Зураг
Зураг
Индэр    
2023 оны 10 сарын 2
Зураг
Хүний эрх хамгаалагч

Ахмад настны эрхийг сахин хамгаалах нь

Зураг

-Ахмад настны олон улсын өдөрт зориулав-

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын зүгээс Ахмад настны олон улсын өдөр хэмээн тэмдэглэж, дэлхий өнцөг булан бүрд байгаа ахмад настны эрхийг баталгаажуулж, сахин эдлүүлэх талаар онцгойлон анхаардаг билээ.

Өнөөдөр амьдарч байгаа төдийгүй ирээдүйд ахмад настан болох хүн нэг бүрийн сайн сайхан, амар амгаланг бий болгохын ач холбогдлыг тус өдөр тухайлан үзэж, олон нийтэд сурталчлан таниулж иржээ. Энэ жил буюу 2023 онд 33 дахь жилдээ Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ойг угтахын хамт “Хүний эрхийн түгээмэл тунхаглалд амласан ахмад настны эрхийг эдлүүлэх нь” сэдвээр тэмдэглэж байна.

Дэлхий дахинд 2019 оны байдлаар 65 болон түүнээс дээш насны 703 сая хүн байсан ба Зүүн болон Зүүн Өмнөд Ази 261 сая буюу бусад тивээс харьцангуй их ахмад настантай байжээ. Ахмад настан 1980 онд 260, 2021 онд 761 сая бүртгүүлсэн бол 2050 оны 1.6 тэрбум хүрэх төлөвтэй буюу хоёр дахин нэмэх дүр зураг бий. Мөн 80 болон түүнээс дээш настай хүмүүсийн тоо ч эрчтэй өсөж байгаа билээ. Хүүхэд 2022 онд төрсөн бол дунджаар 71.7 жил амьдрах тооцоо байгаа нь 1950 онд төрсөн хүүхдээс 25 жилээр илүү байна.

Ерөнхийлөн дүрслэхэд:

  • Хүн төрөлхтний арван хүн тутмын нэг нь 2021 онд ахмад настан байсан бол 2050 он гэхэд зургаан хүний нэг нь ахмад байх ажээ.
  • Европ, Хойд Америкт ахмад настан олноор оршин сууж байна.
  • Цаашид 2050 онд Европ, Хойд Америкийн хүн амын 27 хувь, дэлхийн амын 17 хувь нь 65 болон түүнээс дээш настан болно.
  • Эмэгтэйчүүд эрчүүдээс урт наслах төлөвтэй ба дэлхий даяар 1950 онд эмэгтэйчүүд дөрөв орчим жил урт насалдаг байсан бол 2021 оны байдлаар тав гаруй жилээр урт насалдаг болсон байна.
  • Хөдөлмөр эрхлэх ахмад настан (55-64 хүртэлх насны) 2021 онд 723 сая байсан бол 2050 онд 1.075 тэрбум, 2100 онд 1.218 тэрбумд хүрэх тооцоо байдаг.
  • Дэлхий дээр тав хүртэлх насны хүүхдээс хоёр дахин их тооны 65 болон түүнээс дээш настан аж төрнө.

Үүнтэй уялдан хүүхэд, охид, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ЛГБТИК+, нийгмийн бүлгийн цөөнхтэй адил ахмад настан, тэдний эрхийн талаар ярих ёстой эсэх асуудал үүснэ. Олон улсын хэм хэмжээ, жишиг боловсруулахдаа тухайн улсын нийгэмд хамгийн эмзэг бүлэг хэн байгааг тусгайлан судалж, тэдний сайн сайхан амьдрах нөхцөл, боломж, бололцоо бүрдүүлсэн эсэхийг нягталдаг. Эсрэгээрээ нийгэмд адлуулж, гадуурхаж, алагчилж байвал тухайлан эрхээ эдлэх нөхцөл бүрдүүлэх үүргийг тухайн улсын Төрд хууль зүйн болон ёс суртахууны үүднээс ногдуулдаг. Жишээлбэл Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, Жогжакартагийн зарчим гэх мэт.

Шинжлэх ухааны талаас үзвэл эсийн түвшинд хүний бие махбод нөхөн сэргэхээ больж, хүн хөгширдөг билээ. Ийнхүү урт хугацааны явцад бие махбодын болон оюуны чадамж бууран, өвчин тусах эрсдэл өсөхийн хамт амьдралын нугачаа, өөрчлөлт ахмад настанд хүчтэй нөлөөлдөг. Тэтгэвэрт гарах, төрсөн гэр, амьдрах газраа өөрчлөх, орон байраа солих, хань ижил, найз нөхөд, хамаатан садан, ойрын хүнээ алдах гэх мэт.

