал 10 жилийн өмнө Ши Жиньпин Улаанбаатарт айлчлах үеэр гарын үсэг зурсан 26 баримт бичгийн бараг тал хувь нь амжилттай дэмжлэггүй, зарим нь хэрэгжээгүй байна. Одоогийн байдлаар Хятадын Шинхуа групп, Хятадын хөгжлийн банк, Хятадын үндэсний газрын тосны “Синопек” корпораци Монгол Улстай хамтын ажиллагааны төслүүд нүүрс гүн боловсруулах хийжүүлэх төслүүд, тухайлбал төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Тяньжин, Жинжоу зэрэг боомтод ашиглах хамтын ажиллагааны баримт бичгүүд Хятадын талаас дэмжлэг, зөвшөөрөл төдийлөн аваагүй байдалтай байна.

Хятадын "Bank of China", "Industrial and Commercial Bank of China" зэрэг Хятадын төрийн өмчит банкууд Монголын зах зээлд орж, компаниудад төрөл бүрийн төсөл хөтөлбөрийн санхүүжилт олгох талаар ажиллахаар болсон боловч, өнөөг хүртэл эдгээр Хятадын төрийн өмчит эдгээр банкны төлөөлөгчийн газрууд нь санхүү банкны бизнес эрхлэх зөвшөөрөл аваагүй байна. Үүний нэгэн адил Монголбанк болон БНХАУ-ын Ардын банк хоёр улсын худалдааг дэмжих зорилготойгоор “юань/төгрөг”-ийн харилцан солилцооны своп хэлцлийн ерөнхий гэрээ сунгах эсэх асуудалд сүүлийн 10 жилийн хугацаанд яриа хэлэлцээ хүндрэлтэй явж ирсэн бөгөөд одоо ч үргэлжилж байна.

10 жилийн өмнө Ши Жиньпин Улаанбаатарт айлчлах үеэр гарын үсэг зурсан 26 баримт бичгийн бараг тал хувь нь амжилттай дэмжлэггүй, зарим нь хэрэгжээгүй

Магадгүй нөлөөлөх өөр нэг хүчин зүйл бол ӨМӨЗО-д хос хэлээр боловсрол олгох бодлого хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хурцадмал байдал үргэлжилсээр байгаа бөгөөд тухайн үед олон эсэргүүцэлтэй тулгарсан. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2020 оны есдүгээр сарын дундуур Ван И Монгол Улсад айлчлах үеэрээ олон нийтийн сүлжээ болон Хятадад илгээсэн нээлттэй захидалдаа тус асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Үүний хариуд тухайн үеийн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй Ц.Элбэгдоржийн захидалд бичсэн үзэл бодол агуулгыг буруушааж, Хятад улс хүлээж авахгүй гэж мэдэгдэж байв.

Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-д хос хэлээр боловсрол олгох бодлого хэрэг явдал, КОВИД-19 цар тахал өвчнийг тухайн үеийн Өвөрмонголын удирдагчид тухайлбал Ши Тайфэн зэрэг Улаанбаатараас холдох шалтаг болгон ашигласан. Түүнээс хойш хэсэг хугацаанд Улаанбаатар, Хөх хот бараг холбоогүй болж, Эрээн хот зэрэг хилийн боомтоор Монголын экспорт, импортын бараа бүтээгдэхүүн хаагдсан. 2021 онд Монгол Улсаас БНХАУ-д шинээр томилогдсон Элчин сайд Т.Бадралыг ӨМӨЗО-ны дарга нар Хөх хотод биечлэн хүлээж аваагүй, тус хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газрын ажилтнууд орон нутгийн удирдлагуудтай уулзаж яриа хэлэлцээ хийхэд тухайн үед хүндрэлүүд учирч байв.

Эцэст нь 2023 оны есдүгээр сарын сүүлчээр ӨМӨЗО-ны ХКН-ын шинэ нарийн бичгийн дарга Сун Шаочэн тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав. Монгол Улсын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд Өвөр Монголын төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн айлчлал, тэр дундаа Сун Шаочэн Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзсан тухай мэдээлэл огт гараагүй байна. Хөх хотын орон нутгийн хэвлэлүүд ч тус айлчлалын талаар нам гүмхэн байдлаар мэдээлжээ.

