Зураг
Зураг
Индэр    
2024 оны 7 сарын 16
Зураг
Олон улс судлаач, эдийн засагч

Астанагийн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад, Монгол, Орос гурван талт удирдагчдын уулзалт яагаад зохион байгуулагдсангүй вэ?

Зураг

Энэ удаад харин Монгол, Хятад, Орос гурван талт Гадаад хэргийн сайд нарын уулзалт анх удаа зохион байгуулагдав. Тус өөрчлөлт юуг илэрхийлж байна вэ?

Долдугаар сарын 3-ны өдөр, БНХАУ-ын топ дипломатч, ХКН-ын Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга, Гадаад хэргийн сайд Ван И болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар гурван талт Гадаад хэргийн сайд нарын зөвлөлдөх уулзалтыг хийв.

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) энэ оны дээд хэмжээний уулзалтын хүрээнд гурван улсын сайд нар гурван талын хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэв. Мөн ШХАБ-ын хүрээнд Хятад, Монгол, Орос гурван талт Гадаад хэргийн сайд нарын уулзалт анх удаа болж байна.

Энэхүү гурван талт механизм уулзалтыг хоёр өнцгөөр тайлбарлаж болно.

  • Нэг өнцгөөс харвал Хятад, Монгол, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалтыг Гадаад хэргийн сайд нарын түвшинд хүртэл ахиулсан нь харилцаа холбоо бэхжиж байгаагийн илрэл байж болох юм.
  • Гэхдээ нөгөө талаар энэ удаагийн гурван талт Гадаад хэргийн сайд нарын уулзалт нь Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт механизмыг бууруулж байгаа хэрэг юм.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт хоёр жил дараалан зохион байгуулагдсангүй.

Хятад, Монгол, Оросын гурван талт механизм уулзалт харилцааны түүх

Монгол, Хятад, Оросын гурван талт харилцааны механизмын орчин үеийн түүхийг сөхвөл Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гадаад хэргийн яам, дипломат албаны бүх түвшний зөвлөлдөх уулзалтууд 2000-аад оны дунд үеэс Монгол Улсын "гуравдагч хөрш"-ийн гадаад бодлого идэвхэжсэний хариуд анх үүссэн.

Тодруулбал, 2005 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, тэргүүн хатагтай Лора Буш, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райсийн хамт Монгол Улсад айлчлал хийв. Тухайн үед Монгол-АНУ-ын харилцаа идэвхтэй хөгжиж байгаатай холбогдуулан Монгол Улсын хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-ын талаас хамтран Монгол, Хятад, Оросын гурван талт механизм үүсгэхийг санал болгосон.

2007 онд гэхэд БНХАУ, ӨМӨЗО-ы Хөх хотод Монгол, Хятад, Оросын Гадаад хэргийн яам хооронд газрын дарга нарын түвшний албан бус зөвлөлдөх уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулж байжээ.

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын гурван талт харилцааны механизм үргэлжлэн хөгжив. 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар тус тус Улаанбаатарт айлчилсны дараа гурван талт механизмыг Гадаад хэргийн яамны дэд сайдын түвшинд хүртэл өргөжүүлэхээр тохиролцов.

2014 оны аравдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Хятад, Орос, Монгол гурван талт Гадаад хэргийн дэд сайд нарын анхдугаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдав.

Энэхүү гадаад хэргийн дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалт нь Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, гурван улсын хамтын ажиллагааны үйл явцыг ахиулах зорилготой юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол, Хятад, Оросын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний уулзалт бараг жил бүр гурван улсад ээлжлэн зохион байгуулагдсан.

Тухайн үед Хятадын Бүс ба Зам санаачилга, Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын дунд болон урт хугацааны төлөвлөлт, авто зам болон төмөр замын гурван талт хэлэлцээр, байгаль цаг уурын гамшиг ослоос хамтран урьдчилан сэргийлэх болон тэмцэх, КОВИД-19 цар тахлын эсрэг харилцан туслалцаа үзүүлэх зэрэг сэдвүүдээр голчлон хэлэлцсэн байна.