Мөн насаар алагчлах үзэл (ageism) дэлхийн өнцөг булан бүрд тохиох тул үүнээс сэргийлэх, хамгаалахын тулд дэлхийн хэмжээний жишиг шаардлагатай болж байна. Тодруулбал Роберт Н. Батлер өөрийн бүтээлдээ анх “насаар алагчлах үзэл нь арьсны өнгө, жендэрт суурилан арьс үндэс, хүйсээр алагчлахын нэгэн адил хүнийг хөгшин гэх үндэслэлээр тогтолцооны шинжтэй хэвшмэл үзэлд барин харах, нэг бол ялгаварлан гадуурхах” гэж тодорхойлжээ. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2021 онд гаргасан тайландаа насаар алагчлах үзлийн хэмжигдэхүүн нь хүн дотогшлуулсан (өөрийгөө чиглүүлсэн), хүн хоорондын, институцийн шинжтэй хэмээн нарийвчлан зааглажээ.

Өнөөдөр хоног өдөр өнгөрөх бүр ахмад настны эрхийн зөрчил, ялгаварлал, адлал өсөн нэмэх магадлалтай учир нөхцөл байдлыг урьдчилан тодорхойлж, ахмад настны эрхийг баталгаажуулах шаардлагатай байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын зүгээс Ахмад настанд зориулсан зарчим боловсруулж, эн тэргүүнд юу анхаарах талаар цохон тэмдэглэжээ. Үүнд:

  • Бие даасан, хараат бус байдал (Амьдралын аль ч үед зохистой хоол хүнс, орон сууц, хувцас, эрүүл мэндийн үйлчилгээг өөрийн орлогоор хүртэх, хөдөлмөрлөх, гэр бүл, хамт олон, өөрийн туслалцаанд тулгуурлан авах, сурах, хөгжих, чадавхаа нэмэгдүүлэх боломж хангасан байх)
  • Оролцоо (Нийгмийн амьдралд идэвхтэй, утга учиртай оролцох, залуу үедээ өөрийн мэдлэг, ур чадвараа хуваалцах, нэгдэх)
  • Асаргаа, халамж (соёлын үнэт зүйлсэд тулгуурлан ахмад настныг халамжлах, дэмжих, тэтгэх, тухайн хүний бие даасан, хамгаалуулсан, халамжлуулсан байх нөхцөл бүрдэх)
  • Өөрийн ханамж (Тухайн хүн өөрийн боломж, бололцоог бүрэн нээхүйц орчинд аж төрөх, өөрийн сурах, соёл, амралт, итгэл үнэмшлээ дагах нөөцтэй байх)
  • Хүний эрхэм чанар (Ямарваа нэгэн мөлжлөг, зүй бус үйлдэл, ялгаварлан гадуурхалтаас хамгаалуулсан байх гэх мэт)

Олон улсын түвшинд ахмад настны эрхийг хүлээн зөвшөөрөх, хамгаалах чиглэлээр сүүлийн жилүүдэд санал, санаачилга улам эрчимжиж байгаа нь биднийг зорин ирэх ирээдүйд та ахмад настны хувиар амьдарч чадах уу гэсэн асуултад хариулж байгаа хариулт гэж болно. Манай улсын нийгэм төдийгүй дэлхий дахинд та 65 болон түүнээс дээш настай үед амьдрахыг хүсэх, эс хүсэх нь сайн сайхан, амар амгаланг цогцлоосонтой шууд холбоотой.

Иймд таны, бидний ирээдүйд туулах ахмад настны үе маань эрхийн хувьд баталгаажуулсан, орчин нөхцлийн хувьд таатай, хэнээс ч хамааралгүй, хэний ч гар гарахгүй, өөрийн үлдсэн амьдралаа өөрөө шийдэх боломж бүрдсэн байхаар хэмжин харахад Ахмад настны эрхийн тухай конвенц чухал үүрэгтэй ажээ. Иймээс манай улсын төрийн зүгээс өөрийн үндэсний болон бүс нутгийн боломжит ирээдүйг урьдчилан харж, дэлхий дахинд өрнөж байгаа ахмад настны эрхийг сахин хамгаалах зорилготой хөдөлгөөнд манлайлан оролцох нь зүйтэй.