Тухайн үед хоёр орны харилцаанд өөр нэг асуудал гарч ирэв. Есдүгээр сарын дундуур ӨМӨЗО-ны Ордос хотын эрх баригчид "Тамгагүй төр" (Хятад, Англиар: 《失传的玉玺》 "Mongol Khan") жүжиг тоглогдох театрын тогийг урьдчилж мэдэгдэлгүй тасалж, 130 гаруй жүжигчид, продакшны ажилчдыг хорьж байнгын хяналт тандалт хийн жүжгийн тоглолтуудыг цуцлав. Энэхүү жүжгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнийн эцэг нэгтэй төрсөн ах, “Hero entertainment”-ийн найруулагч Б.Баатар найруулсан бөгөөд арваннэгдүгээр сарын дундуур Лондон хотын West End-д тоглосон юм.

Мөн 2020 онд Хятад улс Францын Нант хотод Чингис хааны тухай үзэсгэлэнгээс Монгол Улс, Монголын соёлын тухай дурдлагыг хасахыг оролдсон талаар өмнө нь мэдээлж байсан. Франц-Монголын хамтын ажиллагааны хүрээнд 2023 онд тус үзэсгэлэн гарсан.

Соёл шашны өөр нэг эмзэг асуудал бол Монголын Төвдийн Буддын шашны удирдагч Жавзандамба хутагтын хойд дүрийг тодруулах суудалд нь залах явдал бөгөөд энэ нь Хятад, Далай лам хоёрын улс төрийн тоглоомд Монгол Улсыг улам гүнзгий хутгалдуулж болзошгүй юм. Бээжингийн буруу гэж үзсэн алхам хийх нь Монгол Улсад үнэтэй зардал ихтэй тусах магадлалтай. Хятад улс Х Богд Жавзандамба хутагтын талаар олон нийтэд мэдээлэл хийгээгүй ч Монголын эрх баригчдад хэрэв шинэ Богд Жавзандамба хутагт, Далай лам нар хэт ойртох нь ноцтой үр дагавартай гэж Бээжин Улаанбаатарт анхааруулсан талаар New York times дээр өгүүлэл гарсан байна.

Ирэх онд Монголд УИХ-ын сонгууль болох ба Ши Жиньпинийг Улаанбаатарт хийх айлчлалынхаа талаар эргэлзээ төрүүлж болзошгүй бас нэгэн хүчин зүйл юм. БНХАУ-ын дарга нар ихэвчлэн УИХ-ын сонгууль дууссанаас хойш нэг, хоёр жилийн дараа Монголд айлчлал хийдгийг хоёр улсын сүүлийн 30 гаруй жилийн дипломат үйл ажиллагаанаас харж болно.

БНХАУ-ын Коммунист намын 20 дугаар их хурал өндөрлөж, Ши Жиньпин 2022 онд гурав дахь удаагаа сонгогдсоны дараа Өмнөд Солонгос, Монгол зэрэг хөрш орнууд болон хөгжиж буй олон орнууд БНХАУ-ын даргын айлчлалыг тэсэн ядан хүлээж байна. Ши Жиньпиний айлчлал хоёр орны харилцааг ахиулж, тахал өвчин болон өнөөгийн геополитикийн сөргөлдөөн хүндээр туссан эдийн засгаа тогтворжуулахад тус дөхөм болно гэж эдгээр орнууд бүгд үзэж байна.

КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс хойш 2022-2023 онд Ши Жиньпин ердөө есөн орноор айлчилсан байна. 2024 онд Монгол Улс түүний айлчлалын жагсаалтад орох уу?

 

Тус өгүүлэл The Diplomat сэтгүүлд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-нд “Will Xi Jinping Visit Mongolia in 2024?” нэртэйгээр англи хэл дээр нийтлэгдсэн.