Зураг
Зураг
Индэр    
2023 оны 11 сарын 20
Зураг
Олон улс судлаач, эдийн засагч

Хятадын гурван хөрш тэд ямар хамтын ажиллагааг онцлов?

Зураг

Монгол, Вьетнам, Лаос бол Хятадтай хөрш зэргэлдээ орших гурван орон бөгөөд “будаа болон морь”-ны дипломат харилцааг өөр хоорондоо өрнүүлж, энэ удаагийн айлчлалаар Монгол тус хоёр оронтой олон салбарт харилцаагаа бэхжүүлэв. Монгол Улс Зүүн өмнөд Азийн орнуудтай харилцаагаа ойртуулж байгаа нь хүнс хөдөө аж ахуй, гадаа бодлого батлан хамгаалах аюулгүй байдал зэрэг олон салбарт цаашид чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зүүн өмнөд Ази дахь айлчлалын эхний зогсоол нь Вьетнам улс бөгөөд 2024 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан харилцааг шинэ шатанд гаргахаар хийж буй айлчлал гэж харж болохоор байна. Айлчлалын талаар хоёр талын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар Вьетнамын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг 2024 онд Монгол Улсад айлчлах үед хоёр орны харилцааг шат ахиулж иж бүрэн түншлэлийн харилцаанд шилжүүлэхээр тохиролцов.

Одоогоос 70 шахам жилийн өмнө буюу 1954 онд Монгол, Вьетнам улс дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс нь БНХАУ, Хойд Солонгосын дараа Хо Ши Минийн дэглэмийг хүлээн зөвшөөрсөн Азийн гурав дахь орон юм. Вьетнамын дайнд Монгол Улс шууд оролцоогүй ч Умард Вьетнамыг дэмжиж, 100 мянган адуу, үхэр, хонийг эд материалын тусламж болгон өгч байсан. Дайны дараа Монгол мөн Вьетнамын дайны өнчин хүүхдүүдийг хүлээн авч байжээ.

БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дам /Doan Khanh Tam/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнамд хийсэн айлчлал нь Улаанбаатарын “Гуравдагч хөрш” бодлоготой нийцэж буй ба хоёр орны харилцааны 70 жилийн түүхэнд шинэ хуудас нээж буй чухал үйл явдал болсныг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг /Nguyễn Phú Trọng/, Ерөнхийлөгч Во Ван Тыөнг /Võ Văn Thưởng/, Ерөнхий сайд Фам Минь Чинь /Phạm Minh Chính/, Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ /Vương Đình Huệ/ нартай уулзалт хэлэлцээ хийж, мөн Монгол-Вьетнамын бизнес форумд оролцов. Айлчлалын хүрээнд хоёр тал хамтын ажиллагааны 6 гэрээнд гарын үсэг зурж, хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Вьетнамын улс төрийн “дөрвөн тулах багана” удирдагчидтай Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзалт хэлэлцээ хийж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааны талаар санал солилцож, нийтлэг ойлголтод хүрсэн. Энэ нь Вьетнам улс ч Монгол Улстай харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгааг харуулав.

Хоёр тал НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, Дэлхийн худалдааны байгууллага, Ази Европын бага хурал, АСЕАН-ы бүс нутгийн форум (ARF), ЮНЕСКО, "Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын хурал, Ази Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (APG) зэрэг нийтлэг анхаарал хандуулж буй бүс нутаг, олон улсын форумд нягт хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгийг үзүүлэхээр тохиров. Монгол улс Вьетнам улсыг 2023-2025 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөл, ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны гишүүнээр 2022-2026 он хүртэл гишүүнээр томилохыг дэмжсэн.

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцид оролцогч талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахыг Вьетнам улс дэмжиж байгаагаа илэрхийлэв. Талууд Өмнөд Хятадын тэнгист энх тайван, аюулгүй байдлыг хангах, маргаантай асуудлыг НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомж, түүний дотор  1982 оны Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц (UNCLOS 1982)-д нийцүүлэн энхтайвны арга замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв. Мөн Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/ дотор Монгол, Вьетнам багтах алс дорнодын бүсийн салбарт хамтын ажиллагаанд харилцан нэгнээ дэмжих зэргийг онцлов.

Түүхэн, уламжлалт харилцаанаас гадна сүүлийн үед Монгол, Вьетнамын харилцаа дараах байдлаар хөгжиж байна.

Нэгдүгээрт, хоёр орны аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа маш идэвхтэй явагдаж байна.