Өнгөрсөн жил батлан хамгаалах аюулгүй байдлын асуудлуудыг тусгайлан шийдвэрлэх гурван талт шинэ механизм бий болсон. 2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр ОХУ-ын Москва хотноо Монгол, Хятад, Орос гурван улсын улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дээд хэмжээний төлөөлөгчдийн уулзалт болов.

Тус гурван талт уулзалтад ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга, Гадаад хэргийн сайд Ван И, тухайн үеийн ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев(Одоо уг албан тушаалд ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд асан, Армийн генерал С.Шойгу), тухайн үеийн Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр(Одоо уг албан тушаалд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор асан А.Бямбажаргал) нар оролцов.

Гурван улсын батлан ​​хамгаалах яамны хооронд гурван талт уулзалтын механизм бий болгох, цаашилбал гурван талт стратегийн яриа хэлэлцээний шинэ уулзалт механизм бий болгох (магадгүй батлан хамгаалах болон гадаад хэргийн дэд сайд нарын түвшний “2+2” буюу хамтарсан түүнтэй дүйцэхүйц) ч яригдсан бололтой. Эдгээр үйл явдлууд нь Орос, Хятадын бодлого боловсруулагчид Монгол Улстай дипломат болон батлан хамгаалах аюулгүй байдлын салбарт, ялангуяа 2022 оны Орос - Украины дайнаас хойш хамтран ажиллах, зөвлөлдөхөд хамгийн их санаа зовж байгааг харуулж байна.

Энэ жил Монгол Улс хойд, урд хоёр хөрштэйгөө хамтарсан цэргийн сургуулилалт хийж байна. Энэ оны тавдугаар сард Монгол Улсын зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хуурай замын цэргийн хүчин хамтарсан “Талын түнш-2024” цэргийн хээрийн хамтарсан сургуулилалтыг Монгол Улсын Дорноговь аймгийн Зүүнбаянд анх удаа зохион байгууллаа.

Энэ оны хоёрдугаар хагаст Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярыг /Номонханы мөргөлдөөн ч нэрлэдэг/ тэмдэглэх хүрээнд “Сэлэнгэ-2024” онд Монгол-Оросын хамтарсан цэргийн тактикийн сургуулилалт Дорнод аймагт зохион байгуулагдах гэж байна. ОХУ-аас Агаарын цэрэг, Дорнод цэргийн тойргийн анги нэгтгэлүүд тус сургуулилалтад оролцуулахаар төлөвлөж байна. 2008 оноос хойш “Сэлэнгэ” Монгол Оросын хамтарсан цэргийн тактикийн сургуулилалт жил бүр Орос, Монгол улсад ээлжлэн зохион байгуулагддаг. Өнгөрсөн жил тус цэргийн сургуулилалт ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад зохион байгуулагдсан.

Монгол Улс Орос, Хятад хоёр улсын дунд оршдог бөгөөд үндэстний болон шашны хагарал байхгүй, террорист үйл ажиллагаа байхгүй. Түүнчлэн, хөрш орнууд болох Орос Хятадын харилцаа одоогоор түүхэн "хамгийн оргил цаг үе" дээрээ байгаа бөгөөд тус хоёр орны цэргийн солилцоо, хамтын ажиллагаа нягт, хил орчмын бүс нутагт цэргийн мөргөлдөөн ойрын жилүүдэд гараагүй байна.

Тэгвэл Монгол Улстай Орос, Хятад улсуудын цэргийн хамтарсан тактикийн сургуулилалтууд зорилго, онилсон "терроризмтэй болон хууль бус зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэх" гэдэг нь юуг илэрхийлж байна вэ?

Үүнийг ойлгоход бас тийм хэцүү биш юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улс Орос, Хятадын дунд орших далайд гарцгүй газар зүй, геополитикийн нэн таагүй байдлаа даван туулахын тулд “гуравдагч хөрш”-ийн гадаад бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж байна.

