Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч иргэн Н.Т хариуцагч "Х" ХХК холбогдуулж Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Би " Х" ХХК -тай 2019 онд "Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулах гэрээ" байгуулж Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа 80 айлын орон сууцны А блокоос 2 давхрын 47.18 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалсан. Энэхүү гэрээгээр захиалсан орон сууцны нийт төлбөр 50,000,000 (мкв-1,050,000₮ ) төгрөгөөр 100 хувь төлсөн боловч өнөөдрийг хүртэлх дээрх орон сууцыг шилжүүлж өгөхгүй байгаа бөгөөд гэрээний 4.1-д зааснаар уг орон сууцыг 2019.9.30-ний өдөр батлагдсан зургийн дагуу барьж захиалагч талд хүлээлгэж өгөх үүргээ биелүүлэхгүй бүтэн 3 жил өнгөрөөд байгаа юм.
2019.6.18-нд гэрээ байгуулсан. Уг барилга нь 90 хувийн гүйцэтгэлтэй бэлэн болох гэж байсан. 9 сард хүлээлгэж өгнө гэсэн тул мөнгөө 100 хувь төлсөн. Есдүгээр сарын 15-нд очиход халаалт авсан засал дууссан лифтнээс бусад нь бэлэн болсон байсан. 9 сарын 20-нд очиход жоохон хүлээчих гэсэн бөгөөд 10 сард очиход дахиад хүлээгээч гэсэн. 11 сард дахиад хүлээ гэсэн. 12 сард очиход удахгүй орно цар тахал гарлаа гэсэн. Утсаар холбогдоход санаа зоволтгүй л гэдэг байсан. Түүнээс хойш 2022 оны наймдугаар сард очиход гэрээ байгуулагдсанаас хойш юм нэмж хийгээгүй байсан. Одоо гэтэл Цементийн үнэ нэмэгдсэн тул м.кв-н үнэ нэмэгдсэн, мөнгө нэмж төл төлөхгүй бол байрыг чинь зарлаа гээд байгаа. Зээлийн барьцаанд байгаа гэх боловч баримтыг нь үзүүлээгүй.
Материалын үнэ өссөн гэх боловч гэрээ байгуулагдсанаас хойш ажил хийгдээгүй. Иргэний хуулийн 110 дугаар 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, 243 дугаар зүйлийн 243.1-д “...худалдагч нь эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус зааснаар иргэн Н.Т миний бие нь худалдан авсан орон сууцаа өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй орон сууц байгуулсан үеийн барилгын материалын үнэ, гадаад валютын үнэ ханш орон сууцыг барих явцад огцом өсөж (Жишээ нь: цементийн үнэ 5 дахин нэмэгдэж өссөн) Захиалагч нараас татаж авсан мөнгө орон сууцыг барьж дуусгахад хүрэлцэхгүй болж орон сууцыг 70% -д хүргээд зогссон.
Энэ үед компани Хан Алтайн нуруу ББСБ-д хандан 70%-ийн гүйцэтгэлтэй орон сууцыг бүхэлд нь барьцаалж орон сууцыг барьж үргэлжлүүлсэн. Одоо уг орон сууц зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа болно. Иймд барьцаанд буй орон сууцыг өмчлөхөөр тогтоох боломжгүй юм. Нэхэмжлэхийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
... Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Иймд захиалагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд гүйцэтгэгч нь нэг талын санаачилгаар гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхгүй.
Иймд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх тул хариуцагч нь уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй.
Хариуцагч нь маргаж буй барилгыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан гэж маргасан. Гэвч энэхүү байдал нь нэхэмжлэгчийн шаардах эрхгүй хязгаарлахгүй боловч барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй. ...
Шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн байна.
Үнэнхүү шүүхийн шийдвэрийн агуулгыг товчлон бичсэн болно.
Эх сурвалж: www.shuukh.mn
Хууль, эрх зүйн зөвлөгөө