2010 онд тухайн үеийн Батлан хамгаалахын сайд асан Л.Болд тэргүүтэй цэргийн өндөр албан тушаалын төлөөлөгчидтэй 12 дугаар сард Ханойд айлчилсан. Энэ үеэр хоёр сайд цаашид хоёр цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон юм. Тухайн оны аравдугаар сард Ханой хотноо АСЕАН-ы Батлан хамгаалахын сайд нарын өргөтгөсөн уулзалтыг (ADMM+) анх удаа амжилттай зохион байгуулсанд тухайн үеийн генерал Фун Куан Тан /Phùng Quang Thanh/ болон Вьетнамын Батлан хамгаалах яаманд Монголын тал баяр хүргэв. Дараа нь 2011 онд Вьетнам улс анх удаагаа ажиглагчаа илгээж “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцов. Харилцаа улмаар өргөжиж улмаар Монгол, Вьетнамын Батлан хамгаалах яам хооронд 2013 онд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, төлөөлөгчдийн айлчлал, сургалт, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, байгалийн гамшгийн хор уршгийг арилгах зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх тохиролцоонд хүрч байсныг дурдах нь зүйтэй.

Хэдэн жилийн дараа буюу 2019 онд Монгол Улс, Вьетнам улсууд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны харилцаа, харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчилж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Вьетнамын Зэвсэгт хүчний ахмад Хуон Ву /Huong Vu нь Вьетнамын Энхийг сахиулах албаны штабын офицероор ажиллаж байгаа бөгөөд тухайн жилийн “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцож байв. 2022 оны 12 сард Монголын талын төлөөлөгчид айлчилж байсан бол 2023 оны 10 дугаар сард Вьетнам Улсын Батлан хамгаалахын сайд Фам Ван Зианг /Phan Văn Giang/ Улаанбаатарт айлчилж, Монгол Улс, Вьетнамын батлан хамгаалах яам хооронд төлөөлөгчдийн айлчлал хийх тухай хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурсан. Энэ бол Вьетнамын Батлан хамгаалахын сайдын Монгол Улсад хийж буй анхны албан ёсны айлчлал байв.

Хоёр орны харилцаа хөгжихийн хэрээр Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын яам, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамтын ажиллагааны харилцаа сүүлийн жилүүдэд ахиж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид 2018, 2023 онд Вьетнамд хоёр ч удаа айлчилсан гэдгийг онцлох хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Вьетнам Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хооронд боловсон хүчин бэлтгэх, стратегийн мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа Хөдөлгөөнт цагдаагийн газрын дэргэд байгуулагдсан Морьт цагдаагийн хороо байгуулахад тусалсанд Вьетнамын тал Монгол Улсад талархаж байгаагаа илэрхийлсэн.

Хоёрдугаарт, хоёр тал эдийн засаг, худалдааны харилцаа, ялангуяа хөдөө аж ахуй, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж байна.

Хэдийгээр Монгол, Вьетнамын худалдааны хамтын ажиллагаа газар зүйн бэрхшээлээс хязгаарлагдмал хэвээр байгаа ч хоёр орны худалдааны хамтын ажиллагаа нэлээд эрчимтэй хөгжиж байгааг Монголын статистик мэдээллээс харж болно. 2021 онд хоёр талын худалдааны хэмжээ 81 сая ам.доллар, 2022 онд 85 сая ам.доллар, энэ оны эхний арван сард 92 сая ам.долларт хүрэв. Эндээс харахад энэ оны эцэс гэхэд хоёр талын худалдааны нийт хэмжээ 100 сая ам.доллар давна. Хоёр тал ойрын хэдэн жилд хоёр талын худалдааны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 200 сая ам.долларт хүргэх зорилтод хүрэхийн тулд шаргуу ажиллахаар тохиролцов.

Вьетнам нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, Вьетнамын тал далайн бүтээгдэхүүн, барилгын материал, ялангуяа будаа, элсэн чихэр, хүнсний тос, боловсруулсан хүнс гэх мэт Монголын хэрэгцээг хангах боломжтой. Вьетнамд харин үйлдвэрлэлийн орц нүүрс, зэс зэрэг түүхий эд, ноос ноолуур нэхмэл эдлэл, хувцас, гутал, мах махан бүтээгдэхүүн зэргийг Монголоос нийлүүлэх боломжтой байдаг.

Тус айлчлалаар Монгол, Вьетнам улс цагаан будааны тогтвортой худалдаа хийх тухай санамж бичигт гарын үсэг зурсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Монгол Улсын статистик мэдээллээр 2022 онд Монголын цагаан будааны импортын хэмжээ 60 орчим мянган тонн байх бөгөөд үүний тал хувийг Хятадаас, дөрөвний нэгийг Вьетнамаас импортолсон байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улс Вьетнам улсаас жил бүр 30 мянган тонн хүртэл органик сайн чанарын цагаан будаа худалдан авч Монголын зах зээлд нийлүүлэх боломж бүрдэж байна. Холбогдох мэдээгээр, Вьетнамын цагаан будааны үйлдвэрлэл 2023 онд 40 сая тонн давж, экспортлох хувь хэмжээ дор хаяж 7.5 сая тонн байх төлөвтэй байна. Монголын жилийн 100 мянган тонноос бага цагаан будааны хэрэгцээ Вьетнамын хувьд тийм ч боломжгүй хэцүү зүйл биш юм.