Энэхүү бодлогын хүрээнд Монгол Улс өөрийн нутаг дэвсгэртээ АНУ зэрэг орны зэвсэгт хүчинтэй цэргийн сургуулилалт хийдэг. Зарим талаар Орос, Хятад хоёр улсын дотоод улс төр, эдийн засаг, нийгмийн орчны ойлгомжгүй байдал нэмэгдэж байгаа, Хятад, АНУ хоёр улс олон салбарт сөргөлдөөн өрсөлдөөн ширүүсэж, мөн АНУ болон түүний холбоотнууд Орос Украины дайнд Украины талыг дэмжиж байгаа нь өнөөгийн Монгол багтах дэлхий ертөнцийн геополитикийн орчин муудаж байгааг харуулж байна Энэ хүрээнд Орос, Хятад Монголын зарим талаар хэт динамик чөлөөтэй АНУ болон бусад түүний холбоотнуудтай цэрэг батлан ​​хамгаалах аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж идэвхжүүлж байгаа тал дээр таагүй хандаж байгаагийн бас нэг илрэл юм.

Цэргийн сургуулилалтаас гадна Монгол Улс хөрш орнуудаас ирж буй асар их дарамт, сорилттой тулгарч байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд Орос, Хятад улсууд Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элсүүлэхийн тулд төрөл  бүрийн арга хэрэглэж байна. Хэдийгээр Монгол Улс 2004 онд ШХАБ-ын анхны ажиглагч орон болж байсан ч тус байгууллага хурдацтай өргөжин тэлж байгаа ч бүрэн эрхт гишүүн орон болохоос татгалзсаар ирсэн.

Монгол Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн орон биш ч жил бүр зохион байгуулдаг дээд хэмжээний уулзалтуудад нь Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаанд таатай хөрс суурь болж ирсэн уламжлалтай. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Тажикистан улсын нийслэл Душанбе хотноо 2014 онд Монгол, Хятад, Оросын гурван талт төрийн тэргүүн нарын анхны дээд хэмжээний уулзалт болж байв.

Гурван талт дээд хэмжээний уулзалт Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын чуулгантай зэрэгцэн зургаан удаа хуралдсан байна. Гурван талт төрийн тэргүүн нарын уулзалтад, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хугацаанд гурван удаа, Ерөнхийлөгч асан Х.Баттулга хоёр удаа, одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг удаа тус тус оролцсон байна.

У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд гурван талын дээд хэмжээний уулзалтад “маш цөөн” буюу нэг удаа оролцсон нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, COVID-19-ийн нөлөөгөөр 2021 онд ОХУ ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг виртуал байдлаар зохион байгуулсан. Мөн өнгөрсөн жил ШХАБ-ын ээлжит дарга гишүүн орон Энэтхэг улс уулзалтыг видео хурлаар дахин хийхээр шийдсэн нь  гурван талт уулзалт хийх боломжийг хаасан юм.

Хамгийн сүүлд 2022 онд Узбекистаны Самарканд хотноо гурван талт дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан нь У.Хүрэлсүхийн оролцсон цорын ганц гурван талт дээд хэмжээний уулзалт бөгөөд мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр болсон юм. Тэр уулзалтаар гурван тал “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-г таван жилээр сунгах тохиролцоонд хүрсэн.

Талууд мөн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын Төмөр замын төв шугамыг шинэчлэх, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах албан ёсоор эхлүүлэх, Монгол улсаар дайран өнгөрөх Орос Хятадын байгалийн хийн хоолой болох "Сибирийн хүч 2" төслийг идэвхтэй дэмжин ахиулахаар тохиролцов.

2024 оны энэ удаагийн Астанагийн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад У.Хүрэлсүх, В.Путин, Ши Жиньпин гурван улсын удирдагчид Астанад хүрэлцэн ирсэн ч гурван талт удирдагчдын дээд хэмжээний уулзалт зохион байгуулаагүй юм.

Энэ удаад гурван талт төрийн тэргүүн нарын уулзалт зохион байгуулагдаагүйд Хятадын нөлөө бий юу?

Цаас албан бичиг дээр 2024 он бол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй Хятад, Монголын харилцааны хувьд чухал жил байх ёстой. Гэхдээ У.Хүрэлсүх, Ши Жиньпин нар Астанад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцсон ч энэ удаад Монгол, Хятадын хоёр талын уулзалт зохион байгуулаагүй нь сүүлийн хэдэн жил үзэгдэж байгаагүй тун ховор тохиолдол юм.