Гуравдугаарт, Соёлын солилцоо, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжин хөгжих ирээдүйтэй байна.

Айлчлалын хүрээнд аялал жуулчлалын хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс хоёр улсын энгийн паспорттой иргэдийг харилцан визгүй зорчуулахаар баримт бичигт гарын үсэг зурав. Вьетнам, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан “АэроМонголия” болон “Вьетжет Эйрлайнс” компани Вьетнам, Монголыг холбосон анхны шууд нислэгийг албан ёсоор эхлүүлж, хоёр орны хооронд харилцаа, хамтын ажиллагаа, харилцан солилцох таатай орчин бүрдүүлэв. Монгол Улсаас Вьетнамд суугаа Элчин сайдын яамнаас жилд 18 мянга орчим Вьетнам жуулчин Монголд зорчдог, мөн Монгол Улсаас 1,800 гаруй монгол жуулчид Вьетнам руу ирсэн талаар мэдээлж, цаашид аялал жуулчлал иргэдийн солилцоог нэмэгдүүлэх бололцоотой талаар онцлов.

Ерөнхийлөгчийн айлчлалын хоёр дахь зогсоол нь Лаос юм. Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид хоёр орны олон жилийн найрсаг харилцааг бэхжүүлэх зорилготойгоор 11 дүгээр сарын 5-ны өдөр Вьентьян хотноо төрийн айлчлал хийхээр очсон. Ерөнхийлөгч Вьетнам Айрлайнс онгоцоор Вьентьян хотод буусан нь гурван улсын харилцаа онцгой найрсаг гэдгийг бас харуулна. Өнгөрсөн онд Монгол, Лаос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, олон арга хэмжээг зохион байгуулсан.

Сүүлийн хэдэн жил Монголын тал Лаос улсад дэмжлэг үзүүлж, ялангуяа Шиен Хуан /Xieng Khuang/ муж, Фонсаван /Phonsavanh/ дүүрэгт байрлах Лаос-Монголын найрамдлын эмнэлгийг тохижуулж, 2018 онд Лаосын Ардын армид 1050 толгой хонь хандивласанд Монгол Улс талархдагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр, ирэх онд Лаос улс АСЕАН-ыг даргалах талаар тус улсын ерөнхийлөгч Тонглун Сисүлит /Thongloun Sisoulith/, Ерөнхий сайд Сонсай Сипандонг /Sonexay Siphandone/,Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан /Saysomphone Phomvihane/ удирдагчид мэдээлээд Монголын бизнес эрхлэгчдийг Лаосын боломжит бүс нутаг, ялангуяа Лаос-Хятадын төмөр замын дагуух хөдөө аж ахуй, ложистик, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулахыг урьсан мөн тодорхой тооны хэлэлцээрүүдэд гарын үсэг зурав. Мөн 11 жилийн өмнө Лаос нь ДГХБО-ын ОУСТ байгуулах Олон талт хэлэлцээрт нэгдэн орсон хамгийн анхдагч улсын нэг бөгөөд цаашид ч Улаанбаатар хотод төвтэй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв”-ийн үйл ажиллагаанд улс төр, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. БНХАУ-тай дамжин өнгөрөх тээврийн талаар Монгол, Лаос, Хятад гурван талт яриа хэлэлцээ өрнүүлэх тал дээр идэвхийлэн хамтран ажиллахаа талууд уулзалтын үеэр онцлов.

Монгол Улстай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг ахиулах тал дээр Лаос улс Вьетнамаас ялгаатай, ялангуяа цагаан будаан дээр хамтын ажиллагаан дээр. 2012 онд Лаос улс 10 мянган га газрыг Монголд будаа тариалах зориулалтаар түрээслэх, Саваннакет /Savannakhet мужид байрлах Саван-СЭНО /Savan-Seno SEZ/ эдийн засгийн тусгай бүсэд 5-20 га газрыг мөн арилжааны зарчмаар түрээслүүлэх талаар мэдэгдэж байсан. Хоёр тал газар түрээслэх талаар арав гаруй жил ярилцсан ч будаа тариалах болон мод боловсруулах төсөл нэг ч удаа хэрэгжээгүй. Магадгүй тус газарт цагаан будаа тариалах боломжгүй бол халуун орны гадил, манго г.м жимс, жимсгэнэ тарьж ашиглах бололцоотой.

Монгол Лаос хоёр орон 2022 оны 12 сард, Батлан хамгаалах яамд хооронд харилцан ажиллах санамж бичиг байгуулснаар хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан. 2023 оны 6 сард, Лаосын Ардын Зэвсэгт хүчний төлөөлөгчид “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд анх удаа оролцсоныг онцлох нь зүйтэй.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд Жансамон Жаняалад /Chansamone Chanyalath/ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Өнгөрсөн 9 сард БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад 11 жилийн дараа амжилттай айлчлал зохион байгуулсан талаар дурдаад хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг талууд тэмдэглэв.

Юутай ч Монгол Улс сүүлийн хэдэн жил Зүүн өмнөд Азийн орнуудтай улс төр, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхэд маш идэвхтэй хандсан. Вьетнам, Лаос зэрэг Монголтой уламжлалт найрсаг харилцаатай коммунист орнуудтай харилцаагаа бэхжүүлэв. Хамгийн чухал нь Индонез, Сингапур, Тайланд зэрэг тус бүс нутгийн гол тоглогчидтой хүчтэй шинэ харилцаа тогтооход ихээхэн анхаарсан харагдана.

Монгол Улс Зүүн өмнөд Азийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэх нь дараах хэд хэдэн ашиг тустай. Нэгдүгээрт, байгалийн гаралтай ашигт малтмал, малын мах дайвар бүтээгдэхүүний шинэ тутам зах зээлтэй болж, тус бүс нутгийн түншүүдээс өргөн хэрэглээний бараа, өндөр технологийн бүтээгдэхүүнийг худалдан авах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах боломжтой болно. Хоёрдугаарт, Зүүн хойд Азид нэр хүндээ өсгөхөд Зүүн Өмнөд Азитай харилцаагаа хөгжүүлэх чухал болно. БНХАУ, ОХУ-ын нөлөөллийн Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Евразийн эдийн засгийн холбооноос гадна АСЕАН бол Монгол Улсын бүс нутгийн эдийн засаг улс төрийн интеграцын гол байгууллагуудын нэг юм.

АСЕАН-тай ойртвол Монгол Улс нь Хятад, Япон, Өмнөд Солонгос, түүнчлэн АНУ, Орос зэрэг бүс нутгийн том гүрнийг тэнцвэржүүлдэг бүс нутгийн нөхцөл байдал дэг журмын талаар илүү ойлголттой болно. Үүнээс гадна Сингапур, Тайланд, Индонез зэрэг Зүүн өмнөд Азийн “томоохон эдийн засгууд” нь АНУ, Япон, Австрали зэрэг барууны эдийн засгийн гүрнүүдтэй хэрхэн илүү сайн харьцаж, жижиг алслагдсан Монгол байрлах Азийн хойд бүс нутагт урт хугацааны ашиг сонирхлыг хэрхэн бий болгох талаар Монголд зааж өгөх боломжтой. Эцэст нь хэлэхэд, Монгол болон Зүүн Азийн ихэнх орнууд Хятадын улс төр, цэргийн өсөлт хөгжил, эдийн засгийн асар их нөлөө, холбоотой шууд болон шууд бус ирж буй эрсдэл боломжуудтай тулгарч байна. Иймд бүс нутгийн хурцадмал байдал, мөн хүйтэн дайны үеийн шийдэгдээгүй мөргөлдөөн, 21-р зууны их гүрнүүдийн стратегийн эрх мэдэл, нөлөөллийн төлөөх ширүүн өрсөлдөөнийг хэрхэн намжаах талаар эдгээр Зүүн Өмнөд Азийн улс орнууд болон Монгол Улс хоорондоо мэдээлэл харилцан хуваалцах, ярилцах зүйлс их байна.

Ирэх 10 жилийн хугацаанд Монголын Ази дахь гүйцэтгэх үүрэг тодорхой болж, АСЕАН болон Зүүн Өмнөд Азийн орнууд Монгол Улсын хувьд гадаад, аюулгүй байдлын бодлогод төдийгүй олон салбарт, тухайлбал хүнс хөдөө аж ахуй болон иргэдийн солилцоонд улам бүр нөлөөтэй болох төлөвтэй. Орос, Украины хооронд үүссэн өнөөгийн мөргөлдөөний улмаас олон улсын тодорхойгүй нөхцөл байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа нь Монголд тус 700 гаруй хүн ам бүхий динамик өсөлттэй тус бүс нутагтай ойр харилцах аюулгүй байдал, гадаад бодлогын цаг үеийн нөхцөл шаардлага, боломж сорилтыг үүсгэж байна.