Харин Монгол, Оросын Ерөнхийлөгч болон В.Путин, Ши Жиньпин нар хоёр тал уулзалтууд хийсэн. Үүнээс үзэхэд Монгол, Хятад, Оросын гурван талт дээд хэмжээний уулзалтыг Бээжингийн зүгээс магадгүй нөлөөлсөний улмаас зохион байгуулагдаагүйг харуулж байна.

Үүнд хэд хэдэн шалтгаан байж болно.

  • Нэгдүгээрт, Хятад улс гурван талт уулзалтын үеэр хэлэлцэх "Сибирийн хүч-2" зэрэг гурван улсын томоохон төслүүдэд оролцохоос зайлсхийхийг хүсэж байгаа байх. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард, Ши Жиньпин Москвад айлчлах үеэр хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргаж, гурван улсын байгалийн хийн хоолойн төслийг онцгойлон дурджээ. Гэсэн хэдий ч В.Путин энэ тавдугаар сард Бээжинд айлчилсны дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд Монголоор дайран өнгөрөх "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн төслийн талаар дурдаагүй байна. Оростой шинэ байгалийн хийн хоолой барихтай холбоотой Бээжинд бүх талын дарамт шахалт, улс орны дотоодын санал шүүмж, олон улсын хориг арга хэмжээ өртөх магадлалтай зэрэг зарим эрсдэлээс зайлсхийх шаардлага байгаа бололтой.
  • Хоёрдугаарт, Монгол, Хятад хоёр улсын язгуур ашиг сонирхол нь зарим талаар харилцан зөрчилдсөн, ялангуяа нийгэм соёл шашны өв уламжлалын асуудлууд дээр харилцан нэгнээ хохироож байна. Бээжингийн зүгээс Төвдийн салан тусгаарлагч гэж үздэг Далай ламтай Улаанбаатар ямар нэг холбоо сүлбээтэй байгааг Хятад улс хүсэхгүй байна. Уг зорилгодоо хүрэхийн тулд Хятадын зүгээс элдэв зүйл хийж байгаад олон монголчууд Хятадыг Монголын дотоод соёл нийгэм шашны хэрэгт зүй бусаар хөндлөнгөөс оролцож байна гэж хардах сэтгэгдлийг төрүүлсээр байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд Тагнуулын байгууллагаас Монгол Улсад тагнуул хийж байсан гэх үндэслэлээр гадаадын нэг иргэн(хэвлэлд мэдээлэгдсэнээр БНХАУ-ын иргэн гэх бөгөөд овог нэр тодорхойгүй Hua эсвэл Huo гэх), түүнтэй хамтран ажиллаж байсан гэх З.Санждорж тэргүүтэй монголын гурван иргэнийг саатуулж, цагдан хорьсон талаар өдөр тутмын “Өнөөдөр” сонин гэх мэтчилэн хэвлэл мэдээлэл сайтуудаар мэдээлэгдсэн. Монгол улсын иргэд шашны лам нарыг Хятадын талд ашиглагдсан гэх дээрх мэдээллүүд нь цацагдсанаар аравдугаар Богд Жавзандамба хутагтын хойд дүрийг Монголд залах ажилд Бээжингийн зүгээс хөндлөнгөөс оролцсон тухай асуудлыг дахин олон нийтийн анхаарлын төвд оруулав.
  • Гуравдугаарт, Монгол Улс ШХАБ-д албан ёсоор элсэхгүй бол Хятад улс гурван талын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг “хүсээгүй” байж магадгүй. Өнөөг хүртэл ШХАБ-ын гурван талт дээд хэмжээний уулзалт өнгөрсөн арван жилийн хугацаанд зургаан удаа зохион байгуулагдсан хэдий ч Монголын улстөрчид тус байгууллагад ажиглагчийн статусаа хадгалах байр сууриа нэг бус удаа илэрхийлж, бие даасан гадаад бодлого, хоёр талын харилцаагаа чухалчлан тэмдэглэсээр ирсэн. Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад 20 жилийн турш “нэгдэж” жинхэнэ гишүүн болохоос татгалзсаны дараа Орос, Хятад хоёр улсын бухимдал улам бүр нэмэгдэж магадгүй байна. Ийм нөхцөлд Хятад улс гурван талт дээд хэмжээний уулзалт, бүр хоёр талын уулзалтыг цуцалж оролцохоос татгалзаж байгаа нь Бээжингээс Монгол руу чиглэсэн хүчтэй дохио байж магадгүй юм.

Монгол Улс ШХАБ гишүүнээр элсэх эсэх асуудалд Орос, Хятад хоёр өөр байр суурьтай байгаа. Энэ оны тавдугаар сард ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад албан ёсоор элсэх дараагийн улс болох ёстой гэж Орос улс үзэж байна гэж онцолсон.

Астанад В.Путин У.Хүрэлсүхтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав. Дээд хэмжээний уулзалтаар Орос улс Монгол Улстай хамтран ажиллах талаар бүтээлч, эерэг ярилцсан ч Монгол Улсыг ШХАБ-ын салшгүй хэсэг, гишүүн болгохын төлөө тууштай байр сууриа илэрхийлсэн.

Ямартай ч Монгол, Хятад, Оросын гурван талт төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын механизмыг гурван талт Гадаад хэргийн сайд нарын түвшинд хүртэл бууруулсан бололтой. Энэ нь ирээдүйд өөр өөр хэлбэртэй байж болно. Өнгөрсөн оны аравдугаар сард, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргизстан улсад болсон ШХАБ-ын арга хэмжээний үеэр Монгол, Хятад, Оросын Ерөнхий сайд нарын гурван талт уулзалтын механизм бий болгох саналыг дэвшүүлсэн.

Энэ оны хоёрдугаар сард ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд А.Ю.Руденко орон нутгийн Тасс агентлаг хэвлэлд өгсөн ярилцлагадаа Орос улс уг саналыг сайшаан хүлээн авч, энэ оны 10 сард Пакистанд болох дараагийн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг гурван талт засгийн газрын тэргүүн нарын уулзалтын "хамгийн тохиромжтой газар" гэж санал болгов.

Европ, Азийн хөгжиж буй олон орны нэгэн адил Монгол Улс ч мөн Хятад, АНУ-ын олон салбар дахь дарамт шахалт, өрсөлдөөн болон Орос, Украины хооронд үүсээд буй өнөөгийн мөргөлдөөний улмаас үүссэн хүндрэлтэй тулгарч байна. Газарзүйн байрлалын хувьд Монгол Улс Хятад, Оростой хиллэдэг бөгөөд энэ нь тус хоёр улсын хамтын ажиллагаа, эдийн засгийн өсөлтөөс нь ашиг хүртэхээс гадна тэдний хэт их нөлөөнд нь санаа зовдог гэсэн үг. Үүний зэрэгцээ Улаанбаатар хот "гуравдагч хөрш"-тэйгээ ойр дотно харилцаатай бөгөөд АНУ, Европын холбоо болон бусад улс орнуудыг зайлшгүй хамтын ажиллагаа, солилцооны түнш гэж үздэг. Энэ хүрээнд гурван талт механизмыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг нь Улаанбаатарын өмнө тулгамдаж буй хүндрэлтэй асуудал болоод байна.

Гурван талт хамтын ажиллагааны өөр нэг сорилт маш хурдан ойртож байна. Ирэх жил Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ой тохионо.

2015 онд Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улс нь Бээжин, Москвагийн түүхт цэргийн жагсаалуудад оролцож байсан. 2025 онд гурван улсын эв нэгдлийн хамтын ажиллагааны энэ шоу дахин давтагдах болов уу?

Тус өгүүлэл The Diplomat сэтгүүлд 2024 оны долдугаар сарын 16-нд “Why Did China, Mongolia, and Russia Skip Their Trilateral Leaders’ Summit at This Year’s SCO Gathering?” нэртэйгээр англи хэл дээр нийтлэгдсэн.